Махны үнэ өсөж байхад манай үнэ буурсаар л байна
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайхан
2014.01.15

Махны үнэ өсөж байхад манай үнэ буурсаар л байна

 “Өнөөдөр” сонин энэ удаагийн редакцын уулзалтаараа мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын асуудлыг хөндөж ярилцлаа.

Редакцын уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайхан нар оролцов.

-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Ярилцлагаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар өнгөрсөн онд юуг зорьж ажиллаж, ямар үр дүнд хүрэв гэсэн асуултаар эхэлье.

Ц.Ж: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 2013 оныг богц дүүрэн олзтой үдлээ гэж дүгнэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хийхээр төлөвлөж байгаа, хийсэн бүхий л ажлын цаана Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байсан гэж хэлж болох байх.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд манай салбарынхан 2013 оны стратегийн долоон зорилтоо зарлаж байсан юм.

Нэгдүгээрт, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сансрын үндэсний зөвлөл байгуулж, дэлхийд салбартаа “толгой цохиж” байгаа 10 гаруй компанийг урьж авчран харилцаа холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуулын асуудлаар хамтран ажиллахаар болж, бичиг баримтаа боловсрууллаа. Одоогоор ҮАБЗ-д хүргүүлээд, шийдлээ хүлээж байна. Олон улсад paper satellite (цаасан хиймэл дагуул) гэж үүнийг нэрлэдэг. Ингэснээр хиймэл дагуул хөөргөх ажлын 80 хувийг хийчихлээ гэж үздэг. Тиймээс Монголын paper satellite хөөрчихсөн, үйл ажиллагаагаа эхэлсэн гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, төрийн түгжрэлгүй үйлчилгээ. Урьд нь өрх бүрийг компьютержүүлэх хөтөлбөр, цахим засаглал, бүх суманд шилэн кабель татах зэрэг олон ажлыг хийж, дэд бүтцийг нь хөгжүүлсээр ирсэн. Тэдгээрт суурилж төрийн үйлчилгээг иргэнд яаж хурдан хүргэх вэ гэдэг дээр бид ажиллаж байгаа. Эхний бүтээгдэхүүн болох төрийн үйлчилгээний цахим машины (ТҮЦ машин) эхний ээлжийг 2013 оны зургадугаар сард ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотын 17 цэгт ийм машин ажиллаж байна. Иргэний бүртгэлээс эхл үүлээд олон нэгжийн өдөр тутам хэрэгцээтэй байдаг лавлагаа мэдээллүүдийг ТҮЦ машинаар өгөөд эхэлчихсэн. Энэ бол мэдээллийн технологид суурилан, төрийн үйлчилгээг хүргэхэд гарсан маш том ахиц юм.

мэдээллийн технологид суурилан, төрийн үйлчилгээг хүргэх

Гуравдугаарт, төрийн түгжрэлгүй үйлчилгээг иргэнд хүргэхийн тулд өрхийн интернэтийг хямдруулах, тэр дундаа орон нутагт хоёр дахин хямдруулж, хурдыг нь тогтвортой түвшинд аваачихыг зорьсон. Энэ зорилт бодит ажил хэрэг болж, 21 аймагт хэрэгжсэн. Эцсийн хүргэлтийг “Монголын цахилгаан холбоо” компани бие дааж гүйцэтгэсэн.

Дөрөвдүгээрт, Телевизийн тоон системд шилжих шинэчлэлийг эхлүүлэх ажлыг бас нэг том зорилтоо болгож тодорхойлсон. 2014 оны долдугаар сарын 31-нд тоон технологид шилжихээр зэхэж буй учраас 2013 онд нийт 89 сум, суурин газарт дахин дамжуулах станц шинээр байршууллаа. Одоогийн байдлаар дээрх газруудад тоон системийг туршилтаар цацаад эхэлчихсэн. 2014 онд үлдсэнийг нь суурилуулна.

Тавдугаарт, оюуны чадавхитай, өндөр цалинтай, ажлын байртай хүний нөөцийн асуудлыг зорилтоо болгож тавьсан. Монголчууд сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай нэлээд ярьж буй. Энэ зүгт явахын тулд хүний нөөцийг чадавхижуулах ёстой юм байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан.

Түүгээр бид мэдлэгт суурилсан эдийн засаг гэж юу юм бэ, бидний зах зээл хаана байна вэ, ямар боломж байна, программ хангамж үйлдвэрлэгчид ямар түвшинд байна, оюуны өмчийг хэрхэн үнэлж байна, ингэхийн тулд төрөөс яаж дэмжих вэ зэрэг асуудлыг хөндөж, шийдэх арга замаа төлөвлөсөн. Старт-ап буюу гарааны нөхцөл гэж байдаг. Тэр зарчмаар төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж үзээд үндсэн таван чиглэлийг сонгосон.

Эдгээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийн санд программ хангамж үйлдвэрлэгчдийг хамруулах, Шинжлэх ухаан, технологийн санд программ хангамжийн төслүүдийг багтаах, Японы хоёр үе шаттай зээлд программ хангамжийн компаниудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, төрийн өмчит компаниудад шаардлагатай программ хангамжуудыг дотооддоо үйлдвэрлэх, оюуны өмчийг нь барьцаалж, зээл олгодог болох зорилтууд юм.

Зургадугаарт, хүний нөөцдөө суурилаад дэлхийн стандартын e-бүтээгдэхүүн гаргах зорилт тавьсан. Монголын бүтээгдэхүүн гэхээр л заавал эсгий, арьс шир, ноос ноолуур байх албагүй шүү дээ. Хүний оюунаар бүтээгдсэн программ хангамжийн бүтээгдэхүүнийг бид яагаад хийж болохгүй гэж. Санхүүгийн программ, ойр зуурын хэрэглээний аппликэйшн зэргийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж байгаа ч олон улсын стандартад нийцсэн барьцтай бүтээгдэхүүн гаргахыг зорих ёстой. Бид судалгаа хийгээд, энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Сан Францискогийн “Silicon valley”-д Монголын анхны компанийг гаргая гэж ярьж байна.

Долдугаарт, бид мэдээллийн технологид суурилсан шуудангийн шинэчлэлийг хийхээр шийдсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас 1.9 тэрбум төгрөгийг энэ салбарт олгосон юм. Смарт бокс буюу ухаалаг шуудангийн хайрцгийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хаягжуулалт бүрэн шийдэгдээгүй учраас шуудангийн хүргэлт, хайрцгийн асуудал бэрхшээлтэй байдаг. Олон улсад ийм асуудлыг смарт боксоор шийддэг.

Бүх нийтээрээ ашиглаж болох давуу талтай. Тодруулбал, шуудангийн нэг цэгт тавин нүд байна. Илгээмжээсээ хамаараад том, жижиг янз бүр. Тухайн хэрэглэгчид шуудан, илгээмж ирсэн тухай мэдээлэл, нэвтрэх нууц дугаарын хамт гар утсанд тань ирнэ. ATM шиг сканаар нууц дугаараа хийж, илгээмжээ аваад хайрцгаа хаачихна. Тэгэхээр тэр хайрцгийг өдөртөө хэдэн ч хүн хэрэглэж болно гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд 18 цэг, Дархан, Эрдэнэтийнх нийлээд нийт 20 цэгт ийм смарт боксын үйлчилгээг энэ сарын 20-доор нэвтрүүлнэ. Үүнийг дан ганц “Монгол шуудан” компани биш, Монгол Улсад шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа бүхий л компани ашиглах боломжтой. Ингэснээрээ бид шуудангийн хэрэглээг нэмэгдүүлэн, арай өөр түвшинд аваачих шинэ алхам хийж байгаа юм.

