Хятадын хүн ам ба төрийн гадаад бодлого
Шэньяны илүүдэл жинтэй хөвгүүдэд зориулсан цэргийн лагерь
2014.01.20

Хятадын хүн ам ба төрийн гадаад бодлого

Хятадын хүн ам тус улсын гадаад бодлогын нэгэн хэсэг үү, эсвэл эсрэгээрээ түрэмгий бодлогыг хазаарлах хүч болж байна уу? Уг асуултанд хариулах нь дэлхийн хамгийн их хүн амтай улсын төрийн гадаад бодлогыг гүнзгий ойлгоход тусална.

Хятадын хүн амын эрс өсөлтийг зарим хүмүүс хятадын дэлхийд учруулах аюул гэж үздэг. Үнэхээр олон хүн амтай улс хүн амын давуу байдлаа гадаад бодлогодоо ашиглаж байсан жишээ хүн төрөлхтний түүхэнд багагүй бий. Гэхдээ Хятадын гадаад бодлогод нөлөөлөх хүн амын хүчин зүйлийн талаар яаран дүгнэлт гаргах хэрэггүй юм.

Хятадын төрийн гадаад бодлогод хүн ам дараах дөрвөн хэлбэрээр нөлөөлдөг байна.

  • Хүн амын өсөлт, бууралт
  • Хүн амын насжилт
  • Жендерийн харьцаа
  • Дунд ангийнхны эзлэх хувь, үнэт зүйлс

Хэрэв эдгээр хүчин зүйлсийг тус бүрээр нь аваад үзвэл Хятадын хүн ам, гадаад бодлого хоёрын уялдаа ямар төвөгтэй болохыг олж мэдэх юм.

Хүн амын өсөлт, бууралт ба төрийн гадаад бодлого

Зарим эрдэмтэд хэтэрхий олон хүн амтай улс нөөцийн дутагдалд орж бусдыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг гэж үздэг. Гэхдээ Хятадын хүн амын өсөлтийн ерөнхий зургийг харвал сүүлийн жилүүдэд эрс буурсан нь Хятадын эрдэмтдийн санааг зовоосон асуудал болоод байна.

Хятадын хүн амын өсөлт сүүлийн 50 жилд.

1990-ээд оны хоёрдугаар хагас гэхэд төрөлтийн ерөнхий коэффициент 1,8 хүртэл буурч 2011 онд 1,5 болжээ. Аливаа улсын хувьд хойч үеэ хангалттай бэлдэхийн тулд энэ тоо 2,18-аас доошгүй байх ёстой байтал Хятад улс энэ шугамаас аль 1990 онд доошилжээ. Зургаадах удаагийн хүн амын тооллогоор төрөлтийн ерөнхий коэффициент улс даяар 1,18, хот суурин газруудад 0,88 гарсан байна.

Ийм байдлаар төрөлтийн түвшин 20 жилийн турш ерийн хэмжээнээс доогуур явсаар иржээ. Энэ нь явсаар нийгмийн хөгжил, төрийн гадаад бодлогын чиглэлийг өөрчлөх магадлал өндөр. Төрөлтийн түвшин тухайн улсын цэргийн хүч бүрдүүлэх чадавхийг тодорхойлдог. Хятадад төрөлт багасч буй нь эдийн засгийн хөгжлийн бие даасан байдлыг эргэлзээнд оруулж болзошгүй. “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн төрийн бодлогыг 30 жил явуулсны үр дүнд хот суурингийн боловсролтой эмэгтэйчүүд хүүхэд гаргах нь эрс багассан байна. Үүнээс болж Хятад улс хачирхалтай гэмээр хоёр асуудалтай тулгарав.

Нэг талаас хятадууд хэтэрхий олон ч, нөгөө талаас хятадууд хэтэрхий цөөрч байна. Өөрөөр хэлбэл хүн амын нийт тоо олон ч, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгтэй боловсролтой хүмүүсийн тоо хангалтгүй. Хүн амын хөдөлмөрийн бүтээмж АНУ-тай харьцуулахад 10 дахин, ОХУ-тай харьцуулахад гурав дахин доогуур байгаа нь үүний нэг илрэл юм. Эдийн засгийн хөгжлөө цаашид хэвээр хадгалж шинэ шатанд гаргахын тулд боловсролд их хэмжээний мөнгө зарцуулж улс төрийн түрэмгий бус уян хатан бодлого явуулахаас өөр аргагүй болж байна.

Хүн амын насжилт ба төрийн гадаад бодлого

Хүн амын олонхи нь хөгшрөөд ирэхээр ажлын хүч дутагдаж нийгмийн халамжид их мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Энэ нь олон улсын тавцанд их мөнгө хаях боломжийг хязгаарлах магадлалтай. Хэтэрхий олон тэтгэврийн насны хүн, тэдэнд зориулсан нийгмийн халамж (тэтгэвэр, тэтгэмж) зэрэг нь Хятад улсын “хариуцлагатай дэлхийн гүрэн” гэсэн олон улсын тавцан дахь байр суурийг ганхуулж мэдэх юм.

2050 он гэхэд улс орон “гүн хөгшрөлтийн” үедээ шилжих аж.

Нэг үе Хятад оронд ар гэргүй залуучууд олон байсан учраас хямдхан хөдөлмөрийн хүчээр өргөн хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой байв. Үүнийхээ хүчинд Хятадын эдийн засгийн өсөлт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болсон билээ. Гэхдээ хүн амын энэхүү боломж түр зуурынх байв. Нас дээр гарсан олон хүмүүс хөдөлмөрийн зах зээлийг орхиход хөдөлмөрийн бүтээмж доошилдог нь жам.

Хятадын Ардын Сургуулийн социологи, хүн амын судалгааны институтын профессор Чжай Чжэньугийн үзэж буйгаар “нэг  гэр бүл – нэг хүүхэд” бодлогыг өөрчилсөн ч хүн амын түргэн хөгшрөлтийг зогсоох аргагүй аж. Өөрөөр хэлбэл Хятад хөгширч буй улс боллоо гэсэн үг.

Ойрын 15 жилд Хятадын 60-аас дээш насны хүмүүс 100 саяд хүрч, харин 2030 он гэхэд 300 сая болно гэсэн урьдчилсан тооцоо байна.  Мэдээж энэ нь нийгмийн халамжид асар их мөнгийг зориулж ажиллагчдын татварыг нэмэхэд хүргэнэ. Түүнчлэн төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх, олон улсын түвшинд хүлээсэн үүргээ биелүүлэхэд улам л төвөгтэй болно.

Жендерийн харьцаа ба төрийн гадаад бодлого

Эмэгтэйчүүдээсээ хол давсан эрчүүдийн тоо хүн амын үл ойлголцол, зөрчилдөөнийг үүсгэж магадгүй гэсэн таамаг байдаг. Жендерийн бүтэц, төрийн гадаад бодлого хоёр хоорондоо шууд хамааралтай гэж хэлж болохгүй ч үүнийг батлах жишээ түүхэнд багагүй бий.

Хятадад 20-иос доош насны нэг эмэгтэйд 128 эрэгтэй ногддог. Ихэнх оронд 100-103 гэсэн харьцаатай байдаг.

Эдүгээ Хятадад 33 сая эрэгтэй гэр бүлгүй. Өөрөөр хэлбэл төдий тооны эрэгтэй нэг үндэстэнтэйгээ гэрлэх боломжгүй гэсэн үг. Нийгмийн нэгэн өвөрмөц давхаргыг үүсгэдэг гэр бүлгүй эрэгтэйчүүд авилга, хүчирхийлэлд автах нь амархан. Жендерийн тэгш бус байдал нийгэм доторхи зөрчилдөөнийг хурцатгаж төр хүчээр хутгалдахад хүргэдэг.

Гэхдээ “насан туршийн гоонь” эрчүүдийг номготгох аргууд бас бий. Тухайлбал өөр улс орон руу илгээдэг. Ингэхдээ хөдөлмөрийн хүч экспортлох юмуу цэргийн түрэмгийлэл хийх маягаар илгээж болно.

Дунд ангийнхан ба төрийн гадаад бодлого

Боловсролтой, бие даасан, гадаад ертөнцийг мэддэг хүмүүс дунд ангийг бүрдүүлдэг. Тэд аливаад ардчилсан үзлээр хандаж, гадагш чиглэсэн төрийн түрэмгий бодлогыг шүүмжилдэг. Гэхдээ ардчилсан, дарангуйллын гээд төрийн ямар ч дэглэм өөрийгөө хууль ёсны гэж харуулахын тулд дунд ангийнхны санаа бодлыг харгалзаж үзэхээс өөр аргагүй байдаг.

Зарим тоо баримтаар Хятадын дундаж иргэн жилд 10000-60000 долларын орлоготой байдаг аж. Ийм хүмүүс 300 сая бөгөөд Хятадын хүн амын 25 хувийг эзэлдэг. Бээжингийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар дунд ангийнхны 70 хувь нь эдийн засгийн ойлголцол олон улсын мөргөлдөөний аюулыг багасгадаг гэж үзжээ.

Ийнхүү Хятадын дунд ангийнхан төрийн гадаад бодлогын зөөлөн хэлбэрийг илүүд үзэж байна.