Ж.Мөнгөнсүх: Мэдээллийн технологийн хувийн сургуулиудыг хаасан нь төрийн хамгийн том алдаа
Axis systems компаний захирал Ж.Мөнгөнсүх
2014.02.12

Ж.Мөнгөнсүх: Мэдээллийн технологийн хувийн сургуулиудыг хаасан нь төрийн хамгийн том алдаа

Axis systems компаний захирал Ж.Мөнгөнсүхтэй ярилцлаа.

- Програм хангамжийн зах зээлд үйл ажиллагаа явуулахад хувийн хэвшлийн компаниудад ямар бэрхшээл тулгардаг вэ?

Манай улс шиг зах зээлийн хязгаарлагдмал орчинд анхны алхмаа хийж буй компаниудад саад тотгор байх нь олон улсад байдаг л үзэгдэл. Харин бидний хувьд өөрийн онцлогтоо түшиглээд явж байна.

Бизнесийн үйл ажиллагаанд төр ямар ч хэлбэрээр оролцохгүй байна гэдэг боломжгүй зүйл. Зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үйл ажиллагаа эхэлж буй компаниудын хувьд.

Би японд ажиллаж байхдаа компаний ажлыг эхлүүлнэ гэдэг ямар хэцүүг тэр бүр ойлгодоггүй байсан. Харин монголд компани байгуулаад энэ зовлонг ойлгож эхэллээ. Гэхдээ эдийн засгийн хямрал ч үүнд нөлөөлсөн байх.

Эрх зүйн хувьд үнэлгээний асуудал хамгийн хүнд. Хуулийн дагуу програмын компаниудад өндөр шаардлага тавьж сүүлийн гурван жилд төдий хэмжээний орлоготой байх  ёстой гэж заасан. Гэтэл жижиг компаниуд чадварлаг мэргэжилтнүүдтэй ч шаардсан орлоготой байж чаддаггүй. Энэ компаниуд өсч дэвжихэд төвөг учруулдаг.

Өнөөдөр мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлдэх төрийн хүчтэй бодлого алга. Би нэг зүйлийг маш их шүүмжилдэг. 2006 оныг хүртэл мэдээллийн технологийн хувийн сургуулиуд нэлээдгүй боловсон хүчинг улсад бэлдэж өгсөн. Гэтэл өнөөдөр эдгээр сургууль алга. Тэд төслөөс олдог жаахан мөнгөөрөө ардын хүүхдийг сургадаг байсан ч тэдгээр сургуулийг өөрийн байргүй, багшлах боловсон хүчин дутуу гэсэн шалтгаанаар үгүй хийсэн. Өнөөдөр мэдээллийн технологийн тэргүүлэх сургууль болох КТМС маань хүндхэн байдалтай байна.

- Програм хангамжийн компаниудын хувьд хөрөнгө босгох боломж байна уу?

Надад одоо төслийн зургаан санаа байна. Нэг хэсгийг нь өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлээд явж байна. Нөгөө хэсгийг нь мөнгөтэй хүмүүст санал болгох бодолтой. Төрийн байгууллагад санал болгосон ч тодорхой хариу алга. Мөнгөтэй хүмүүст төслөө танилцуулаад амжилт олох хэцүү. Хөрөнгө оруулахгүй мөртлөө миний санааг ашиглахгүй гэсэн баталгаа алга.

Манай улсын хувьд мэдээллийн технологийн үнэлгээ тааруу. Хүмүүсийн дунд програмистууд компьютерын ард суусан төдийхнөөр мөнгө олдог гэсэн буруу хандлага байдаг. Гэтэл үнэндээ мэдээллийн технологийн мэргэжилтэн оюун санааны хувьд асар их ачаалалтай ажилладаг. Мөн энэ мэргэжлийг эзэмшихийн тулд багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан.

Мэдээллийн технологи уул уурхайгаас ч илүү ач холбогдолтой. Газрын баялаг хэзээ нэгэн цагт дуусдаг бол оюуны нөөц шавхагдашгүй.

- Монголын програмчид дэлхийн стандарт бүхий  системийн захиалгыг хийх чадвартай юу?

Чадвартай байлаа гээд ямар ч төслийг гүйцэтгэнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл мэргэжлийн чадвар, гүйцэтгэх чадвар хоёр ялгаатай.  Гүйцэтгэлийг багийн ажил, нэгдсэн менежментээр хийдэг. Гэтэл манай компаниуд ихэвчлэн төслөөс төслийн хооронд ажилладаг болохоор хоорондоо нэгдэж чаддаггүй. Тиймээс ганц компани хариуцаад том ажлыг хийнэ гэдэг эргэлзээтэй.