Ж.Б: -Өнгөрсөн хугацаанд “Монголын цахилгаан холбоо” компани 1200-гаад ажилтантайгаар Монгол Улсын сум, суурин газруудад дөрвөн төрлийн үйлчилгээ хүргэж ирлээ. Тэдгээрийн дунд уламжлалт суурин утасны үйлчилгээ чухал байр суурь эзэлдэг. Түүнээс гадна кабелийн телевизийн үйлчилгээг зарим аймагт хүргэдэг. Монголд интернэтийн үйлчилгээг орон нутаг, сумдад хүргэж байгаа цорын ганц компани гээд хэлчихэд буруудахгүй байх. Түүнчлэн лавлах үйлчилгээний анхны бизнесийг манайх эхлүүлсэн түүхтэй. Энэ бол 109 буюу өнөөгийн 1109 юм. Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын “Korea Telecom”- ын хамтарсан хувьцаат компани хэлбэрээр 1995 онд байгуулагдсан. “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувь нь “Korea Telecom”-ынх, 54 хувь нь Монголын Засгийн газрынх.

2013 онд уламжлалт бизнесийн бууралтыг сааруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил зохион байгууллаа. Засгийн газартай хамтраад интернэтийн үйлчилгээг орон нутагт идэвхжүүлэхийн тулд үнэ тарифыг багасгах, хүчин чадлыг өсгөх гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд бид 128 кбит/с хурдтай интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгөөр хүргэдэг байсан бол өнөөдөр 600 кбит/с хурдтай интернэтийг 16 мянган төгрөгөөр хүргэж байгаа. “Монголын цахилгаан холбоо” компанийн интернэтийн үйлчилгээ аналоги технологид суурилдаг учраас гол төлөв хөдөө орон нутагт чиглэдэг.

Хоёрдугаарт, “Монголын цахилгаан холбоо” компани шинэ бизнесийн модель гаргаж ирэх, бизнесийн шинэ зах зээл эрэлхийлэх томоохон зорилттой байлаа. Засгийн газар, “Korea Telecom” хамтраад Монгол Улсад 4G буюу LTE-ийн бөөний урсгалын сүлжээ байгуулах томоохон төслийн судалгааны ажлыг өнгөрсөн сарын 15-нд хийж дуусгасан. Үүгээр Монгол Улсын одоогийн зах зээл, хэрэглэгчийн судалгаа болон хэтийн төлөв гээд олон асуудлыг тодорхой болгосон гэж хэлж болно. Энэ ажлыг хийж дуусгаад, түнш байгууллагатайгаа санамж бичиг байгуулж, томоохон судалгаа хийснээ Засгийн газарт танилцуулаад явж байна.

LTE гэдэг бизнесийн загвар нь өнөөдрийн 3G хурдыг 100 дахин өсгөх боломжтой дэд бүтцийн томоохон сүлжээ юм. Нөгөө талдаа энэ нь зөвхөн шилэн кабельд тулгуурлахаас гадна агаарын давтамжаар дамжих сүлжээ болох учиртай. Агаар, шилэн кабелийг яагаад зэрэгцүүлэх шаардлагатай вэ гэхээр шилэн кабелийн дэд бүтэц цэгээс цэгт дамжиж байдаг бол агаарынх илүү өргөн хүрээнд дамждаг. Ерөнхий багтаамжаараа энэ төсөл нэг тэрбум орчим ам.долларын өртөгтэй. “Korea Telecom”-ынхон 406 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн.

-Энэ оныг танай салбар Эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Мэдээллийн технологи амьдралд хэрэглээ болоод эхлэхээр олон төрлийн харилцааг зохицуулах шаардлага үүсч байна.

Ц.Ж: -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт тулгамдаад буй нэг асуудал нь бидний үйл ажиллагааг зохицуулдаг эрх зүйн орчин дутмаг, бидний өөрийн гаргасан журам, дүрмийн хүрээнд байсаар байна. Хууль гэхэд хоёр гуравхан байгаа. Мэдээллийн технологи амьдралд хэрэглээ болоод эхлэхээр олон төрлийн харилцааг зохицуулах шаардлага үүсч байна. Тиймээс бид шинэ хуулиудыг яаралтай өлгийдөж авах хэрэгтэй боллоо. Жишээлбэл, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль.

Телевизүүдийн тоо өсөөд байна, контент болохгүй байна, зөвшөөрөл олшроод байна гэж ярьдаг. Үйл ажиллагаа, бодлого зорилт, чиг хандлагыг нь Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан журмаар л зохицуулдаг. Журмынх нь хамрах хүрээ хязгаарлагдмал, эрх зүйн чадамж нь сул байдаг. Хүний эрхийн тухай ярьдаг мөртлөө интернэтийн орчин дахь хүний эрхийн тухай огт хөнддөггүй. Сэтгэгдэл, хандалт тойрсон айхтар асуудлууд бий шүү дээ. Цаашлаад Кибер аюулгүй байдлын тухай хууль гэхчлэн яривал салбар хөгжихийн хэрээр олон хууль шаардлагатай болжээ. 2-3 шинэ хуулийг энэ жилдээ багтааж боловсруулахаар Ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон.

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарыг дэлхийн түвшинд хүргэхэд өргөн уудам нутаг, алслагдмал таруу суурьшил маань бэрхшээл учруулж таарна. Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Ц.Ж: -Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 370 шахам сумын 37 нь л шилэн кабельд холбогдоогүй байна. Шилэн кабельд холбогдсон нэг сумаас нөгөө сумын хоорондох зай нь дунджаар 100-150 км байдаг. 150 км-ээс давбал тухайн суманд дахин дамжуулах өсгөгч суурилуулах хэрэгтэй болдог. 37 сум газарзүйн байршлаасаа хамаараад холбогдох боломжгүй байгаа.

Гэхдээ үүнийг VSAT буюу хиймэл дагуул ашиглан холбох замаар шийдэх боломжтой. Жишээлбэл, өнгөрсөн арванхоёрдугаар сард Архангай аймгийн Чулуут сумыг хиймэл дагуул ашиглан интернэтэд холбосон. Шилэн кабелийг нь татчихсан 120 сумын интернэтийг энэ жил шинээр нээнэ. Эдгээрээс 100 сум нь холбогдоход бэлэн болчихсон, 20 суманд кабель булах гэх мэт аар саар ажлууд үлдсэн. Зургадугаар сар гэхэд 120 сум шилэн кабельд бүрмөсөн холбогдоно.

Ийм их хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг татаад очиход хэрэглэгч нь бэлэн байх ёстой. Энэ тал дээр бэрхшээл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, иргэд смарт утас, интернэт хэрэглэж чаддаг байх ёстой. Өнөөдөр сумын холбоонд очихоор 3-4 хүүхэд компьютер тоглоод л сууж байдаг. Суманд интернэт, компьютерийг маш бага ашиглаж байгаа юм. Тиймээс 2014 онд идэвхжүүлэлтийн ажил хийхгүй бол болохгүй. Түүнчлэн дундаж түвшний болон орлого багатай иргэдэд зориулсан смарт утсуудыг үйлдвэрлэх, эсвэл импортлох асуудал тулгарч байна.

Бид өөрсдөө үйлдвэрлэе, эсвэл хоёрдогч, гуравдагч орны бүтээгдэхүүнийг хямд нөхцөлөөр олгоё гэхээр дахиад бодлогын асуудал гарч ирж байгаа. Дэд бүтцийн дагуу интернэтээ үе шаттай нээгээд явна, түүнийхээ араас хэрэглэгчдээ бэлтгэх асуудал гарч ирж байна гэсэн үг. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 3G үйлчилгээний хэрэглэгч бага байгаа нь ажиглагдсан. Гар утсыг зөвхөн ярих, мессеж илгээх хэлбэрээр ашиглахаа больж, смарт гар утсыг эзэмшиж сурах нь чухал. Тэгж байж үйлчилгээ авдаг болно. Ирэх сарын дундуур бид тоон гарын үсэг тарааж эхэлнэ. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрч, түүнийг ашиглаж интернэтийн хэрэглэгч болох ёстой шүү дээ.

-Телевизүүд энэ онд тоон системд шилжинэ гэж байгаа. Танай талаас бэлтгэл ажил хангагдсан юм байна. Гэтэл иргэдийн энэ талаарх ойлголт төдийлэн сайнгүй байна. 

Б.Б: -“Тоон телевизийн үндэсний хөтөлбөр”- ийн тухай Засгийн газрын 2011 оны 275 тоот тогтоолын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо 2011 онд дөрвөн Ажлын хэсэг байгуулж, судалгаа хийсэн. 2012 оны наймдугаар сард энэ судалгаагаа гүнгийрүүлж, маш дэлгэрэнгүй судалгаа хийснээр тоон телевизтэй холбоотой хөрөнгө оруулалтын хэмжээг тооцож гаргасан. Дахин дамжуулах сүлжээ болоод хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн тоо ширхэг гэх мэт эдийн засгийн тоо баримтуудыг маш тодорхой болгосон. Хоёрдугаарт, телевизүүд студи, дуу дүрсний хувьд ямар бэлтгэл хангах ёстой вэ, гуравдугаарт, хэрэглэгчийн тоног төхөөрөмжтэй холбоотой стандарт ямар байх вэ гэдгийг тодорхойлсон.

2013 онд дахин дамжуулах сүлжээний 100 шахам төхөөрөмж суурилууллаа. Энэ онд үлдсэн 134 суманд суурилуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж өгсөн. Нийт 200 гаруй сум, суурин газарт төхөөрөмж суурилуулж, долдугаар сарын 30 гэхэд орон нутагт тоон системтэй телевиз гарч эхэлнэ. Одоогийн байдлаар МҮОНТ туршилтаар дамжуулж байгаа.

-Иргэд ямар бэлтгэл хангах ёстой вэ? Зурагтаа солих хэрэгтэй гэнэ, өндөр үнэтэй төхөөрөмж заавал худалдаж авах ёстой юм байна гэсэн яриа байгаа шүү дээ? 

Ц.Ж: -Зурагтаа солих ямар ч шаардлага байхгүй. Сет-ап бокс буюу хувиргагч төхөөрөмжийг харин худалдаж авах ёстой. Төхөөрөмжийн хүчин чадал, үйлчилгээнээсээ хамаараад хоёроос гурван төрлийн үнэтэй байна. Олон улсын жишигт тухайн улсын иргэд сет-ап боксыг хэр хугацаанд бүрэн худалдаж авахаас хамаараад тоон системийн шилжилт хийгддэг юм. Тухайлбал, долдугаар сарын 31-нд бид 50:50 хувиар шилжинэ. Аналоги технологи нь зэрэгцээд ажиллаж л байна гэсэн үг. Хамгийн сүүлчийн айл тэрхүү төхөөрөмжийг худалдаж авч дууссан цагт л тухайн улс тоон системд бүрэн шилжсэн гэж үзнэ. Дараа үеийн технологийн шилжилтээс хамаараад нэг жил зургаан сарын дотор 160 мянган өрх сет-ап бокс худалдаад авчих болов уу гэж найдаж байна. “DDish” болон кабелийн телевизтэй айлуудыг хасаад ийм тоо гарч байгаа юм. Тэгэхээр журам батлагдаж тендерт шалгарсан компаниуд сетап боксыг худалдаанд гаргамагц худалдаж авах асуудал л иргэдэд байгаа.

-Үнэ нь хэд байхыг багцаалж хэлж болох уу? 

Ц.Ж: -Тодорхой хэлж мэдэхгүй байна. Бид хамгийн бага, боломжит үнийг санал болгоно гэж бодож байгаа. Мөн Мэдээлэл, холбооны сургуулийн багш нар сет-ап бокс бүтээгээд хөдөө орон нутагт 200 гаруйг нь туршиж байна. 89 сум, суурин газарт тарааж, долдугаар сарын 31 хүртэл туршина. Аль болох гаднаас авахгүй, Монголдоо үйлдвэрлэх бодлогыг бид баримталж байна.

Бүх телевиз HD болох шаардлагагүй шүү дээ. Тоон технологид шилжсэний дараа телевизийн дуу, дүрс нь нягтруулгын төхөөрөмжөөр дамжаад очих учраас асуудалгүй. Телевизүүд өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд тоон технологид шилжиж байгаа нь зөв. Яагаад гэхээр тухайн телевиз тэрхүү технологиор дамжуулан олон улсад нэвтрүүлэг цацах стандартад ойртоно гэсэн үг.

Ж.Б: -Хэрэглэгчдэд хүрэх тоон төхөөр өмжид стандарт тавихаас гадна телевиз үүдийн тоон системийн стандарт гэж бий. Тэрхүү стандартыг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага л үүсэж байгаа. Телевизийн тоон технологид шилжих гэдэг нь зөвхөн Монгол Улсын биш, дэлхий нийтийн асуудал. Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын стандартад үйлчилгээгээ нийцүүлэх шаардлага бидэнд бий. Аналоги технологиор үйлчилдэг олон улсын байгууллагуудын үйлчилгээ 2015 оноос бүрэн зогсоно.

Өөрөөр хэлбэл, одоогийн бидний ашиглаж байгаа сансрын олон төрлийн үйлчилгээ бүрэн хэмжээгээр дижитал технологи руу шилжих юм. Давтамжийн хувьд маш бага зурвасаар өндөр технологийг хүргэж чаддагаараа тоон технологийн давуу тал, эдийн засгийн ач холбогдол тодорхойлогдоно. Манайд МҮОНТ нэг хэсэг 72 мегагаар дамжуулж байсан, одоо бол 72 мегагаар дөрвөн телевиз дамжуулдаг боллоо. Багтаамжаа багасгаад, хүртээмжээ нэмэгдүүлж байна гэсэн үг шүү дээ. Аливаа шинэ технологийг нэвтрүүлэхэд төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг.

Өмнө нь бид Бүх нийтийг компьютержуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Дэлхийн банкнаас дэмжлэг авснаар олон суманд богино хугацаанд дэд бүтэц бий болгож, хямд үнээр компьютер нийлүүлж чадсан. Түүнээс жишээ авч Засгийн газар 4G-ийн томоохон сүлжээ ашиглах смарт буюу ухаалаг утсыг хэрэглэгчдэд нийлүүлэх кампанит ажлыг зохион байгуулж болно. Энэ мэтээр дэмжлэг үзүүлэх олон хэлбэр бий.

-Интернэт үнэтэй, wi-fi түгээмэл биш байна гэлцдэг. Гэтэл гадаад улс орнуудтай харьцуулахад Монголд интернэтийн эрх чөлөө илүү өргөн дэлгэр мэт санагддаг. Ер нь үнийг дахин хямдруулах боломж бий юү?

Үнэгүй зүйл зах зээлийн нийгэмд байхгүй.

Ц.Ж: -Бид 2014 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллая гэж төлөвлөж байгаа. Монголд утасгүй интернэтийн (wifi) үйлчилгээ үзүүлэгч цөөнгүй компани бий. “Кевико”, “Миком” зэрэг ISP компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Үнэгүй зүйл зах зээлийн нийгэмд байхгүй. Мэдээлэл авч байгаа учраас тодорхой хэмжээний мөнгө төлөх учиртай.

Wi-fi үйлчилгээ эрхлэгчдэд хандаад бид төр засаг, үйлчилгээний бүхий л байгууллагад утасгүй интернэтээ суурилуулчих, бид боломжийг нь нээгээд өгье, тухайн хэрэглээний эхний 15 минутыг үнэгүй өгчих, түүнээс хойших хугацааны зардлыг иргэн өөрөө төлдөг байг гэсэн зарчмыг санал болгож байна. Үүнийг дагаад үндсэн сүлжээ эрхлэгч компанийн урсгалын үнэ хямдрах боломж гарч ирж байгаа юм. Ер нь мэдээллийн технологийн салбарын үйлчилгээний үнэ жилээс жилд хямдарсаар л байгаа. Махны үнэ өсөж байхад манай салбарын үйлчилгээний үнэ буурч л байдаг.

Хэрэглэгчийн тооноос хамаараад дахиад ч буурах боломжтой. Агаар зарж байж яагаад төлбөр авдаг юм бэ гэх нь бий. Үүнд бяцхан тайлбар хийе. Жишээлбэл, би тань руу залгахад миний дуудлага дахин дамжуулах станцаас хиймэл дагуул руу очиж, хиймэл дагуул таныг хайж олно. Энэ бол 10 секундийн дотор асар хурдан өрнөдөг процесс. Ингээд би тантай холбогдоно. Амжилттай, амжилтгүй дуудлага бүрт хиймэл дагуул ашиглаж таныг хайсан төлбөр гарч л байдаг. Эндээс л зардал гарч байгаа юм.

Б.Б: -Монгол Улсын интернэтийн үнэ тариф өндөр хөгжсөн улс орнуудын түвшинтэй харьцуулахад маш хямдхан. Нөгөөтэйгүүр интернэтэд холбогдохын тулд олон улсын суваг, урсгал авч ашиглаж байгаа. Монгол Улс газарзүйн байршлын хувьд эх газарт, хоёр том хөршөөр далайгаас тусгаарлагдан оршдог. Тиймээс хүссэн, хүсээгүй ОХУ болон БНХАУаар дамжуулан интернэтэд холбогдоно. Үүнтэй холбоотойгоор улс хоорондын урсгалаа хоёр улсын бизнесийн байгууллагуудын ашиг шингэсэн үнээр худалдан авч байна. Интернэтэд холбогдох өөр нэг гарц нь хиймэл дагуулын холбоо ашиглах юм.

1990-ээд оны дунд үед интернэтийг хиймэл дагуулаар маш эрчимтэй дамжуулж үйлчилгээ эрхэлж байсан. Гэтэл энэ технологи нь дата дамжуулахад төдийлэн зохимжгүй, телевизийн сигнал дамжуулахад зориулагдсан учраас боломж нь хязгаарлагдмал. Улаанбаатар хотод интернэтийн бөөний үнэ 1 мегагийн урсгалд 80-100 мянган төгрөг. Хөдөө орон нутагт бол сувгийн түрээс, урсгалын түрээсийн үнэ нэмэгдэнэ. Гэхдээ Засгийн газрын интернэтийг дэмжих хөтөлбөрийн дагуу өрхүүдэд хүрэх нэг мега урсгалын үнийг 325 мянгаас 160 мянган төгрөг болгож хямдруулсан.

Ц.Ж: -Нэг зүйл онцлоход, энэ үнэ байгууллагын хэрэглэгчдэд хамаарахгүй, зөвхөн айл өрхөд хамаатай. Төрийн үйлчилгээг түгжрэлг үй хүргэх, цахим засаглалтай болох үйл явцад интернэт ашиглах, иргэнээ дэмжих шаардлагатай болно. Гэртээ интернэттэй болж, араас нь тоон гарын үсэг ашиглаж эхэлснээр төрийн байгууллага, иргэд хоорондоо шуурхай, саадгүй холбогдох боломж бүрдэнэ.

-Тоон гарын үсгийн тухай та сая ярилаа. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Ц.Ж: -Тоон гарын үсэг гэж чухам юу вэ гэж асуудаг. Нэг үгээр хэлбэл, онлайн орчин дахь таны гарын үсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэн та тоон гарын үсэгтэй болсноор мэдээлэл авах эрх чинь нээгдэнэ гэсэн үг. Энэ нь нууцлалын өндөр түвшин бүхий, олон улсад нийтлэг хэрэглэгддэг зүйл л дээ. Энэ жил 70 мянган аж ахуйн нэгж гарын үсгээ шууд авчихна, мөн 130 мянган иргэн хамрагдана.

Интернэтийн идэвхтэй хэрэглэгчдийн тоотой харьцуулаад эхний жилд 130 мянган гарын үсэг хангалттай гэж тооцож байна. Цаашдаа тоо нь нэмэгдэх учиртай. Тоон гарын үсэг ашигласнаар төрийн үйлчилгээг шууд авах боломж нь бүрдэнэ. Үүнд суурилаад 2014 оны зургадугаар сар гэхэд иргэд тоон гарын үсгээ ашиглаад 30 төрлийн үйлчилгээг шууд цахимаар авдаг болгох гэж байгаа.

-“Silicon Valley”-д гарах Монголын компанийн нэрийг хэлж болох уу?

Ц.Ж: -Шалгаруулалтын шатандаа байна. Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо гэж бий. Тэдэнтэй хамтраад шалгаруулна. Гуравдугаар сард зарлачих болов уу.

-Үндэсний хиймэл дагуулыг хэзээ хөөргөх вэ? 

Ц.Ж: -Үндэсний хиймэл дагуулыг харилцаа холбооны болон тандан судалгааны гэж хоёр түвшинд ангилж байгаа. Тандан судалгааны хиймэл дагуулыг 2016 оны эхний хоёрдугаар улиралд багтаан хөөргөнө гэсэн төлөвлөгөө бидэнд бий. Харилцаа холбооны хиймэл дагуулын тухайд 2017 онд гэсэн чиглэлтэй байгаа. Монгол Улсад Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 113.6 гэсэн цэг өгсөн байдаг. Хандаж, ашиглалгүй олон жил болсон учраас тэр цэгт хөрш орнууд маань санал өгчихсөн байгаа. Тэдэнтэй тохиролцох ёстой. Энэ зохицуулалтын хугацаанаас зарим зүйл хамаарч байна. Тиймээс 2017 онд гэж төлөвлөж байгаа юм.

