Шадар сайд Д.Тэрбишдагва 11-11 төвд ажиллалаа
Өнөөдөр Шадар сайд Д. Тэрбишдагва 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулт өглөө.
11-11 төв байгуулагдсанаас хойш Шадар сайдын нэр дээр нийт 167 санал хүсэлт, талархал, шүүмжлэл ирснээс 162 асуудалд хариулт өгч, таван асуудлыг шалгаж судалж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ.
Уулзалтын үеэр 4200 иргэн 11-11 төвийн утсаар болон цахим хуудсаар хандаж саналаа Шадар сайдад хүргэлээ. Тогтоосон стандартыг төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, нийгмийн амьдралд мөрдүүлж хэвшүүлэхэд Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрууд ажиллаж байгаа.
Эдгээр байгуулагууд шалгаж, торгож шийтгэхийг урьдал болголгүйгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, стандарт, хууль, тогтоомжийг мөрдөж хэвшүүлэхэд тэдний оролцоог хангах, зөвлөж үйлчлэх, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, цоо шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн.
Төсвийн хөрөнгийг хамгийн үр дүнтэй зөв зарцуулж, стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг ард түмний нийтлэг хэрэгцээнд нийлүүлэхийн төлөө Худалдан авах ажиллагааны газар ажиллаж, зарим нааштай үр дүн гаргаж эхэллээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшил, олон улсын шилдэг загвар, зохистой дадлыг нэвтрүүлэх, нутагшуулах, өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурлан аль болох оюуны өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал, санаачилгыг хөхиүлэн дэмжиж “Монгол брэнд” бий болгохын төлөө Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа чиглэгдэж байгаа. Энэ бүх ажлын эцсийн үр дүн стандартад нийцсэн байх ёстой.
Бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон асар их баялаг, төр, хувийн хэвшлийн эд хөрөнгө, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийн төлөө Онцгой байдлын алба ажиллаж байна. Эдгээр байгууллагыг сахилга, дэг журамтай, шударга, ил тод үйл ажиллагаатай байлгахын төлөө Монгол Улсын Шадар сайдын зүгээс хянан зохицуулах, урамшуулан дэмжих, стандарт удирдлагаар хангах, ёс суртахууны талаар үлгэрлэн манлайлахыг хичээн ажиллаж байна гэж Шадар сайд хэллээ.