
2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Шинэгэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1.0 хувь болгож бууруулах” асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг үүсгэн, уг өргөдлийг 100,187 иргэн гарын үсэг зурж, дэмжсэн асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт өргөдлийг шилжүүлсэн. Ажлын хэсэг иргэний гаргасан өргөдлийн асуудлаар онол, практикийн түвшинд нарийвчилан судалж, хувь хүний албан татвартай холбогдох хууль тогтоомж, харьцуулсан судалгаа, лавлагаа, мэдээлэл болон олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмжтэй танилцсан гэлээ.
Мөн хувь хүний орлогын албан татвар нь эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих, өрийн тогтвортой байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын салбар дахь төрийн үйлчилгээ, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх зэрэгт чухал үүрэгтэйгээс гадна орлогын тэгш хуваарилалтад нөлөөлж байдгийг дурдаад 2022 оны Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын жилийн татвар ногдуулах орлогын дүнд тодорхой хувь хэмжээгээр албан татвар ногдуулах өөрчлөлтийг тусгасан гэв.
Судалгаагаар хувь хүний орлогын албан татвар нь нь 2024 оны байдлаар нийт татварын орлогын 9.6 хувийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Уг татварын орлогын 78-80 хувийг цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, бүрдүүлж байна. Олон улсын байгууллага (ОУВС, Дэлхийн банк, OECD)-аас хөгжиж буй орнуудад хүмүүн капитал, чадварыг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, татварын системийг илүү прогрессив болгохыг зөвлөсөн байдгаас гадна ерөнхий, бүх нийтэд хамаарах татварын бууралт хийх нь үр ашиггүй, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ихтэй, мөн хувь хүний орлогын албан татварыг бүх түвшинд ижил болгож, шатлалгүй хувь хэмжээтэй байх нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай байдаг талаар ч дурдсан байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа тодотголоо.
Иргэний гаргасан өргөдлийн дагуу албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох тооцооллыг хийж үзэхэд сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын орлого 2.6 их наяд төгрөгөөр буурч, улсын төсөвт нөлөө үзүүлэхээр байна. Иймд дээр дурдсан хууль тогтоомж, олон улсын байгууллагын зөвлөмж, судалгаанд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх Монгол Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 2.3-т заасан “Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд албан татвар төлөгчийн орлогод ногдуулах жилийн албан татварт орлогоос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан байх боловч уг татварын хөнгөлөлт нь хүний наад захын хэрэгцээг хангахад шаардагдах орлогыг бүрдүүлэхэд хангалттай дэмжлэг болохуйц биш байх тул Үндсэн хуулийн Оршил хэсэгт дурдсан хүмүүнлэг нийгмийн зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох шаардлагатайг дурдах нь зүйтэй.” гэснийг удиртгал болгон нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг онцолсон.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын байр суурийг уншиж, танилцууллаа.

Сэтгүүлч