Ц.Жадамбаа: Та бүхэн зурагтаа солих шаардлагагүй
Мэдээллийн технлоги, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.01.16

Ц.Жадамбаа: Та бүхэн зурагтаа солих шаардлагагүй

Мэдээллийн технлоги, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

-Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарыг толгойлох болсноос хойш ямар ажил хийв. Дэвшүүлсэн зорилт, зорилгынхоо талаар яриагаа эхлэх үү?

-Эргээд хартал энэ ажлыг аваад жил гурван  сарын хугацаа өнгөрчихсөн байна. Хүний ажил, амьдралаар тооцох юм бол энэ урт хугацаа л даа. Нэг жилийн хугацаанд аливаа компани аль хэдийнэ хөл дээрээ босчихсон байх хангалттай цаг. Тэр утгаараа манай салбарын хувьд ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээд олон ажил амжуулсан байна. Үүний тодорхой хэсэг нь нийгэмд харагдаж байгаа болов уу. Өнгөрсөн жил бид стратегийн долоон зорилт дэвшүүлсэн.

-Ямар зорилтууд билээ?

-Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр дэвшил гаргалаа. Тухайлбал, сансрын үндэсний зөвлөлийг байгууллаа. Энэ салбарын дэлхийн шилдэг гэсэн бүх компани Монголд ирж, танилцуулгуудаа хийж, саналаа хэллээ. Монгол Улсад харилцаа холбооны болон тандалт судалгааны хоёр төрлийн хиймэл дагуулыг хэзээ ямар хугацаанд хөөргөх вэ гэдэг чиглэлүүдээ гаргалаа.

Олон улсад рарег буюу цаасан гэж нэрлэгддэг кансат хөөргөлөө. Эхэлж үүнийг хөөргөсний дараа үндсэн сателетийг хөөргөдөг юм байна. Хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг л хүлээх үлдлээ. Хоёрдугаарт нь төрийн түгжрэлгүй үйлчилгээг амжилттай эхлүүллээ. Бүх яам, агентлагийг нэг сүлжээнд оруулж, цахим засаглалыг хэрэгжүүлэх ажлыг бүрэн утгаар нь хийлээ.

-Төрийн үйлчилгээний цахим машин мөн биз дээ?

Үндэсний Дата төв өгөгдлийн төв болж түүнд үндэслэн ТҮЦ машин төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна.

-Тийм. Үндэсний Дата төв өгөгдлийн төв болж түүнд үндэслэн ТҮЦ машин төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна. Улаанбаатар хотын 17 цэг, 21 аймаг, зарим том сум сууринд ТҮЦ машин ажиллаж байна. Гуравдугаарт нь орон нутгийн өрхийн интернэтийг хоёр дахин хямдруулж, хурдыг нэмэх ажлыг өнгөрсөн онд хийлээ.

-Интернэтийн хэрэглээ хэр тэлэх бол гэдэг л иргэдэд сонин байдаг байх. Шилэн кабель татах арга хайж байгаа компаниудад таны тэргүүлсэн энэ байгууллага боломж олгодоггүй гэх шүүмжлэл ч байх юм?

-Улс орнуудад интернэтийн үндсэн сүлжээ гэж байдаг. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал маш том турба юм л даа. Үүгээр явж байгаа ус нь интернэт буюу мэдээлэл юм. Энэ нэгдсэн сүлжээнээс аймаг тус бүр салбарлаж авахыг жижиглэн гээд байгаа юм. Гэтэл нэгдсэн сүлжээний хажуугаар нэмэлт сүлжээ татуулахгүй гэдэг бодлогыг үе үеийн Засгийн газар барьсан. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс бусад компаниуд Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанитай хамтарч, нэгдсэн сүлжээнээс ашиглаж байгаа шүү дээ. Гэвч “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн тарааж байгаа интернэт үнэтэй байна гэдэг гомдлыг компаниуд тавьдаг.

Тиймээс өөрсдөө сүлжээ татмаар байгаагаа илэрхийлдэг. Ийм хүндрэл бий учраас бид бодлогоо эргэж харъя, үндсэн сүлжээ түгээж байгаа компанийн интернэтийн үнийг хямдруулах ямар гарц байгааг судалж байна. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн зээлийн асуудлыг цэгцэлчихвэл интернэтийн үнийг хямдруулах боломж байгаа юм. Ямар ч байсан энэ асуудлыг 2014 онд шийднэ. Магадгүй энэ компанийн хувьчлалын асуудлыг ярих байх.

-WIFI интернэт түгээдэг “Кевико” гэх мэтийн компаниуд байна л даа. Үүнтэй адил хямд, хялбар нэвтэрдэг интернэтийн сүлжээнүүд манайд олон байгаа ч тэдэнд боломж олгодоггүй, эрхийг нь өгдөггүй гэх юм?

Монгол Улсын хэмжээнд интернэтээ чөлөөтэй тавь.

-Харин ч эсрэгээрээ шүү. Тийм зүйл байхгүй. Бид ирэх баасан гаригт гэхэд л Кевико, Номсис, Виком гэсэн гурван компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Монгол Улсын хэмжээнд интернэтээ чөлөөтэй тавь. Төрөөс дэмжье гэдэг утгатай санамж бичиг. Гэхдээ интернэтийнхээ эхний 15-30 минутыг үнэ төлбөргүй болго гэх зэргийн нөхцөлтэйгөөр гэрээ хийх гэж байна. Мэдээж Монгол Улсын хууль, дүрэм, журам гэж бий. Үүнд тусгасан шаардлагыг хангаагүй зарим нэг компаниуд хэвлэл мэдээллээр өөрсдийнхөө зөв мэтээр бичүүлдэг нь тэднийг хаадаг, боодог, хавчдаг гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлээд байгаа юм.

-Тоон системд шилжих зорилтыг өнгөрсөн онд дэвшүүлсэн бил үү. Ажлын явц ямар байгаа вэ?

-2015 он гэхэд дэлхийн бүх улс орон тоон системд шилжинэ гэж олон улсын цахилгаан холбооны байгууллагаас уриалга гаргасан.Үүнийг манай улс дэмжсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 89 сум, суурин газарт тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулаад, тестын цацалт хийж байна. Үлдсэн хугацаанд бусад станциудыг байрлуулж дуусаад ирэх долдугаар сарын 31 гэхэд тоон системд шилжинэ.

-Тэр үед айлууд хуучин зурагтаа гаргаж хаях юм гэнэ. Шинэ зурагт авах мөнгөгүй иргэд нь “нүдээ аниад” сууж байх уу гэдэг яриа яваад л байна...

-Та зурагтаа солих шаардлагагүй. Тухайн иргэн өөрийнхөө телевизэд “сетап бокс” буюу хувиргагч төхөөрөмж худалдаж авахад л болно. Энэ төхөөрөмж нь хүчин чадал, бусад хүчин зүйлээсээ хамааран өөр өөр үнэтэй худалдаалагдах байх. Үүнийг мэдээж бодлогоор зохицуулна. Тоон системд шилжихийн тулд Япон улс таван жилийг зарцуулсан байдаг. Харин бид богино хугацаанд шилжүүлэхээр ажиллаж байна.

-Төхөөрөмжийг нь яаж худалдаж авах вэ?

-Нэгдүгээр сард харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн дагуу бүх нийтээр дагаж мөрдөх журам гаргана. Үүний дагуу бизнес эрхлэгчид уг төхөөрөмжийг худалдаанд гаргана.

-Тоон системд шилжсэнээр ямар өөрчлөлт мэдрэгдэх юм бэ?

-Заримдаа телевиз үзэхдээ антеннаа нааш нь, цааш нь хөдөлгөөд зурагтаа сайхан гаргах гэж үзэж тардаг тал бий. Тийм зүйл байхгүй болно гэсэн үг. DVD-гээр кино үзэж байгаатай адил цацалт нь сайжрах юм.

-Өнгөрсөн жил өөр ямар зорилт дэвшүүллээ?

-Бид оюуны бүтээмж, өндөр цалинтай ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Уул уурхайгаас илүү мэдлэгт суурилсан баялаг хэзээ ч шавхагдашгүй юм. Тийм учраас мэдлэгт тулгуурласан эдийн засагт суурилах нь чухал юм байна. Үүний нэг хэсэг нь манай салбар гэж үзсэн. Ингээд 2013 онд Монголын программ хангамжийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулган амжилттай болж, тэндээс төлөвлөсөн ажлуудыг хийгээд явж байна.

-Программ хангамжийн асуудал дээр манайх ямар дэвшил хийхээр зорьж байна вэ?

-Олон улсын стандарт бүхий программ хангамжуудыг үйлдвэрлэх ёстой юм байна. Жишээлбэл, 36 технологи нэвтрээд тодорхой хугацаа өнгөрлөө. Хүмүүс смарт утас хэрэглэдэг боллоо. Энэ хэрээр монгол хүний хэрэгцээ шаардлагад тохирох программ хангамж шаардлагатай болж байна. Ийм программуудыг өөрсдөө үйлдвэрлэх цаг болжээ. Монголчуудын хийсэн программууд дэлхийн санхүүгийн зах зээл дээр байна. Гэхдээ гар утас, уул уурхайн салбарт манайхны хийсэн программ үгүйлэгдээд байна. 'Цаашлаад бид өөрсдийн бүтээсэн программуудаа олон улсын түвшинд гаргах хэрэгтэй байгаа юм. Үүнийг 2013 онд дэвшүүлсэн долоон зорилтынхоо нэг болгон ажиллалаа.

Хамгийн сүүлийн зорилт нь юу билээ?

-Мэдээллийн технологид суурилсан ухаалаг шуудангийн хайрцгийн төсөл юм. Үнэндээ Монгол Улсад хаягжуулалтын асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Энэ үед шуудангийн тухай ойлголт харьцангуй болчихлоо. Орчин үед монголчууд захиагаар харилцдаг ойлголт бараг байхгүй болчихсон гэхэд болно. Тийм учраас шуудан гэдэг зүйл байхгүй болчихсон мэтээр төсөөлдөг л дөө. Гэвч шуудан орчин үеэ дагаад шинэ утгаараа хөгжиж байна. Одоо шуудан маань логистик үйлчилгээ рүүгээ түлхүү явж байна. Үүнийг бий болгохын тулд ухаалаг шуудангийн хайрцгийн төсөл хэрэгжүүлэхээр болж байгаа.

-Ухаалаг шуудангийн хайрцаг гэдэг нь ямар учиртай юм бол. Дэлгэрэнгүй тайлбарлавал?

Захиа, шуудан, сонин, том хайрцагтай илгээмж ч багтах боломжтой гэсэн үг.

-Улаанбаатар хотод 18 цэг, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 50 ширхэг нүдтэй нэг хайрцаг байршуулж байгаа. Хайрцагын нүд бүр нь илгээмжийнхээ багтаамжаас шалтгаалаад том, жижиг байх юм. Захиа, шуудан, сонин, том хайрцагтай илгээмж ч багтах боломжтой гэсэн үг. Амьдардаг газрын чинь хамгийн ойр цэг дээр танд илгээмж ирлээ гэхэд таны гар утсанд мессэж ирнэ. Нууц кодоо хийж шуудангийн хайрцгаа онгойлгоно. Илгээмжээ авсны дараа хайрцаг хаагдана. Өөрөөр хэлбэл шуудангийн хайрцаг мэдрэгчтэй байх юм.

Энэ хайрцгийг дүүрэг, хороогоороо ашиглах боломжтой. Ер нь ухаалаг шуудангийн хайрцаг дэлхийд шинэд тооцогдож байгаа шүү. Шинэ зүйлийг монголчууд түрүүлж нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно доо. Төсөл амжилттай хэрэгжвэл яваандаа бүх аймаг, сумдаар хайрцгийг түгээх юм. Иргэд цахим шуудангийн хайрцгаар илгээмж аваад эхэлдэг болбол сонин хэвлэлийн захиалагчдын тоо ч нэмэгдэнэ. Иргэд төрийн үйлчилгээний цахим машинаар сонин хэвлэл захиаллаа гэхэд цахим шуудангаар илгээх боломж ч бүрдэнэ.

-Өдөр тутмын сонин хөдөө орон нутагт хожуу очдог байдал багасна гэсэн үг үү?

-Ер нь Засгийн газар зарим аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон учраас сонины хүргэлт хэд дахин хурдан болсон. Яалт ч үгүй баруун бүсийн аймгуудын хувьд сонин түгээлт удаан байна. Үүнийг эс тооцвол хөдөө орон нутагт орой очдог байсан сониныг өглөө хүргэдэг болж байна. Гэх мэтчилэнгээр шуудангийн салбарт ч нэлээд шинэчлэлүүд хийгдэж байгаа.