Мэргэжлийн өндөр чадвартай багаас бүрдсэн компани өөр мөнгөтэй компанитай нэгдээд ажиллахыг хүсэхгүй л болов уу. Учир нь өөрийнхөө давуу талыг алдчих гээд байдаг. Нэгдэнэ гэдэг бол менежмент. Нэгдэнэ гэхээр бүгдээрээ нэг ажлыг хамт хийнэ гэж манайхан ойлгодог нь буруу. Нэгдэх менежмент ёсоор аль нэг удирдах чадвартай компани бусдыгаа толгойлоод ажлаа ширхэгчлэн төлөвлөдөг. Бий болгосон төлөвлөгөөг өөр нэг компани хариуцаж аваад гүйцэтгэгч компаниуддаа хувиарладаг.

- Манай компаниуд санаачлага гаргадаггүй, захиалга хүлээгээд суудаг гэдэгтэй та санал нийлэх үү?

Компаниуд ихэвчлэн төсөл дамжиж амь зуудаг. Ажилчдын цалин, түрээс гэх мэтээр олсон жаахан мөнгөө зарцуулаад дуусдаг. Зарим үед яарсандаа дутуу хагас хийдэг нь түгээмэл асуудал. Ийм байдлаас тусгай бодлогын ачаар л гарна. Японоор жишээ аваад үзье. Японы төр том компаниуддаа удаан хугацааны томоохон төсөл өгдөг. Төсөл авсан компани нарийн төлөвлөгөө боловсруулсны дараа жижиг компаниудаа дуудаж ажиллуулдаг. Тухайлбал “Fujitsu” компани өөрөө маш цөөн тооны чадварлаг инженертэй. Эдгээр инженерүүд төслийн гол төлөвлөлтийг гаргадаг. Харин жижиг компаниуд ямар нэг НОУ ХАУ олох гэж зүдрэлгүй төлөвлөгөө ёсоор ажилладаг. Ингэж ажиллахдаа жижиг компаниуд илүү юм сурч туршлагаждаг.

- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэж юу вэ?

Монголд одоогоор хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдал гэж юу болох талаар тусгайлсан хууль байхгүй  гэж бодож байна. Утасны дугаар, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар гэх мэтээр цөөн хэдэн мэдээлэл нийлээд ирэхээр хувь хүний нууц болдог. Хувь хүний аль нэг мэдээллийг олсон цагт мэргэжлийн хүн тухайн хүний дансанд нэвтрэх боломжтой.

- Үндэсний агуулгатай, зөвхөн монгол хүнд зориулсан програм хангамжийн зах зээлийг бий болгох боломж бий юу?

Захиалга, зах зээлийн судалгаа хоёр дутагдаад байна. Японд мал хаана бэлчиж, ямар өвс ургамал идэж, ямар ус ууж байгааг хянадаг програм байдаг. Энэхүү систем нь худаг, гол горхины усны эрдсийн хэмжээг сансраас тодорхойлж эзнийх нь ухаалаг гар утас руу мэдээлдэг. Би 2009 онд япончуудтай хамтарч монголын малчдад зориулсан нэг системийн туршилт явуулж байлаа.

Төв аймгийн нэгэн малчин айлд очоод дээрх төслийг танилцууллаа. Гэрийн эзэн бидний яриаг анхааралтай сонссоны дараа энэ систем ямар ч хэрэггүй гэж хэлсэн. Учир нь мал нь юу уудгийг мэдээд зогсохгүй цаг агаарын нөхцлийг байгалийн байдлыг ажиглаад таван сарын өмнөөс мэддэг гэж хэлсэн. Бидний санал болгосон систем долоо хоногийн урьдчилсан мэдээг боловсруулах чадалтай байв. Япончууд маш их гайхсан. Малчин ардын ухаан гайхамшиг гэдгийг би тэр үед ойлгосон. Энэ явдлын дараа монгол ухааныг яагаад судалж өвлөж авч болдоггүй юм бэ гэсэн бодол төрсөн.

Сансрын хиймэл дагуул ихээр бодож сарын хугацаанд цаг агаарын мэдээг дамжуулдаг байтал энгийн монгол малчин таван сарын мэдээг урьдчилан хэлж чадахаар байна. Энэхүү монгол аргачлалыг нарийн судлаад програмчилж болно. Үүнийг  Катерина хэмээх хар шуурганд өртдөг АНУ-ын оршин суугчдад програм болгоод арилжиж болно. Манай ард түмний арга ухаанд үндэслээд өөрийн тань хэлээд буй үндэсний агуулгатай зах зээлийг хөгжүүлж болно.