Ж.Бат-Эрдэнэ: Мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүйн тулд 4G үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй
“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ны гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.01.17

Ж.Бат-Эрдэнэ: Мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүйн тулд 4G үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй

“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ны гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ харилцаа холбооны салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа.

- Монголын мэдээллийн технологи, харилцааны салбарт нэн түрүүнд юу хийх хэрэгтэй байна вэ?

Жил бүр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхан цуглаж, зорилгоо тодорхойлж олон түмэндээ танилцуулдаг уламжлалтай бөгөөд уулзалт бүр онцлогтой. Энэ удаа бид гол анхаарлаа салбарын эрх зүйн орчинг сайжруулахад чиглүүлж “Эрх зүйн шинэчлэл” гэсэн арга хэмжээг зохион байгууллаа. Өнгөрсөн жил ямар ололт, амжилтад хүрсэн, ямар саад бэрхшээл тулгарсан тухайгаа ярилцсаны зэрэгцээ ирэх жилд хэрэгжүүлэх ажлаа нарийвчлан авч үзлээ. Мэдээллийн технологи, шуудан,  харилцаа холбооны газар, харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага болон улсын үйлдвэрүүд илүү идэвхтэй оролцсон.

2013 онд Цахилгаан Холбоо компаний хувьд хөдөөд интернетийн сүлжээг хүртээмжтэй болгох, бизнесийн хүрээгээ тэлэх чиглэлээр түлхүү ажиллалаа. Ингэхдээ интернет хэрэглэгчиддээ таатай үнийн боломж өгөх, сүлжээний хурд хүчийг нэмэхийг хичээсэн. Энэ онд бид олон ажлыг төлөвлөж байна. Түүний дотроос онцолж хэлэхэд 2014 онд манай компани 4G буюу LTE системийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Монгол, Солонгосын тал нийлээд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг уг төслийг суурь судалгааг гурван сарын турш хийж дуусгалаа. Судалгаанд монголын харилцаа холбооны зах зээлийн хөгжил, менежмент явуулж буй арга хэлбэр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, хууль зүйн орчин, хэрэглэгчид, үйлчилгээний үнэ тариф гээд бүх л зүйлийг хамрууллаа. Хийсэн судалгаандаа үндэслээд Монголын Цахилгаан Холбоо компани цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн зах зээл дээр бизнесийн ямар загвараар ажиллахаа тодорхойллоо. Ингээд бид 4G буюу бөөний урсгалын сүлжээний системийг нэвтрүүлэхээр шийдсэн юм.

- Энэ систем нэвтэрснээр юу өөрчлөгдөж, хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болох вэ?

Бид 3G үйлчилгээг ашиглаад дөрвөн жилийн нүүр үзлээ. Гэсэн хэдий ч энэ систем маань төдийлөн газар авахгүй байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн 13 хувь ашигладаг гэсэн судалгаа байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт: Операторууд хангалттай түвшинд 3G-г ашиглаж чадсангүй. Хоёрдугаарт: 3G-гийн өөрийнх нь хэрэглэгчдийг татах чадамж муу байна.

Монголын хэрэглэгчид 3 500 000 гар утастай. Харин дэлхийн хэмжээнд 6 800 000 000 гар утас байна.

Түүнчлэн дэлхийн хандлагыг харахад зах зээл нь хумигдаж, улс орнууд 4G-д шилжиж эхэллээ. Хурдны хувьд 4G нь 3G – гээс тав дахин илүү. Тухайлбал: 3G-гээр таван гегабайт хэмжээтэй файлыг 5-7 цагийн хугацаанд татдаг бол, 4G-г ашигласнаар 5-7 минут зарцуулна. Түүнээс гадна сүлжээний маш бага зурвасаар их хэмжээний мэдээллийг дамжуулах боломжтой. Тэгэхээр Монголд хязгаарлагдмал баялаг болсон давтамжаа хэмнэнэ гэсэн үг.

Үүнийгээ дагаад мэдээллийн салбарт бизнесийн орон зай тэлэгдэнэ. 4G технологийн бас нэг давуу тал бол их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар, агаараар ч тэр түргэн хугацаанд ижил хурдаар дамжуулахад оршиж байгаа юм. 4G технологийг гар утас, компьютер гээд бүх техник хэрэгслүүдэд ашиглаж болно.

Гэр хорооллыг интернетжүүлэх гэж бид олон жил зүтгэсэн ч үр дүнд хүрээгүй. Гэтэл дэлхийн туршлагаас харахад төвөөс алслагдсан хорооллууд болон орон нутгийн суурингуудыг интернет сүлжээнд холбох ганцхан арга нь 4G технологи байдаг. Дэвшилтэд технологи гэдэг нийгмийн амьдралын олон асуудлыг шийдэж чаддаг.

- Монголын Цахилгаан Холбоо компани харилцаа холбооны салбарын зангилаа болсон асуудлуудыг хариуцаж, бодлогын шинжтэй шийдвэр гаргадаг гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Энэ зах зээл дээр ямар нэгэн замбараагүй байдлыг үүсгэхгүй, бизнес эрхлэгчдэд дарамт очихгүй байхын төлөө л ажиллаж байна. 2007 онд Засгийн Газрын гэрээгээр үүрэн холбооны үйлчилгээний эрхийг Монголын Цахилгаан Холбоо компанид өгье гэж шийдсэн. Гэхдээ манай компани зах зээлд орвол бусад операторуудад маш их садаа болж, зөрчлүүд бий болно.

