“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалт
2013.12.30

Хариуцлага, хяналт, хэрэгжилт цахим уулзалтаар хийсэн ажлаа дүгнэв

Энэ онд Засгийн газар, яамд, агентлагийнхан тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Олон жилийн хуучин тогтолцоог өөрчлөнө гэдэг амар хялбар ажил биш.

Гэхдээ төрийн байгууллагын ажилтнууд, яам, тамгын газрынхан нэлээд сэтгэл гаргаж ажилласны үр дүнд тодорхой амжилтууд гарлаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагуудын удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалтын эхэнд онцлоод яамдын хийж байгаа бүтээлч ажлуудыг нэрлэлээ. Өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй урт хугацааны зээл нь цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сайн ажил болсон гэж дүгнэлээ.

Ажилтай, оролготой монгол хүн гэсэн бодлогын хүрээнд гаднаас авдаг байсан ажиллах хүчний тоог бууруулж, ажилгүй байсан хүмүүсээ богино хугацаанд сургаж бэлтгээд аж ахуйн нэгжтэй нь холбож чадсан учраас 51 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгосныг, бараа бүтээгдхүүний үнийг бууруулах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлснийг иргэддээ хүрсэн ажил боллоо гэж хэллээ.

Төрийн хүнд суртлыг арилгах, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг иргэдэд ил тод болгох талаар Сангийн яам бодитой ажил хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 209 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийнхан юунд зарцуулахаа иргэдээрээ хэлэлцүүлсэн. Энэ хөрөнгийн зарцуулалтыг иргэд эргэж хянадаг тогтолцоог Сангийн яам хийж чадлаа.

Төрийн үйлчилгээний цахим машиныг Улаанбаатар хотод төдийгүй бүх аймагт суурилуусныг, бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн авто зам, гудамж төслийн ажлуудыг сайн гэж дүгнэлээ. Өнгөрсөн онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй байсан боловч зарим компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж Өмнөговь, Хөвсгөл аймгийн замууд холбогдож чадаагүйг хэллээ.

Чингис бондын хөрөнгөнөөс санхүүжүүлэх экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслийг иргэдэд ил тод шалгаруулахад сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нарын үүрэг оролцоо их байгаа гэдгийг анхаарууллаа.