“Шударга ёс” бүлэг Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг дэмжжээ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнийг Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.
Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл. Уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг “Шударга ёс” бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Малчдад эрсдэлээс хамгаалж малаа даатгуулах шаардлага байнга гардаг.
Өмнө нь малчид тэр бүр малаа даатгуулж чаддаггүй, даатгалын компаниуд ч үүнд анхаарал хандуулдаггүй байсан. Тэгвэл одоо сайн дурын даатгалд хамрагдах хүсэлт их гаргадаг болсон учир ажил үр дүнтэй байна гэж үзсэн гэнэ. Одоогоор даатгалын таван компани малын индексжүүлсэн даатгалыг хариуцаж байна.
Тус бүлэг ээлжит хуралдаанаараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тогтоолын төсөл, Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжжээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-ий 49.7 хувьтай тэнцэж буй гэж энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан хэллээ.