Тиймээс зах зээлээс татгалзаж, үүнийхээ оронд монголд байхгүй 4G үйлчилгээг нэвтрүүлье гэж шийдсэн учир нь энэ юм. Бид 4G-г нэвтрүүллээ гээд бусдад ямар ч асуудал үүсэхгүй, харин ч үйлчилгээний цар хүрээ нь нэмэгдэнэ. Түүнээс гадна энэ ажил том хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Солонгосын тал 400 сая долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд Засгийн Газартай санамж бичигт гарын үсэг зурчихсан.

- Одоогоор Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Өгөгдлийн тухай хууль гэх зэрэг хэд хэдэн хуулийн ярих боллоо. Эдгээр эрх зүйн бичиг баримтуудыг батлах цаг үеийн ямар нөхцөл шаардлага байна вэ? Тэдгээрийг баталснаар ямар асуудлыг шийдэх гарц нээгдэх вэ?

Хуулиудыг батлах шаардлагатай. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг аваад үзье. Энэ хууль байхгүйгээс болж эфирийн телевиз, кабелийн телевиз, сувгийн телевизүүд хоорондоо ялгарахаа байжээ. Үнэндээ тэдгээрийн ажиллах зарчим, цар хүрээ тэс ондоо. Сувгийн телевиз зөвхөн ямар нэгэн сэдвийн хүрээнд нэвтрүүлэг цацдаг телевиз болохоос эфирийн телевиз биш. Харин эфирийн телевиз өөрөө дамжуулах сүлжээтэй, өөрөө контентоо \агуулга\ үйлдвэрлэдэг. Өргөн нэвтрүүлгийн салбарт 90 гаруй телевиз ажиллаж буй өнөөгийн нөхцөлд тэдний үйл ажиллагааных зааг ялгааг тогтоож, үзэгчдэд ойлгомжтой болгох хууль хэрэгтэй байна. Эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой.

- Харин өгөгдлийн тухай хуулийн хувьд юу хэлэх вэ?

Энэ хуулийн төслийг боловсруулж байсан ч батлагдаагүй. Хуулийн ач холбогдлыг би жишээн дээр тайлбарлая. Google, Yahoo зэрэг дэлхийн томоохон компаниуд юун түрүүнд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг. Тэд бизнес бол хэрэглэгч гэсэн гол зарчмыг баримталдаг. Тиймээс хэрэглэгчдийнхээ шаардлагатай мэдээллийг нууцлах, олж өгөх нь номер нэг асуудал. Өгөгдлийн тухай хууль ард иргэдийн нууц мэдээллийг яаж хамгаалах, хадгалах, нэгдмэл байлгах вэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Хуулийн мөн чанар нь хувь хүний мэдээллийн нууцлал гэж ойлгож болно.

Энэ хууль эрүүл мэндийн салбарт бас хамаатай. Өвчний түүх мөн л хувь хүний нууц. Өвчтэй хүний мэдээллийг авсан хэн нэгэн тэр хүнийг өвчнөөр нь далимдуулж дарамтлах эрсдэлтэй.

Банкны салбарын мэдээлэл ч үүнд хамаатай. Google компаний захиралтай уулзахад тэр хамгийн түрүүнд та нар хүний хувийн нууцыг яаж хадгалдаг вэ, үүний тулд ямар хуулийг хэрэгжүүлдэг вэ гэж хамгийн түрүүнд асуусан нь манайд эрх зүйн зохицуулалт байхгүйг гэрчилнэ.

- Тэгвэл хууль тогтоогчид маань хэр идэвхтэй хандаж байна вэ?

Хууль тогтоогчдод хүрээсэй гэсэндээ л бид “Эрх зүйн шинэчлэл” гэсэн энэ арга хэмжээг зохиосон. Төрийн зүгээс хангалттай дэмжинэ л гэж бодож байна.

- Гар утасны хэрэглээ ярих, мессэж бичихээс гадна олон үйлдлийг хамардаг боллоо. Ухаалаг утасны хэрэглээний дэлхийн чиг хандлага ер нь хаашаа явж байна вэ? Гар утас гэгч харилцааны энэхүү жижиг хэрэгсэл цаашид ямар үүргийг гүйцэтгэдэг болох вэ?

Дэлхийн нийт гар утас хэрэглэгчдийн 20 хувь нь ухаалаг гар утас барьдаг.

Аливаа хөгжил, дэвшилтэд шилжилтийн үе байдаг. Анх эхлээд ганцхан Desktop компьютер байснаа дараа нь  Laptop гарч ирсэн. Дараа нь Ipad бий болсон. Тун удалгүй ухаалаг гар утсууд зах зээлийг эзэлж эхэллээ. Саяхан бидний хэрэглэж байсан зүйлсийн эрэлт багасч, зах зээлийн хүрээ нь хумигдаж байна. Гэхдээ хүнд хамгийн ойрхон нь ухаалаг гар утаснууд болж таарлаа.

Энэ жижигхэн хэрэгслээр хүн харилцааны олон төрлийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Гар утсыг дагасан хавсарга программ буюу бидний ярьж заншсанаар аппликэйшний зах зээл бий боллоо. Гар утсанд тохирсон файлын форматууд зохиогдож байна. Хүн төрөлхтөн энэ зам руу л явж байна. Технологи ингэж өндөр хөгжсөн нөхцөлд дэлхий нийтээс хоцрохгүйн тулд 4G-ийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.