УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал. Малын индексжүүлсэн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа юм. Үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэхийг нь дэмжчихмээр байна. Тэгээд чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогт ажиллахдаа энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд их олон талаас нь зөв мэдээлэл өгч, тэдний санал бодлыг авч нэлээн өргөн хүрээтэй бодитой хэлэлцүүлэг хийгээд тэгээд дараагийн хэлэлцүүлгүүд явах нь зөв. Тэгэхдээ энэ чинь шинэчилсэн найруулга биш нэмэл,өөрчлөлт учраас бодит амьдралаас гарч ирж байгаа асуудлуудыг хуулийн төсөлд оруулъя гэхээр хөндөгдөөгүй гэдэг үүднээс ярьж чадахгүй болчихно. Тийм учраас магадгүй би Их хурлын гишүүдийг хуулийн төсөл санаачилж оруулж ирээд , тэгээд хамтатгаад хэлэлцээд явбал амьдралдаа нийцсэн хуулийн шинэчлэл болж магадгүй гэж хараад байна. Ингэх нь ч бараг зөв байх . За одоо орж ирчхээд байгаа хуулийн төсөл дээр хорогдлынхоо босгыг уян хатан болгоно , тоогүй болгож хувьгүй болгож байгаа. 2 дугаарт гарсан хохирлыг бүр гүйцэтгэлийн тооллого тайлангаар биш явцын мэдээлэл дээр тулгуурлаад хэсэгчилж олгох тухай ийм л 2 асуудал хөндөөд байгаа юм . Босго үзүүлэлт тогтооход Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрийг мужлах шаардлагатай болчхоод байна. Тэгэхээр тэр тухайн мужид байгаа сум орон нутгуудад ямар босго байх юм гэдгийг харгалзах ёстой энэ илүү үнэнд ойрхон болно. Дээр нь бодитой юм тогтооё гээд байгаа бол дан ганц даатгалын санал баймгүй байна. Онцгой комиссынхоо саналыг давхар авч ярьдаг байх ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
БОХХААБХ-ны хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Үүнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл, Ногоон хөгжлийн үзэл баримтлалын дунд хугацааны хөтөлбөрийг батлах төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Байгалийн гамшгаас үүдэлтэй малын хорогдлын улмаас малчдад учирч буй эдийн засгийн эмзэг, хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадамжийг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, нөгөө талаар оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулжээ. УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга: Малын давхар даатгалын компаний дүрмийн сан, алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийг эхний ээлжинд төрөөс санхүүжүүлж цаашдаа зах зээлийн механизмаар ажиллах даатгалын компанийг байгуулах шаардлагатай бөгөөд бэлчээрийн мал аж ахуй, малын тоо толгой өсч байгаа нөхцөлд төрийн үүрэх ачаа нэмэгдэж байгааг анхаарах, малын давхар даатгалын удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь төрийн албан хаагчид байгааг анхаарах, хэрэгтэй байна. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан зудын эрсдэл нь зөвхөн цөөн тооны даатгагчид бус харин олон даатгагчдад хохирол учруулах магадлалтай байна. Малын индексжүүлсэн даатгалын санхүүгийн нөөцийн менежмент болон эрсдлийн механизмыг тогтвортой түвшинд зөв зохицуулах нь чухал гэдгийг гишүүд хэлж байна. Мөн зарим гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж дахин нягтлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мал гэдгийг би байгалийн нэгэн хэсэг гэж ойлгож байна. Байгалийг бид захирч чадахгүй шүү дээ. Тэгэхээр даатгалын нэг, хоёр, гуравдугаар түвшин гэж ангилах нь тийм ч оновчтой биш гэж бодож байна.