Эдийн засгийн байнгын хороо Н.Батбаяр сайдыг огцруулахыг дэмжсэнгүй
Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах МАН-ын гишүүдийн саналыг эдийн засгийн байнгын хороо дэмжсэнгүй.
Засгийн Газар үр бүтээлтэй ажиллаж чадахгүй байна. Эдийн засгийн байдал дордсоны төлөө Эдийн Засгийн Хөгжлийн сайд, Сангийн сайд хоёр хариуцлага хүлээх ёстой гэж МАН-ын бүлэг УИХ-д санал гаргасан билээ. Асуудал эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар яригдлаа.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Улаанбаатарт тавигдаагүй замыг зөвхөн энэ жил тавьж байна. Гацчихаад байсан төмөр зам, цахилгаан станци зэрэг дэд бүтцийн ажлууд явж байна. Жишээ болгож, ТЭЦ3, ТЭЦ4-ийн өргөтгөл, “УС 15” зэргийг ярьж болно. Үүний төлөө энэ хоёр сайдыг огцруулах гээд байгаа юм уу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Чингис бонд гэгч эдийн засгийн үр ашиггүй төсөл хэрэгжиж байна. Бид жилд бондын хүүд 94 тэрбум төлж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс нэг долларыг нь өгч хоёр доллар босго, тэгээд дараа нь буцаагаад төлөг гэсэн байр суурьтай. Гэтэл энэ шаардлагыг Засгийн Газар хангаж ажиллахгүй байна.
Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаяр:
2008 онд бид валютын ханшаа алдаж, барааны үнэ өсч, ажлын байргүй болсноор эдийн засгийн өсөлт хасах руугаа орсон билээ. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд бид бондын мөнгийг босголоо. Үүний хүчээр одоо эдийн засгийн өсөлт 11,5 хувьтай байна.
Н.Батбаяр сайдын хэлж байгаагаар бол Чингис бондын хөрөнгөнөөс Засгийн Газар авто зам барихад ашиглаж байна. Мөн иргэдэд орон сууцны зээл олгох боломжийг бүрдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Харин гишүүдийн дунд хоёр сайдыг огцруулах талаар байр суурийн зөрүү байна.
УИХ-ын гишүүн Д. Ганхуяг:
Гурван тэрбум төгрөг гэдэг бол хөнгөлөлттэй зээл. Энэ зээл хэрэгжээгүй бол бензиний үнэ өсч ард түмний амьдрал улам дордох байсан юм. Тиймээс энэ асуудалд нухацтай, ойлгож хандах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Сайд нарыг огцруулах гэсэн хүмүүс өөрсдөө засгийн газарт орох гэсэн ганцхан зорилготойгоор жүжиг тоглож байна. Үүнийгээ зогсоох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд гэвэл хэдэн арван жилийн хөрөнгө оруулалттай хийх ажил гэж бодож байна. Өнөөдөр таван жилийн дараа төлөгдөх Чингис бондоор ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийх гэж байгаа нь улс орныг өрийн дарамтанд оруулж байна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
Сургуулийн хүүхдийн дүрэмт хувцсыг хийх гэж Чингис бондыг оруулж ирээгүй гэж бодож байна. Төмөр замын далан барьж байгаа тухай ярьж буй ч чухам ямар зам барьж, ямар үр ашигтай байхыг олон нийтэд мэдээлээгүй, УИХ-д ч танилцуулаагүй байна. Замын уулзварууд барих, цэцэг мод тарьсныг бүтээн байгуулалт гэж хэлэхгүй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Мөнгөний бодлогоор инфляцийг найман хувьд барина гэж баталсан боловч бодит байдал дээр 12 хувьд хүрчихээд байна. Статистикийн судалгаагаар ажилгүйдлийн түвшин 7,6 хувь болсноос бус буурсан үзүүлэлт ер алга. Макро эдийн засгийн гол таван үзүүлэлт бүгд хасах үзүүлэлттэй гарлаа.