-Шуудангийн асуудалд яриагаа хандуулъя. Саяхныг хүртэл суманд долоо хоногт нэг удаа шуудан ирдэг байсан. Одоо аймаг, суманд шуудан ямар давтамжтай хүрч байгаа вэ?

Ц.Б: -Ярилцлага эхэлснээс хойш би гар утсаараа оролдоод суугаад байсан. Та бүхнийг хүндэтгээгүйдээ биш, GPS технологийг ашиглан шуудангийн машинаа хянаж байлаа. Өмнө зүг рүү хөдөлсөн шуудангийн машин маань ярилцлага эхэлснээс хойш Чойр, Сайншандын шууданг хүргэчихлээ. Замын-Үүд хүрэхэд 112 км дутуу байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн сонин маргааш өглөө нь тараагддаг байсан бол одоо өдөртөө хүрдэг боллоо. Босоо тэнхлэгт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булганы уншигч, хэрэглэгчид өнөөдрийнхөө шууданг өдийд (13 цагт) авчихжээ.

Машин маань Булган аймагт явж байна. Урьд нь Дархан-Уул, Орхоны шуудан орой 16-18 цагт очдог байсан. 96-16 УНГ улсын дугаартай шуудангийн автомашин Улаанбаатараас гараад 479 км газар туулж, Чойр, Сайншандын шууданг хүргэхдээ дээд тал нь цагт 100 км, багадаа 72 км/цагийн хурдтай явжээ гэдгийг би яг одоо хараад сууж байна. Энэ бол томоохон дэвшил. Хүргэлтийн давтамжийг сайжруулахыг зорьж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн аймгуудад шууданг түргэн хүргэх төсөл хэрэгжүүллээ. Амжилттай болсон. Энэ жил дөрвөн аймагт шууданг шуурхай хүргэдэг болохоор ажиллаж байна.

-Та сая аймгийн төвүүдийн хувьд ярилаа. Суманд хүргэх шуудангийн хугацаа хуучнаараа байгаа шүү дээ. Түүнийг одоогийн нөхцөлд сайжруулж өөрчлөх ямар арга зам байж болох вэ. Нөгөө талаас төрийн өмчит компани монополь эрх эдэлдэг, хувийн компаниуд орж ажиллахад хэцүү байдаг юм биш үү?

Ц.Б: -Дэлхийн шуудан холбоо гээд хамрах хүрээгээрээ бараг НҮБ-ын дараа ордог том байгууллага бий. Тус байгууллагын гишүүн нь “Монгол шуудан” компани биш, Монгол Улс, Засгийн газар. Дэлхийн шуудан холбооны гишүүн орны хувьд Монгол Улсыг төлөөлөн бүрэн сүлжээ эзэмшдэг компани нь манайх. Одоогоор Монголд шуудангийн үйл ажиллагаа явуулж байгаа 8-10 аж ахуйн нэгж бий. Лиценз авсан, бүртгэлтэй нь түүнээс олон. Бид монополь эрх эдэлдэггүй ээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын өмнө үндэсний сүлжээ эзэмших үүрэг хүлээсний хувьд алслагдсан аймаг, сумдад шуудангийн үйлчилгээ хүргэх амаргүй үүргийг дангаараа үүрсээр ирлээ. Хөдөө явдаг нэг ч хувийн компани байхгүй. Үнэндээ бол “Монгол шуудан” компани хусмыг нь аваад, хувийн компаниуд өрмийг нь хамдаг юм. Ямарваа үйлчилгээг төрийн монополь, эсвэл хувийн гэж зааглах нь чухал биш. Бүгд адилхан хариуцлагатай болъё, татвар төлөгч байя гэдэг л хамгийн чухал.

“Монгол шуудан” компанийн бүх орлого бүрдүүлэлт дансаар дамждаг, төлөх ёстой татвараа төлдөг. Үүрэг, хариуцлагадаа бүрэн эзэн байж чаддаг нь манайх гэж хэлж болно. Тэгсэн хэрнээ алдагдалтай. Танай сониныхон гэхэд л Ерөнхий сайд, Жадамбаа дарга нараар дарамтлуулж байгаад бидэнд таван хувийн шимтгэл өгдөг мөртлөө хувийн компаниудад 22-26 хувийн шимтгэл төлж байгаа шүү дээ.

-Одоогийн үйлчилгээгээ сайжруулах, өөрчлөх ямар арга зам байна вэ. Жинд суурилсан тариф гэж бий. Шимтгэл дээрээ нэмж ийм татвар авах нь зөв үү?

Хөрс, үндэс нь Мэдээлийн технологи, шуудан, харилцаа холбооны газар.

Ц.Б: -Ерөнхий сайдын багцаас өгсөн 1.9 тэрбум төгрөгийн 880 сая төгрөгөөр нь туулах чадвар сайтай машинууд авсан. Босоо тэнхлэгийн дагуух өөрийн унаагаар шуудан хүргэж байгаа Орхон, Дархан-Уул, Булган, Замын-Үүд, Чойр, Сайншандын чиглэлд жинд суурилсан тарифаа больё гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ тариф алслагдсан таван аймагт яалт ч үгүй мөрдөгдөх байх. Бид жинд суурилсан тарифаа ингэж хөнгөлье, та нар хувийн шууданд төлдөг 22-25 хувиа бидэнд бас адилхан өгчих.

Ц.Ж: -Мэдээллийн технологид зөвхөн шуудан гэлтгүй амьдрал тэр чигээрээ суурилж байна. Бид нэгэн үйлчилгээ нэвтрүүлж эхлэх гэж байна. Та нар хар даа, энэ бол 64 дүгээр цэцэрлэг. (Гар утсаа харуулахад тус цэцэрлэгийн дотоод орчин, хүүхдүүд тоглож, шуугилдаж байгаа нь дуу чимээтэйгээ тод харагдав). Эцэг, эх нь хүүхдүүдээ камераар хянах боломжтой болж байгаа. Хүүхдээ ангидаа юу хийж байгааг нь харж, сонсож, бүр тэдэнтэйгээ ярьж ч болно. Цэцэрлэгийн багш нь зодох вий гэж хардах хэрэггүй. Багш нар хүнд нөхцөлд ажилладгийг бас харчихаж байна. Энэ мэтээр мэдээллийн технологи амьдралын харилцаанд итгэлцэл, эерэг зүйл авчирч байгаа юм. Энэ бол эхний цэцэрлэг. Бусад цэцэрлэг ч хамрагдана. Цаашдаа сургуульд нэвтрэх ёстой.

“Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал очиж дугаарладаг биш, урьдчилаад гар утсаараа дарааллаа авчихдаг байж болно шүү дээ. Бид гар карт гэж нэг навсайсан дэвтэр бариад явдаг. Тэнд тухайн хүний өвчний түүх, үзүүлж эмчлүүлсэн байдал бичигдсэн байдаг. Уг нь тийм зүйл хэрэггүй, үүнийг мэдээллийн технологи ашиглаад маш амархан шийдчихэж болно. Ерөнхий сайд үүн дээр онцгойлон анхаарч байгаа. Энэ оны эхний улиралд ehealth буюу цахим эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэж харж байгаа. Мэдээллийн технологийн салбар бусад салбар руу ийнхүү жигд нэвтэрч эхлэх юм.

"МОНГОЛ ШУУДАН" ХУСМЫГ НЬ АВЧ, ХУВИЙН КОМПАНИУД ӨРМИЙГ НЬ ХАМДАГ

Бид нэг мод “зурчихаад” байгаа. Хөрс, үндэс нь Мэдээлийн технологи, шуудан, харилцаа холбооны газар. Модноос урган гарч буй мөчрүүд нь Монгол Улсын яам, агентлаг. Энэ модноос ургаж гарах жимс бол төрийн үйлчилгээ. Цахим засаглал яаж хэрэгждэг вэ гэвэл бүх юм нэг цэгт холбогдож байж шийдэгддэг. Өмнө нь бүгд тус тусдаа байсан юм. Бид Засгийн газрын тогтоолоор өөрчлүүлж энэ болгоныг нэг цэгт аваачсан. Үндэсний дата төв гэж бий.

Энэ төв exchange буюу өгөгдлийн төв болж өөрчлөгдсөн. Монгол Улсын нэгдсэн том процессор гэж ойлгох хэрэгтэй. Иргэний бүртгэлийн мэдээлэл нь ч энд байна, яамны мэдээлэл нь ч энд байна, татварын мэдээлэл нь ч байна. Тэндээс иргэд үйлчилгээгээ авна. ТҮЦ машин энэ өгөгдлийн төвөөр дамжин ажиллаж байгаа.

-Улаанбаатарт суурилуулсан ТҮЦ машинаар иргэд хэр үйлчлүүлж байна. Тэд ямар сэтгэгдэлтэй байдаг бол?

Ц.Ж: -Иргэд сэтгэл хангалуун байгаа. Ер нь байршлаас хэрэглэгчдийн тоо ихээхэн хамаардаг юм байна. Жишээлбэл, Төв шуудан, Улаанбаатар төмөр замын буудалд байршуулсан ТҮЦ машин хамгийн их ачаалалтай байдаг. Бид Дэлхийн банкны аргачлалаар нэг тооцоо хийсэн. Иргэд бичиг баримттай холбоотой асуудал хөөцөлдөхдөө дунджаар 12.500 төгрөгийн зардал гаргадаг юм байна. Нэг хүний энэ зардлыг нийт үйлчлүүлэх гэж байгаа хүний тоогоор үржүүлэн бодит хэмнэлтийг нь тооцоход одоогийн байдлаар нэг тэрбум төгрөг нэлээд давчихжээ. Бичиг баримт хөөцөлдөхөд хамгийн багадаа нэг цаг 45 минут зарцуулдаг юм байна. Энэ цагийг бас хэмнэж байгаа. Түүнээс гадна 5000 төгрөгөөр авдаг иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг ТҮЦ машинаас 1000 төгрөгөөр авч байгаа.

Улаанбаатараас өөр газарт жишээлбэл, Архангайд явж байгаад ч юм уу, иргэний үнэмлэх нь хэрэг боллоо гэж бодъё. ТҮЦ машинд хурууны хээгээ таниулаад цахим үнэмлэхийн лавлагааг хэвлээд авчихна. Цахилгааны төлбөрөө төлж болно. УИХ-ын бүх гишүүний мэдээлэл орчихсон байгаа. УИХ-ын гишүүдтэй уулзах цаг, санал хүсэлтээ илгээж болно. Үл хөдлөх хөрөнгийн, гэрлэлтийн лавлагаа, татварын мэдээллүүдийг авах боломжтой. Цаашид үйлчилгээний төрөл нь нэмэгдэнэ. Сонины захиалга орчихсон байгаа. Танайхан “Монгол шуудан” компанитай гэрээ байгуулаад сониноо захиалуулж болно.

-ТҮЦ машинтай болж байгаа нь дэвшил мөн. Энэ сайхан ажил цааш үргэлжлэх байх. “Монгол шуудан” компани яагаад онгоцтой болж болдоггүй юм бэ. Машинаар бол Булган хүртэл нэлээд хэдэн цаг давхина. Онгоцоор бол 3-4 цагийн дотор Орхон, Дархан-Уул, Булганаар тойроод ирнэ. Ийм ирээдүйн талаар төлөвлөж төсөөлсөн зүйл байдаг уу?

Ц.Б: -Та нар хэвлэлийн хүмүүс болохоор хэвлэл талаас нь сонирхоод байна л даа. Шуудангаар арав гаруй өдөр тутмын сонин, долоо, арав хоногийн гуч орчим сонин хүргэдэг. Энэ үйлчилгээнээс 1.2 тэрбум төгрөг алддаг. Вагоноор хүргэдэг байснаа машинаар хүргэдэг болсноор хүргэлтийн өртөг өндөр болж байгаа. Энэ илүү өртгийг бид сонинуудад үүрүүлэхгүйгээр бусад үйлчилгээнээсээ нөхөж байгаа. Эхний машин аль хэдийнэ 20.000 км яваад засвар үйлчилгээнд орж байна. Жирийн иргэн бүтэн жил машинаа унахад 13.000-14.000 км явдаг.

манай машин 2-3-хан сарын дотор 20.000 км зам туулж байна.

Гэтэл манай машин 2-3-хан сарын дотор 20.000 км зам туулж байна. Туулах чадвар сайтай, том оврын, даац сайтай машинууд шуудангаа хүргээд, хувийн илгээмжээ авч өнөөдрийн байдлаар 56 сая төгрөгийн орлого бүрдүүлээд эхлэхээр хувийн секторынхон ийшээ хошуурч, бидний ажлыг булаацалдаж эхэллээ. Тэд хуучин машинаар, ээлжийн жолоочгүй, амрах газаргүй, ямар ч татвар төлөхгүй явдаг. Манайх цэг болгон дээр бүртгүүлж, замын хураамж төлж байгаа. Ээлжийн жолоочтой, амрах байртай. Хувийнхныг ад үзээд байгаа юм биш. Адилхан л баймаар байна.

Сонин хэвлэл хүргэлтийн алдагдлаа илгээмжийн хүргэлтээс нөхнө гэж бид тооцоолж байсан. Тэр маань үгүй болох эрсдэлтэй боллоо. Цаашдаа Баянхонгор гээд хэвтээ тэнхлэгт, бас зүүн чиглэлд Сүхбаатар, Хэнтий рүүгээ явъя гэж байтал хувийн машинууд “замаас орж ирж”, бидний тогтоосон тарифаас хамаагүй хямдаар илгээмж авч байна. Манайх хууль дүрмээ сахидаг төрийн байгууллага. Үүнийхээ төлөө хохирдог байж таарахгүй биү дээ.

-Смарт боксыг ашигласнаар ямар давуу тал бий болох вэ? 

Ц.Б: -Хаягжилт байхгүй энэ үед смарт бокс нь хамгийн боломжийн хэрэгсэл. Хурдан, яг гарт нь хүргэнэ. Смарт бокс бол хайрцаг төдий зүйл биш. Хаалга хэзээ онгойсон, иргэн илгээмжээ авсан уу, үгүй юү гэдгийг хянах удирдлагын системтэй. Төвөөс удирдаж, хянаж байх цогц үйлчилгээ. Өмнө нь хүн илгээмжээ шуудангаас авдаг байсан. Харин смарт бокс нэвтэрснээр танд хамгийн ойр байгаа цэгээс авах боломж бүрдэнэ. Илгээмжийг чинь шууданч хажууд чинь жинлэнэ.

