Б.Балгансүрэн: Солонгос киног зохицуулах хуулийн ямар ч заалт алга
Монголын Харилцаа Холбооны Зохицуулах Газрын дарга Б.Балгансүрэн
2014.01.21

Б.Балгансүрэн: Солонгос киног зохицуулах хуулийн ямар ч заалт алга

Монголын Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны салбарт зөвшөөрөл олгох, баталгаажуулах, стандартыг боловсруулах болон мөрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. Түүнчлэн үйлчилгээний чанар, техникийн асуудлыг хариуцаж холбогдох дүрэм журмыг боловсруулж судалгаа хийдэг бөгөөд зах зээлийн багтаамж, давамгайлагчийн үнэ тарифыг тогтоодог. Тус байгууллагын дарга Б.Балгансүрэнтэй салбарын асуудлаар ярилцлаа.

- Одоо яригдаж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн талаар ярихгүй юу?

Олон улсын жишгээс харахад нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжууд цаг үеийнхээ шаардлагад нийцэхээ больж өөрчлөх хэрэгтэй болдог. 2005 онд баталсан Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ байгаа гэдэг нь сүүлийн хоёр жилд ажиглагдаж байна.

Тухайлбал радио, телевизүүдийн нэвтрүүлэгт үндэсний шинжтэй агуулгыг түлхүү оруулах хэрэгтэй байна. Телевизүүд солонгос киногоор дүүрчихлээ.  Үүнийг зохицуулах хуулийн ямар ч заалт алга. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж нэвтрүүлэгт ямар агуулга хэдий хэмжээтэй орохыг зааж өгөх ёстой. Өмнөд Солонгос, АНУ, Сингапур, Европын Холбооны улсууд Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болоод багагүй хугацаа өнгөрлөө.

- Ямар шаардлагаар тоон системд шилжих хэрэгтэй болов?

Дэлхийн улс орнуудын тоон технологид шилжсэн байдал. Еврод стандарт. Америк стандарт. Япон стандарт

Телевизийн тоног төхөөрөмж нийлүүлдэг дэлхийн томоохон компаниуд радио долгионы ашиглалтыг сайжруулах үүднээс олон жилийн судалгаа хийсний дүнд энэхүү технологийг гаргаж ирсэн. Аналоги системийн дагуу ганцхан суваг найман мгц/мегагерц/ зурвас дээр ажилладаг бол тоон системийн хувьд зурвас дээр 5-8 суваг ажиллана. Түүнчлэн дуу дүрсний өндөр чанартай. Сүүлийн үеийн бүх телевизор тоон технологийн агуулгыг хүлээж авахаар хийгдсэн.

- Манай радио, телевизүүдийн хөтөлбөрт үндэсний агуулга ямар хувьтай байдаг юм бол?

Харилцаа холбооны зохицуулах хорооноос долоо хоногийн эфирийн нэвтрүүлгийн агуулгын 50-иас доошгүй хувь нь үндэсний шинжтэй байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Шаардахын зэрэгцээ 2012 оноос сар сараар нь хяналт, мониторинг хийж байна. Цаг барилт, рекламны цагийн хэтрэлт, нэвтрүүлгийн чанар зэргийг мониторингын тайландаа бичээд байгууллагын сайт дээр тавьдаг.

- Зарим нэг статистик тоо баримтыг тодруулъя. Манай улс гар утас болон интернетийн хичнээн хэрэглэгчтэй вэ?

2013 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 3,5 сая гар утас, 165 000 бүртгэлтэй интернет хэрэглэгч байна гэсэн тооцоо гарсан. Харин интернет ашиглагч гэвэл өөр тоо гарна. Нийт хэрэглэгчдийн 85 хувь Улаанбаатарт, 13 хувь аймгуудад, хоёр хувь сумдад байна.

- Монгол хичнээн радио, телевиз үйл ажиллагаа явуулдаг вэ?

Радио, эфирийн болоод кабелийн телевизүүд улсын хэмжээнд 300 гаруй байна. Ингээд бодохоор сум болгон телевизтэй болчих гээд байгаа биз. Гурван сая орчим хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Ойролцоогоор 10000 хүнд нэг телевиз ногдож байна.

- Судлаачид монголын телевизүүд зах зээлийн өрсөлдөөний бус зарчмаар оршин тогтнодог гэж үздэг. Өөрөөр хэлбэл ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард хэн нэгэн мөнгөтэй хүн байдаг. Та энэ талаар юу бодож байна вэ?

Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард олныг мэдээлэлжүүлэх үндсэн үүргээсээ илүүтэй тэдний оюун санаанд зорилготой нөлөөлөх зэвсэг болчихоод байгаа нь нууц биш. Зарим хүн өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор телевиз байгуулдаг. Үүнийг би шилжилтийн үе гэж бодож байна. Цаашдаа чадалтай нь шигшэгдээд үлдэнэ.

- Телевизийн сувгуудыг агуулгаар нь ангилах талаар ярих боллоо. Энэ талаар тайлбарлахгүй юу?

Өргөн нэвтрүүлэг, телевиз, радиогийн хөтөлбөрийг цацах сүлжээ хоёр бол тусдаа ойлголт. Олон улсын туршлагаас харахад контент буюу агуулга үйлдвэрлэгч субъектууд өөрсдийн хийсэн оюуны бүтээлээ үнэлж зах зээлд нийлүүлдэг бөгөөд түүгээрээ хоорондоо өрсөлддөг. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээлийг төлөвшүүлэхийн тулд телевизүүдийг агуулгаар нь ангилах хэрэгтэй.

- Яриагаа өөр зүгт хандуулъя гэж бодлоо. Харилцаа холбооны салбарыг зохицуулж байдаг хүний хувьд монголын хэвлэл мэдээллийн зах зээл дээр болж буй үйл явцыг ажигладаг байх. Таны бодлоор манай хэвлэл мэдээллийн зах зээл (media economic) төлөвшиж чадсан уу?

Олон орны харилцаа холбооны зохицуулах газрууд хэвлэл мэдээллийн зах зээлийг зохицуулахаасаа илүү судалж, ажигладаг. Судалгаандаа үндэслээд ямар стандарт тогтоохоо шийддэг. Монголын хувьд энэ зах зээл чадах ядахаараа л хөгжиж байна. 2014 онд манай байгууллага тусгай зөвшөөрлийн тоог багасгаж, бүртгэлийг хялбарчлана.

Эдийн засгйин багтаамжийн хувьд манайх шиг цөөхөн хүн амтай улс жижигдэх нь тодорхой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүгийн чадавхи муу учраас үзэгчдэд чанартай нэвтрүүлэг хүргэх бололцоо бага. Орлого олдог ганц зах зээл нь реклам бөгөөд үүн дээрээ шавааралдчихсан байдалтай. Нэг үгээр хэлбэл хэвлэл мэдээллийн зах зээл хөл толгойгүй, эмх замбараагүй байна. Бид Азийн телевизүүдийн холбоотой хамтраад судалгаа хийж байгаа. 2014 оны эхний улиралд судалгааны үр дүн гарсны дараа бидний баримтлах бодлого тодорхой болно гэж бодож байна.

- Бага насны хүүхдийг интернетийн сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлээр ямар судалгаа, арга хэмжээ байдаг вэ?

Дэлхийн жишигт хүүхдийг интернетийн сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд тухайн хүүхдийн хэрэглэдэг компьютер дээрх программуудыг хязгаарладаг. Windows, Mac зэрэг орчин үеийн үйлдлийн системүүд дээр уг хязгаарлалтыг хийхээр програмчилсан байдаг. Эцэг, эх хүүхэддээ ямар програм, файлуудыг ашиглахыг нарийн зааж болно. Parents control буюу эцэг, эхийн хяналт гэж байдаг ч манайхан мэддэггүй.

- Харин интернет тоглоомын газруудын тухайд?

Сүүлд гаргасан тооцоогоор нийслэлд 400 гаран интернет тоглоомын төв байна.

