Тэтгэврийн насыг наашлуулах нь малчдын захиалга
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.01.21

Тэтгэврийн насыг наашлуулах нь малчдын захиалга

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Нийгмийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30  орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн  20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байна. Гэвч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүйгээс мал маллах хүн ховордож, ялангуяа залуу малчдын хувьд төв суурин руу өөр ажил хайх сонирхол нэмэгдэж байна.

Одоогийн хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй зэргээс хамралтын хувь бага байна. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.

Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ эдгээр тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс аж.

Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улс 145229 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна.

МАН-ын бүлэг мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, цаашид нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дараах дөрвөн асуудлыг тусгасан багц хуулийн төслийг боловсруулаад байна. Үүнд:

  1. 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх, ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулах,
  2. Жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох, 
  3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын шинж чанар, орлогын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох,
  4. Малчид хувиараа мал аж ахуй эрхлэх болсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох асуудал багцаар багтаж байгаа юм.

    Малчдын шимтгэл төлсөн жилийг нэмэгдүүлэн тооцох, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг доошлуулснаар тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир энэхүү нэмж шаардагдах хөрөнгө нь тэтгэврийн даатгалын санд дарамт болохгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Мөн уг хуулийн төслүүд малчдын нийгмийн захиалга болж байгааг ч онцоллоо. Түүнчлэн малчдын хөдөлмөр бол хүнд хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангах ёстой гэж үзжээ.