-Өнгөрсөн онд ийм ажлууд төлөвлөжээ. Энэ жил эдгээр ажлуудаа үргэлжлүүлж, дуусгах байх. Үүнээс гадна 2014 онд тусгайлан ямар зорилт тавьчихаад байна вэ?

-Стратегийн долоон зорилт маань дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрээс нь 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаж байгаа. Мэдээллийн технологи, шуудан, харилцааны салбарыг маш цөөн хуулиуд зохицуулдаг. Гэвч энэ салбар хөгжих хэрээр зохицуулах олон зүйл гарч ирж байна. Тиймээс шаардлагатай хуулиуд олон бий. Мөн энэ салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байна. Хөгжлийн чиг хандлагаа тодорхойлохгүй бол дэлхий цаг, минутаар хөгжиж байна. Үүнээс хоцрохгүйн тулд шаргуу ажиллах хэрэгтэй байна.

-Жишээ нь ямар хуулиуд гаргахаар ажиллаж байна вэ?

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг гаргахгүй бол болохгүй нь. Манай ажил руу хүмүүс “Телевизүүдийн солонгос кино, рекламыг болиулаач ээ” гэж маш их утасддаг боллоо. Үүнийг хичнээн дүрэм, журмаар зохицуулах гээд нэмэр алга. Т иймээс хууль хэрэгтэй гэдэг нь харагдаад байгаа юм.

-Яаж зохицуулна гэж?

-Өнөөдөр телевизэд харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн жишгийн дагуу нэг цагт 15 минутын рекламны эрх олгодог. Тэгэхээр телевизүүд рекламны цагаа нэммээр байна гэдэг. Реклам багатай телевизүүдийн мэдээж орлого нь багасаад ирнэ. Тэр үед хямдхан контент худалдан авч түгээх шаардлага гардаг. Тэр нь солонгос кино байх жишээтэй. Тиймээс телевизэд санхүүгийн өөр эх үүсвэр гаргах асуудлыг хуулиар зохицуулж өгөх шаардлага гарч байна.

-Өнгөрсөн жил телевизийн сувгуудыг хаасан нь бөөн шүүмжлэл дагуулсан байх аа?

-Шаардлага хангаагүй есөн сувгийг хаасан. Телевизүүдийг байнга шалгаж байгаа. Энэ арга хэмжээ цаашид үргэлжилнэ. Шаардлага хангаагүйд нь торгууль тавьж байна. Рекламаа хэтрүүлсэн, хориотой сурталчилгаа явуулсан гэх мэтийн зөрчлүүд илэрдэг. Нөгөө талд шинээр кабелийн телевизүүдэд тусгай зөвшөөрөл олголоо гэдэг гомдлыг бусад телевизүүд тавьдаг. Гэвч Монгол Улсын иргэн суваг нээе гээд шаардлагын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирвэл “үгүй” гэх эрх хуулиараа байхгүй шүү дээ. Гэвч байгуулагдсаных нь дараа шаардлага хангахгүй байгааг нь хаахаар манайх хүнд суртлын байгууллага болоод хувирчихдаг. Энэ бүхнийг л хуулиар зохицуулах шаардлага байна.

-Сайтуудын асуудал дээр ямар зохицуулалт хийх вэ?

-Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид туссанаар сайтууд албан ёсны мэдээллийн хэрэгсэл биш гэдэг байдлаар явж байгаа. Ямар ч зохицуулалтгүй замбараагүй, борооны дараах мөөг шиг олширч байна. Тиймээс хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Мэдээний аюулгүй байдлын тухай асуудал ч сайтуудын хүрээнд яригддаг. Нэг сайтаас хуулж аваад тавьчихдаг асуудлыг цэгцлэх зохицуулалт хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллагын сайт тусдаа, хэвлэл мэдээллийн албан ёсны тусгай зөвшөөрөлтэй сайтууд ч тусдаа байх хэрэгтэй юм. Энэ чиглэлээр зохицуулалт хийх гэж байна. Тиймээс мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт эрх зүйн ямар зохицуулалт хийх талаар өнөөдөр Төрийн ордонд чуулах гэж байгаа юм.