Таны илгээмж 20 грамм байна, АНУ-ын Арканзас муж руу илгээхэд ийм үнэтэй болно гээд зөвшөөрч байвал ухаалаг гар утсаараа тусгай төхөөрөмжийг уншуулаад, үйлчилгээний хөлсийг газар дээр нь авчихна. Энэ бол мөрөөдөл биш. Бид энэ оны нэгдүгээр улиралд багтаж энэ үйлчилгээг Улаанбаатарт хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. “Монгол шуудан” компани хэвлэлийн захиалга, хүргэлтийг шуурхай болгох ажлуудыг хийж байгаа. Томоохон 72 аж ахуйн нэгжид өглөөний 7.20 цагт өдөр тутмын хэвлэлүүдийг хүргэдэг боллоо. Анх зургадугаар сарын 1-нд энэ үйл ажиллагаа эхэлж байхад 27, өнгөрсөн оны гуравдугаар улиралд 38 аж ахуйн нэгжид хүргэж байсан бол одоо 72 боллоо. Цаашдаа нэмэгдэнэ.

Ж.Б: -Онгоцоор шуудан хүргэх асуудал өмнө нь яригдаж, бүр зорилт болж дэвшүүлж байсан. Тухайн үед Засгийн газраас дэмжлэг авч чадаагүй юм.

Ц.Ж: -Сүүлийн үед гаднын оронд бүр жолоочгүй онгоц ашигладаг болсон.

Ц.Б: -Мөрөөдөж болох бүх зүйлийг бид мөрөөдөж байгаа.

Ж.Б: -Ашиглалтын зардал машинаас бага гардаг. Жижиг онгоцууд маш бага түлш зарцуулдаг болсон. Манай улсад онгоц буудаг цэгүүд нь тийм олон биш байгаа нь хүндрэлтэй асуудал юм.

-Хэдэн жилийн өмнө телевизийн сувгийн зөвшөөрөл дууссан гэж байсан. Гэвч суваг нээгдсээр л байгаа. “Сувгийн ченж” цолтой хүн ч бий. Цаашид сувгийн зөвшөөрөл нэмж олгох уу. Сувгийн зөвшөөрөл олгож буй танай байгууллагад телевизүүдийн контентэд хяналт тавих эрх байдаг уу?

Б.Б: -Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах үүрэг Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулиар олгогдсон. Үүний дагуу тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ, эрхийн бичгийг олгодог. Телевизүүдийн хувьд өргөн нэвтрүүлгийн телевиз гэж байгаа. Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй 17 өргөн нэвтрүүлгийн телевиз байсан. Нэгийнх нь зөвшөөрөл цуцлагдаад одоо 16 телевиз үйл ажиллагаа эрхэлж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд дахин дамжуулах болон дамжуулах байгууламж байгуулаад цацах үйлчилгээ явуулж байгааг өргөн нэвтрүүлгийн телевиз гэж олон улсад нэрлэдэг. Мөн кабелийн суваг гэж байгаа. Дамжуулах сүлжээнд технологийн хувьд хамаарахгүй.

Өргөн нэвтрүүлгийн телевизийн хувьд тусгай зөвшөөрөл нь радио долгионы давтамжийнхаа боломжоор хязгаарлагдаж байгаа. Олон улсад program provider гэж нэрлэдэг кабелийн сувгуудын хувьд тооны хязгаарлалт байхгүй. 2011 оноос хойш кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх эрх олноор олгогдсон. Нийт 92 байснаас цуцлагдсан, хүчингүй болсон, хугацаа дууссан нь 20 гаруй. Өнөөдөр 60 гаруй суваг үйл ажиллагаа эрхэлж байна. Хэрэв хууль тогтоомж зөрчиж, техникийн үйл ажиллагаа нь доголдсон энэ хэвээрээ үргэлжилсээр байвал эрхийг нь түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох арга хэмжээ авна.

Ц.Ж: -Эрх олгохоо больчихвол хүнд суртал гаргалаа, хааж боолоо гэнэ. Олгоод байхаар нөгөө талаасаа гомдол гардаг болчихоод байгаа. Хүсэлт тавьсан иргэнд телевизүүдийн тоо олон байна гэдэг. Эрх зүйн шинэчлэлийн жил болгож зарлаад байгаа нь үүнтэй холбоотой. Эдгээр харилцааг нарийн тусгахгүй бол журмаар зохицуулж болохгүй нөхцөл бий болоод байгаа. Хүн бүр телевизтэй, сувагтай болохыг хүсэж байна.

Ц.Ж: -“Сувгийн ченж” гэж байхгүй. Хориотой зүйл. Лицензийг зарна гэсэн ойлголт байхгүй. Гэтэл компаниа лицензтэй нь хамт зарчихаад байгаа. Манай тусгай зөвшөөрлийг зарж байгаа асуудал биш болчихоод байгаа юм.

-IPTV-гийн эрхийг хоёрхон компанид өгсөн. Бусад нь авч чадахгүй байхад тэд яаж авав гэж харддаг юм байна лээ. Өрсөлдөөн уг нь чухал баймаар. 

Б.Б: -IPTV-ийн тусгай зөвшөөрлийг анх хоёр аж ахуйн нэгжид олгосон. “Unitel” группийн “Univision”, дараа нь “Ситинэт” компанид. “Ситинэт” компани тусгай зөвшөөрлөө “Skymedia” компанид шилжүүлсэн. Эхний компани үйл ажиллагаа эрхлээд гурав, дараагийнх нь нэг жил болох гэж байгаа. Гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд олон тэрбумаар тооцогдож байгаа.

Тэдний зүгээс эхлээд оюуны өмчийн асуудлыг цэгцэлье. Өөр компанид эрх олгож, өрсөлдөөн оруулахад дургүйцэх зүйл байхгүй. Харин гурав, дөрөв дэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо гэхэд интернэтийн компаниуд кабелийн сувгууд ашиглан, хиймэл дагуулаас хүлээж аваад чанартай, чанаргүй нэвтрүүлэг дамжуулчих юм биш биз гэсэн болгоомжлол бий.

Өрсөлдөөн байна уу гэвэл хангалттай бий. Кабелиар үйлчилгээ эрхэлж буй арваад компани байна. Интернэтийн үйлчилгээний чиглэлээр 20 гаруй компани өрсөлдөж байгаа. Суурин үйлчилгээний компани бас 3-4 бий. Тухайн зах зээлд монополь давуу байдал байхгүй. Интернэтийн үйлчилгээ, чанар, үнэ тариф нь 2000 оны эхнээс өнөөдрийг хүртэл эмх замбараагүй явж ирсэн.

Шударга өрсөлдөөн нэрээр чанаргүй үйл ажиллагаа, үнэ тариф тогтоож байж. Энэ байдал нь гурвалсан, чанартай үйлчилгээ үзүүлдэг хоёр компани гарч ирэхээр алга болж байна. Үүнтэй холбоотойгоор нийт интернэтийн үйлчилгээ эрхлэгч 10 гаруй компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Үлдсэн хэсэг нь үйлчилгээний чанараа сайжруулах ёстой гэсэн ойлголттой боллоо.

-Контент дээр ямар нэгэн хяналт тавих эрх бий юү?

-Б.Б: -Контентийн хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ямар нэгэн цензур тавьж болохгүй гэдэг заалтаар нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөх боломжгүй. Өмнө нь Радио, телевизийн хэрэг эрхлэх газар гэдэг байгууллага байх үед хянадаг байсан.

-Хэд хэдэн телевизийг шаардлага хангаагүй гээд үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо эргээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Алдаагаа зассан учраас үйл ажиллагааг нь сэргээж байна гэж ойлгож болох уу?

Б.Б: -Эрхээ сэргээсэн газар ганц л байгаа. Бусад нь өөр нэрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хуулийн дагуу бүрдүүлэх ёстой материалаа бүрдүүлээд ирсэн, хөрөнгө оруулагч, хөрөнгө нь байгаа бол тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй.

Ц.Ж: -Та өмнө нь зөвшөөрөл аваад цуцлагдсан учраас авч болохгүй гэсэн хуулийн ойлголт байхгүй. Тухайн хүний эрхийн асуудал болж байгаа юм. Бид хуучин нэрээр чинь өгөхгүй шүү гэсэн хаалт л хийж өгч байгаа. “Шонхор” гэж нэрээр авахгүй шүү гэхээр “Хоёрдугаар суваг” гэсэн нэрээр авчихаж байна.

Эрх зүйн шинэтгэлээр хийх гээд байгаа ажлын нэг нь үүнтэй холбоотой. Контентийн асуудал яригдаж эхэлж байна. Анх нөхцөл, шаардлагаа тавихдаа монгол контент төдөн хувь, хүүхдийн нэвтрүүлэг нь тийм хувь байна гээд заачихдаг байж. Гэтэл хүүхдийн нэвтрүүлэг цацна гэж эрх авчихаад нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг хийгээд байдаг. Ингэж болохгүй гэсэн шаардлага тавихаар та нар сэтгүүлчийн эрх чөлөөнд халдлаа гэдэг. Тэгэхээр контент нь бид нарт хамааралгүй болчихож байгаа юм. Контентийн зохицуулалтыг Оюуны өмчийн газар хийнэ гэж байгаа.

Бараг өдөр бүр “Солонгос кино гаргахыг болиулаач” гэж надад хэлдэг. Би болиулдаг хүн нь биш шүү дээ. Яагаад солонгос кино гаргаад байна гэхээр телевизүүд нэг цагт 15 минутын реклам цацах эрхтэй байдаг. Телевизүүдийн үндсэн амьжиргаа нь реклам юм. Телевизүүдийн орлого олдог цаг нь 19 цагаас эхэлдэг. 19 цагаас хойш явж байгаа реклам хамгийн өндөр үнэтэй буюу ашгийн гол бүрдүүлэлт нь. Рекламаа цацахын тулд хүнд хэрэгтэй юм үзүүлэх хэрэгтэй болно.

Тэгэхээр хамгийн хямд зардлаар сонирхолтой зүйл үзүүлэх шаардлага тулгарна. Өнөөдрийн байгаа контент дотроос солонгос кино хамгийн хямд нь. Нарийн яривал өмнө нь үнэгүй байсан. Одоо багахан үнэтэй болсон. Хамгийн олон хүн үзэж байгаа кинон дундуур гарч байгаа реклам хамгийн өндөр үнэтэй байдаг юм билээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй болчихоод байгаа.

-АНУ-ын Засгийн газар хүртэл хакердуулж, улсын нууцаа алдаж байна. Манайд хакеруудын дайралт хэр их ирдэг вэ. Үүнээс хамгаалах баг байдаг уу. Одоо ZTE-г тойрсон асуудал дуулиан болоод байна шүү дээ.

Ц.Ж: -Монгол Улсад мэдээллийн технологийн аюулгүй байдлыг Кибер аюулгүй байдлын газар гэсэн байгууллага хариуцдаг. Дата төв дээр 24 цагийн мониторинг хийдэг. Цахим хуудсыг хакердах гэдэг ч юм уу, жижиг асуудал нэг их өндөр түвшинд байхгүй. Монгол Улс чадахынхаа хэрээр хамгаалж ажиллаж байгаа гэж хэлж болно. Хамгийн сүүлд бид 16 яам, агентлагийн мэдээллийн технологийн аюулгүй байдал ямар түвшинд байдаг юм бэ гэдгийг судалсан. Яам бүр өөр өөр түвшинд байна лээ. Энэ онд Кибер аюулгүй байдлын газартай хамтраад нэгдсэн сургалт явуулахаар төлөвлөж байна.

ZTE-гийн тухай нэлээд хүн асууж байгаа. Мэдээллээ алдаад байгаа юм биш үү гэж. БНХАУын Засгийн газрын зээлээр Монгол Улсын 120 сум, суурин газарт татаж байгаа шилэн кабелийн хөрөнгө тэр зээлээс хийгдсэн байдаг. Операторууд болон бусад компанийн хувьд хөрш орны төхөөрөмжүүдийг нэлээд хэрэглэдэг юм билээ. Үүнд тусгай хяналт тавьдаг байгууллагууд нь хяналт тавиад явж байгаа учраас мэдээлэл алдагдах, эс алдагдах тухайд тухайн байгууллага хариулах байх л даа

-Сайтуудын сэтгэгдлийг “хянана” гэж ярьж байсан ч хэрэгжээгүй. Энэ зөв алхам байсан уу? 

Ц.Ж: -Сэтгэгдлийг хянах юм биш л дээ. Манайх хянадаг ч газар биш. Энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал. Цагдаагийн газарт сэтгэгдэлтэй холбоотой маш их гомдол байдаг. Үүнийг цаашид хэрхэн зохицуулах, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь л чухал. Монголд сайтын хоёр ч холбоо байна. Сүүлд нэг нэмэгдсэн байх. Тэдэнтэй харилцан ярилцаж тохиролцсон. “Сэтгэгдэлтэй холбоотой журам гэж бий. Тэрхүү журмаа мөрдөж ажилла. Ер нь сэтгэгдэлтэй холбоотой асуудлыг редакторладаг бол.

Хүн хэрэв гомдол үүсгээд намайг доромжилсон байна гэвэл админ нь устгадаг бол, хараал байвал шүүдэг бол” гэдэг дээр тохиролцсон. Энэ журмыг тодорхой хугацаанд хэрэгжүүлж байгаа. Үр дүн гарахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэдгийг тохиролцсон. Олон улсад нэг л зарчмаар шийдсэн байдаг юм билээ. Сэтгэгдэл бичихийн тулд и-мэйл, эсвэл фэйсбүүк хаягаа бүртгүүлчих гэж. Энэ системийг нэвтрүүлэх үү, үгүй юү гэдгийг ярилцсан. Гэтэл ташаа мэдээлэл цацагдсан. Бараг манай газраас нууц үг аваад, түүгээрээ ордог болох юм байна гэх яриа гарсан. Тийм зүйл хэзээ ч байж болохгүй шүү дээ. Харилцаа холбооны газар сайтуудын холбоо, ассоциац журмаа мөрдөж ажиллаж байгаа, эсэхийг байнга хянаж байгаа.

-Та бүхэнд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье