"Сансар кабель" ХХК албан бичгийн хариуг өгөлгүй цацалтыг хаасан"
1-р сарын 20-ноос эхлэн "Сансар кабель" компани нь SBN телевизийн цацалтыг хааж үзэгчдийн эрхийг боогдуулсан үйл явдал боллоо.
SBN телевиз нь харилцаа холбооны зохицуулах хорооноос цацах эрхээ албан ёсоор авсан өргөн нэвтрүүлгийн 15 телевизийн нэг учраас хуулийн хүрээнд контентоо олон нийтэд түгээдэг. Өнгөрсөн хугацаанд манай телевиз нь “Сансар кабель” ХХК-тай гэрээний дагуу ажилласаар ирсэн. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ 2013 оны 12 сарын 21-ны өдрөөр дуусгавар болсон.
Тус компаниас гэрээгээ сунгах хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Манай телевизийн зүгээс бусад кабелийн болон гадаадын сувагтай бус өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй нэг байршилд орж цацалтыг сайжруулж өгөх хүсэлт илэрхийлсэн албан бичгийг “Сансар кабель” компанид хүргүүлсэн. Үүнийг шийдсэний үндсэн дээр гэрээгээ сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хариу хүргүүлэлгүй энэ сарын 20-ноос эфирийн цацалтыг зогсоосон. Мөн хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл өгч “тус телевиз нь төлбөрийн чадамжгүй, төлбөрөө төлөөгүй учраас сувгийг нь хаасан" гэх худал мэдээлэл өгч нэр хүндэд халдаж байна.
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа:
“Телевизийн олон сувгийн дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэгч гэж байгаа. Тэрний ерөнхий нөхцөл шаардлага дээр арилжааны телевизүүдийг үнэ төлбөргүй цацах гэсэн заалт бий. Гэхдээ энэ цацалт нь гэрээгээр баталгааждаг. Тэгэхээр SBN телевизийн хувьд “Сансар кабель” компанитай гэрээ байгуулсан нөхцөлд гэрээний хугацаанд ямар нэгэн үндэслэлгүйгээр салгасан бол нөхцөл шаардлагаа зөрчсөн гэсэн үг” хэмээн хэллээ.