Өмнө манай хороо хариуцаж байснаа болиод нийслэлийн мэдээлэл технологийн газарт шилжүүлсэн. Хамгийн сүүлд Хууль зүйн яам журам баталж бүх интернет тоглоомын төвүүдийг бүртгэж гэрчилгээжүүлэхээр болсон. Цагдаагийн болон харилцаа холбооны газрууд хамтраад нэгдсэн шалгалт явуулсны дараа эрүүл ахуйн шаардлага, бусад стандартыг хангасан газруудад гэрчилгээ олгоно. Үүнтэй зэрэгцүүлээд интернетийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг давхар хянана.

- Үндэсний хиймэл дагуул ямар ач холбогдолтой вэ?

Улс орнууд хиймэл дагуулыг анх ашиглаж эхлэхэд Олон улсын цахилгаан холбооны газраас улс болгонд хиймэл дагуул ашиглах байрлалыг сансарт хувиарлаж градусаар зааж өгсөн. Манай улсын хувьд 113,6 болон 74 гэсэн хоёр байрлалыг эзэмшдэг. Гэхдээ өдийг хүртэл ашиглаагүй. Хиймэл дагуулын асуудал 2005 оноос яригдаж эхэлснээр Засгийн газраас тусгай хөтөлбөр боловсруулсан. Харин өнөөдөр үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөл байгуулагдлаа.

Огторгуйд буй хиймэл дагуулын 40 орчим хувь нь харилцаа холбооных, харин 10 хувь тандан судалгааных.

Хиймэл дагуул тандан судалгааны, харилцаа холбооны гэсэн хоёр зориулалттай. Тандан судалгааны хиймэл дагуулын тусламжтай авсан өндөр нарийвчлалтай гэрэл зургуудыг цаг уур, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уул уурхай, хот төлөвлөлтийн чиглэлээр ашигладаг. Нэг метр хүртэл нарийвчлалтай авсан зургуудыг эрдэм шинжилгээний төвүүдэд хүргэж боловсруулалт хийдэг. Хиймэл дагуулын нисэн өнгөрөхдөө авсан бусад улсын газар нутгийн зургийг тэдгээр улсад худалдаж ашиг олдог практик ч бий.

Харилцаа холбооны хиймэл дагуулыг үүрэн холбоо, интернет, радио телевизийн нэвтрүүлэг цацахад ашигладаг. Манай улс хэдийгээр хойшоо урагшаа шилэн кабелиар холбогдсон ч байгалийн гэнэтийн аюул тохиолдсон үед хиймэл дагуулын холбоо зайлшгүй хэрэгтэй болно. Бид хэтдээ аль алийг нь ашиглахыг зорьж байна.

- Манайх хэзээ хиймэл дагуултай болох вэ?

2016 оны эхний хагас жилд хөөргөх төлөвлөгөөтэй байна. Одоогоор манайх Европын улсууд болон Японы хиймэл дагуулын зургийг цаг уурын мэдээндээ ашигладаг. Түүнчлэн харилцаа холбооны дагуулыг туршлагатай оронтой хамтарч хөөргөх боломжтой. Зарим орон болзошгүй тохиолдлоос сэргийлж хоёр дахь хиймэл дагуулыг ашигладаг.

- Хоёр хөршийг холбосон транзит сүлжээний талаар ярихгүй юу?

Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээ, гар утасны апплекэйшны үйлдвэрлэл хөгжсөнөөр интернет орчинд мэдээллийн асар том урсгал бий болсон. Ази, Европыг холбосон сүлжээний хамгийн том хэрэглэгч нь Хятад улс. Хятадад Европын орнуудтай худалдаа хийдэг маш олон бизнесменүүд байдаг нь мэдээж. Ази Европыг холбосон сүлжээ манайхаар бус Казахстан, Энэтхэгийн далай, ОХУ гэсэн тойруу замаар өнгөрдөг.

Мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс Хятадын бизнесийн компаниуд монголоор дайрсан багтаамж сайтай дөт замын хоёр тивийг холбосон сүлжээг байгуулах сонирхолтой байгаа бөгөөд манай хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаад эхэлчихсэн. Транзит сүлжээ бий болвол манай улс дотоодын сүлжээний чанараа дээшлүүлж, хямд үнэтэй болгох боломжтой.