З.Баянсэлэнгэ: ”О.Баасанхүү гишүүний авир хэрээс хэтэрч байна”
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2014.01.10

З.Баянсэлэнгэ: ”О.Баасанхүү гишүүний авир хэрээс хэтэрч байна”

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед МАХН-ынхан гал тогоондоо нэлээн бужигнаантай байгаа бололтой. Тухайлбал, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү гишүүн хоёрын маргааныг хэвлэлийнхэн онцолж байна. МАХН-ын гишүүн таны хувьд энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ талаар хэвлэлүүд нэлээн шуугиж байх шиг байна. Гэхдээ би нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Зүгээр л хүмүүсийн хооронд болсон жижиг, сажиг хэрүүлийг дэвэргэж, хэн нэгэн өдөөн турхираад ч байгаа юм шиг нэг л сонин дүр зураг харагдаад байгаа юм. Улс төрийн намд байгаа хүмүүсийн хооронд тиймэрхүү үл ойлголцол зөндөө л гардаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, зүгээр л хувь хүмүүсийн зан араншинтай холбоотой зүйл. Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд Баасанхүү гишүүний гаргаж байгаа энэ зан араншин хэрээс хэтэрч байна.

Аливаа нам улс төрийн хүчинд намын дэд даргатайгаа үл ойлголцох зүйл бишгүй л гарна биз дээ. Хэн ч, хэнтэйгээ маргалдаж болно. Гэтэл ийм зүйлийг дэвэргэж, өөгшүүлж байгаа нь буруу. Нөгөө талаар энэ нь өрсөлдөгч нам хүчнүүдэд өгөөш болох магадлалтай. Үүнийг Баасанхүү гишүүн маань бодох ёстой шүү дээ. Хоорондын хэрүүл маргаанаа намын хэмжээний том болгож дэвэргэж болохгүй.

Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн маргаан намын хэмжээнд яригддаг байх нь зохимжгүй гэсэн үг л дээ. Баасанхүү гишүүн ийм зан араншин гаргасан нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс үүнийг эсрэгээр нь намын хэмжээнд ярих нь зөв. Уг нь МАХН дотор бужигнаад, хагаралдаад байгаа зүйл байхгүй. Эрүүлээр маргалдах зүйл бол улстөрчдийн хооронд байлгүй л яахав.

-Д.Тэрбишдагва О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн юм биш үү?

Энэ асуудалд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгаа.

-Би дээр хэлсэн шүү дээ. Энэ асуудалд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгаа. Угаасаа тухайн хүмүүсийн хэн нь, хэн бэ гэдгийг олон нийт мэдэж байгаа байлгүй дээ. Баасанхүү гишүүн бол хурц ааштай, бодож санаж байгаа зүйлээ шууд хэлчихдэг ийм зантай хүн. Харин түүнийг Д.Тэрбишдагва дарга хөөсөн тухайд огтхон ч сонсоогүй юм байна. Би МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн учраас бодлого шийдвэр гаргахад оролцох ёстой. Тиймээс энэ мэдээллийг ор үндэслэлгүй зүйл гэж баттай хэлж байна. Угаасаа зүгээр л маргалдах төдийд намаас хөөгддөг зүйл гэж юу байхав дээ.

-Гэхдээ тэр хоёр юунаас болж маргалдсан юм бол. Та тэдэнтэй уулзсан уу?

-Яг юунаас болж маргалдсан талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хоорондоо юм ярьж сууж байгаад л маргалдсан юм болов уу л гэж ойлгож байна. Одоогоор Тэрбишдагва, Баасанхүү хоёрын хэн хэнтэй нь уулзаагүй явна. Яг нарийн, ширийн зүйлийг хэлж мэдэхгүй л байна. Ямар ч гэсэн маргалдсан талаар намынхаа гишүүдээс сонссон.

-Эсвэл Д.Тэрбишдагва МАХН- ын дарга болох гээд байна уу?

-Хүмүүс тэгж хардаад байгаа юм шиг байна лээ. Гэхдээ хардах бол тэдний эрх шүү дээ. Тэр ч бүү хэл дотроо байгаа хүмүүс нэг нэгийгээ хардаад янз бүр болоод байхад. Бас үндэслэлтэй хардмаар байгаа юм аа. Өнөөдөр МАХН- ын дарга Н.Энхбаярын биеийн байдал төдийлөн сайжраагүй байна. Эргээд улс төрд орох, эсэх нь бүрэн шийдэгдээгүй байгаа. Мөн өнгөрсөн сонгуулийн үргэлжлэл явж байна. Энэ бүхнээс хамаараад намын дарга солигдох байх гэсэн таамаг яригдаж байж магадгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд намын даргын асуудлыг ярих хугацаа нь болоогүй. Тийм хурдан шийдчих асуудал биш.

-МАХН-ын гишүүд байнга л Солонгосыг зорих боллоо гэх юм. Та намын даргатайгаа ойрын үед уулзсан уу?

-Даргын биеийн байдал тодорхой хэмжээнд сайжирч байгаа гэх мэдээлэл байгаа. Би намын даргатай уулзаагүй удаж байна.

-МАХН-д болж байгаа үйл явдлыг Н.Энхбаяр зохион байгуулаад байгаа гэлцэх юм?

-Намын даргын хувьд улс төрийн чиглэл өгөх нь тодорхой шүү дээ. Гэхдээ Д.Тэрбишдагва, Баасанхүү хоёрын хэрүүл маргаанд ямар ч холбоогүй.

-Та өнгөрсөн нэг жилийн хугацаанд НББСШУ-ны байнгын хороог ахалж байгаад саяхан ажлаа өглөө. Гэхдээ эрх баригчид өөрсдөө нэг ч байнгын хороон даргаа сольсонгүй, улираан томилсон. Үүнд та шүүмжлэлтэй хандаж байгаа юм билээ.

Алдаа дутагдал гаргаж байгаа байнгын хороодын дарга нараа солих л хэрэгтэй байсан юм.

-Байнгын хорооны даргын ажлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар нэг жилээр болон улираан хийлгэж болдог. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд Нийгмийн бодлого боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороог ахалж ажилласан. “Шударга ёс” эвслийн хувьд байнгын хороогоо муу ахалж ажилласан гэдгээр хараагүй. Харин бусад гишүүддээ шударгаар боломж олгоё гэсэн юм. АН үүнтэй адил шударгаар сонгох ёстой. Алдаа дутагдал гаргаж байгаа байнгын хороодын дарга нараа солих л хэрэгтэй байсан юм.

Үүнийг би байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Гэвч АН-ынхан олонхиороо хүч түрээд л явсан. АН-д боловсон хүчин зөндөө л байгаа шүү дээ. Гэтэл фракцийн зарчмаар ажиллаж байгаа нь цаашлаад УИХ-ын бүтцийн байгууллага, парламентын хяналтын зарчим алдагдаад байгаа юм. Тиймээс цөөн хэдэн гишүүн дээр энэ асуудлаа ярих ёстой байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд ард түмэн аль ч намыг нь олонхи болгоогүй. Хамтарч Засгийн газраа бүрдүүл гэдэг үүрэг өгсөн шүү дээ. “Шударга ёс” эвсэлд ард түмэн алдаа дутагдалтай нь эвлэрээд, амаа үдүүлж, чихээ таглуулчихсан юм шиг ажилла гэж бидэнд 11 суудал өгөөгүй.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зарим алдаатай зүйлийг эсэргүүцэж нэгдсэн хуралдаан дээр кноп дарж улс төрийн акц хийдэггүй байсан. Өнөөдрийг хүртэл засаг төрийг тогтвортой байлгахын тулд эв эеийг хичээж ажиллах байр суурийг хадгалж ирсэн. Эцэстээ цаашид ийм байдлаар явж болохгүй юм байна гэдэг зүйлүүд манай бүлэгт ажиглагдах болсон.

Өөрөөр хэлбэл, бид эрх баригчдын алдаатай бодлогыг засч залруулахын төлөө дуу хоолойгоо хүчтэй гаргах ёстой. Түүнээс Засгийн газрын алдаатай болгоныг дагаж, хамхуул шиг хийсэх хэрэггүй. Яагаад гэвэл энэ Засгийн газрын алдаа оноо бүхэн манай “Шударга ёс” эвсэлтэй хамаатай. Гэтэл зарим нэг хүмүүс Засгийн газрын амжилт нь АН-ынх, алдаа нь “Шударга ёс” эвслийнх гэж ойлгодог юм шиг байна лээ.

-Н.Батцэрэг дарга “Шударга ёс “ эвслийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эрх баригчид ач холбогдол өгөхгүй гацааж байна гэдэг зүйл ярьж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-“Шударга ёс” эвслийн гишүүд нэлээн олон хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зарим хуулийн төсөл дээр ямар ч хариу ирээгүй. Бидний өргөн мэдүүлсэн хууль Засгийн газрын хөрөнгө санхүүтэй холбоотой ч гэсэн юун түрүүн батлаад хэрэгжих хугацааг нь хойшлуулаад явах боломжтой. Тухайлбал, Өршөөлийн тухай хууль байна. Энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд биднийг зөвхөн намын даргадаа зориулсан гэж шүүмжилсэн.

Үнэндээ тийм зүйл байхгүй. Одоо манай намын дарга чөлөөлөгдсөн байхад бид нар Өршөөлийн тухай хуулийг батлуулах талаар хөөцөлдөөд л явж байна. Манай улс 8000 гаруй хоригдолтой. Анх удаа хөнгөн хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс өршөөлд хамрагдаж, тэр хүмүүст төр хайр ивээлээ үзүүлэх ёстой. Энэ хуулийг ард түмэн чих тавин хүлээж байна. Харамсалтай нь эрх баригчид гацаагаад байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулах нөхөн олговортой холбоотой хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

Гэтэл хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал гээд өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэхгүй байх жишээтэй. Манай эвслийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг энэ мэтээр хэлэлцэхгүй байгаа нь утгагүй. Гэтэл эрх баригч намын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл өргөн баригдаагүй байхдаа л хуралдааны товд орчихсон байх юм. Ийм зарчимгүй, шударга бус байж болохгүй биз дээ. Ер нь эрх баригчдын энэ гаргаж байгаа үйлдэлтэй эвлэрч суухгүй.

-Дагаж намирахгүй гэдэг нь Засгаас гарах тухай асуудал гэсэн үг үү?

-Засгаас гарах гэдэг бол аль ч парламентын үед байдаг л үзэгдэл. Заавал засгаас гарах ямар шаардлага байгаа юм. Тэдэнд өөрөөр хариуцлага тооцох механизм байна шүү дээ. Ер нь засгаас гарах шиг амархан зүйл байхгүй. Хамгийн гол нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал төвөгтэй байгаа энэ үед бидний гаргасан шийдвэр хэр үр дүнтэй байх вэ гэдгийг бид ялгаж салгах ёстой.

-МАХН-ын Их чуулган хэзээ хуралдах вэ?

-Цагаан сарын дараа хуралдуулна гэж төлөвлөж байна. Гэхдээ яг тэдэнд гэсэн товлосон зүйл алга.

-Намын дарга Н.Энхбаяр ирж оролцох уу?

-Түүнийг хэлж мэдэхгүй байна.