Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” гэсэн зорилт тавьж, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “Монголчууд бид 2014 онд 3 сая дахь иргэнээ хүлээж байна. Олуулаа болох сайхан жил гарлаа” гэж хэллээ.
Манай улс хэрэглээнийхээ 88 хувийг импортолж, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ.
270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулна. Гаднаас хамгийн их авдаг барилгын материал, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, модон болон хуванцар эдлэл үйлдвэрлэхийг дэмжинэ.
Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна.
2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна.
Эрчим хүчний хувьд Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна.
Аймгийн төвийг хот болгох зорилтод Засгийн газар анхаарч, аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ, 12 аймагт оношилгооны төв байгуулж, энэ хавар ашиглалтад өгнө. Мөн аймаг бүр жишиг сумтай болно гэлээ.
Орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж, 30 мянган айлыг орон сууцтай болгож, өнгөрсөн жилийн амжилтаа нэмэгдүүлнэ гэлээ.
Ажил орлогыг нэмэгдүүлж айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудаа Ерөнхий сайд танилцуулахдаа “40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3,2, залуу малчдыг дэмжихэд 3,5 тэрбум төгрөг зарцуулна. 50 мянган ажлын байр шинээр бий болгоно, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, оюутны цагийн ажил, зуны ажил хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянган оюутныг ажилд зуучилна, жижиг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын дарамтыг багасгана” гэж хэллээ.
Төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зорилтын хүрээнд нээлттэй, ухаалаг төрийн төлөө ажиллана. 11 11 төвийг ажиллуулсан нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа, энэ төвөө өргөтгөнө. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлнэ, төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгоно. Шилэн данс, шилэн тендерийг бий болгоно. Мөнгө, төсөв хөрөнгөө иргэдэд нээлттэй болгоно. Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн шалгаруулалтыг ил тод явуулна гэж Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа.