Л.Гантөмөр: Энэ эсэргүүцлийг заавал давна
БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.12.20

Л.Гантөмөр: Энэ эсэргүүцлийг заавал давна

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсон. 1-5 ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26-нд амарна. 6-9 дүгээр ангийнхан 1 дүгээр сарын 4-26, 10-12 дугаар ангийн сурагчид 1 дүгээр сарын 11-26-ныг дуустал тус тус амарна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлээд амралтын энэ хуваарийг ирэх жилүүдэд ч мөн мөрдөнө гэлээ.

Улирлын сурах бичигтэй холбоотой асуулт гарчээ. Боловсролын салбарын стандартын шинэчлэл, энэ стандартад таарсан хөтөлбөр, арга зүйн  агуулгыг гаргах ажил ид явагдаж байна. 40 сургуулийг лаборатори сургууль болгосон, эдгээр сургуульд улирал улирлаар нь сурах бичиг өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сурах бичгийн хэвлэлт удааширч, цөөн хоногоор сурах бичиг хоцорсон тохиолдол гарсан. Цаашид ийм тохиолдол гарахгүй гэж Л.Гантөмөр сайд хэллээ. 

МУИС-ийн шинэчлэлтэй холбоотой асуултад Л.Гантөмөр сайд:

-Дээд боловсролын чанарыг сайжруулах хамгийн гол зүйл бол судалгааны ажил. Манай сургуулиуд бол зөвхөн сургалтад анхаарч ирсэн. МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэл МУИС-д хийгдэж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл байгаа.

15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд  анхаарахгүй байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдлээ.