Б.Алтантуяа: Хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийг санаачлан хэлэлцүүлэх цаг нь болсон
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа хүний эрхийн асуудлуудаар Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.
-Урт нэртэй хуулийг хамгаалах гэсэн Иргэний хөдөлгөөний идэвхтнүүд болох Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн шүүх хурал болон тэдэнд өгсөн ял одоо болтол хэвлэл мэдээллийнхнийг шуугиулсаар байна. Иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүн, судлаач нар дуу хоолойгоо өргөж байр сууриа илэрхийлж байна. Харин Хүний эрхийн үндэсний комисс, танай байгууллага гээд яг хүний эрхийн чиглэлээр дагнаж,мэргэшсэн байгууллагууд ямар байр суурьтай байна вэ?
-Манай байгууллагын хувьд энэ хэрэгтэй холбоотой шүүн таслах ажиллагааны явцыг шударгаар шүүлгэх эрхийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг нь анхааралтай ажиглаж байна. Аливаа этгээдийг үйлдсэн гэмт хэрэгт нь болоод гэмт хэргийн сэжигтнээр татахад тухайн хувь хүн эрх чөлөөгөө гэлтгүй бусад эрхүүдээ алдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, сэжигтнээр татагдсан мөчөөс эхлэн баривчлагдах, саатуулагдах, мөрдөн байцаалт, шүүх ажиллагаа болон давж заалдах гээд байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд ажиглалт хийнэ гэсэн үг. Шударгаар шүүлгэх эрх нь Эмнести Интернэшнлийн санааг ихээр зовоож байгаа эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцаанд өртөхгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт эрхүүдийг хангахад зайлшгүй хамгаалалт болж өгдөг.
Эмнести Интернэшнл өнгөрсөн оны тайландаа Монгол Улсын тухай “Шударга бус шүүх ажиллагаа нийтлэг болсны дотор улстөрч гэх мэт нэр нөлөө бүхий, олны танил хувь хүмүүсийг шүүн таслах ажиллагаа олон улсын шударга ёсны жишиг хэмжээнд нийцсэнгүй” гэж дүгнэж байсан.
Тиймээс бид Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн шударгаар шүүлгэх эрхийг нь хэр хангаж байгаад түлхүү анхаарч байна. Эмнести Интернэшнлийн нэрийн өмнөөс гаргах аливаа дүгнэлтийг олон улсын мэргэшсэн шинжээчдийн баг гаргадаг. Тийм дүгнэлт гарвал мэдээж бид гарсан даруйд нь хэвлэл мэдээлийн хэрэгслээр танилцуулж, байр сууриа илэрхийлэх болно. Шүүхээс өмнөх шат буюу байцаан шийтгэх ажиллагааны үеэр Ц.Мөнхбаяр болон бусад хүмүүсийнх нь эрх зөрчигдсөн, тэдэнтэй хүнлэг бус харьцсан талаар мэдээлэл ирсэн. Иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагууд хамтран ХЭҮК-оос уг хэргийг шалгаж өгөх хүсэлт тавьсан болохоор, ХЭҮК энэ чиглэлээр байр сууриа өөрөө хэлэх байх.
-Гэр бүл дэх хүчирхийлэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэргүүд нэлээд гарах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл уриалга гаргалаа. Харин танай байгууллага энэ талаар юу хийж байна вэ?
-Ердөө эмэгтэй гэдгээсээ болж ялгаварлагдсаны улмаас тохиолддог бэрхшээлүүд нь нийгмийн алагчлах үзлийг дэвэргэж улмаар бодлого, хуульд тусгагдаж, бодит амьдралд амь бөхтэй оршсоор байна. Үүний улмаас охид эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны золиос болох тохиолдол их байгаа. Үүнд хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулсанд баяртай байна. Мөн түрүүчээсээ ганц нэг улстөрч дуугарч эхэлсэнд талархаж байгаа. Миний хувьд Монгол Улс багагүй ажлыг энэ чиглэлээр хийж ирсэн гэж боддог.
Цаашид энэ эрчээ алдахгүй харин ч бодлоготой, уялдаатай хийгээсэй.
Өмнө нь энэ чиглэлээр хийгдсэн ажлууд яагаад үр дүнгээ өгөхгүй байсан бэ гэхээр улстөрчдийн манлайлал хүсэл зориг байхгүй, нэгдсэн бодлого, уялдаат стратеги байхгүй байсантай холбоотой гэж боддог. Мөн энэ чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагынханд дэмжлэг дутсантай холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс түлхүү ажиллаасай, чанартай боловсрол олгоход анхаарч ажиллаасай гэж бодож байна. Би үүнд сэтгүүлч, сурвалжлагч та бүхний оролцоо, улстөрчдийн хувь нэмэр асар их гэж боддог. НҮБ-аас хүний эрхийн боловсролын гурав дахь 10 жилийг зарлахдаа сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт явуулах, тэдэнд хүний эрхийн мэдлэг, мэдээлэл олгосноор нийгмийн, олон нийтийн хүний эрхийн боловсролд ахиц, дэвшил гарна гэж үзсэн байдаг.
-“Миний бие-миний эрх” гэсэн аяныг өрнүүлж байгаа гэсэн. Аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Манай байгууллагаас аль 2000 оноос л эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо “Миний бие-миний эрх” гэсэн аян өрнүүлээд ажиллаж байна. Бид энэ аяныхаа хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, ялангуяа охид эмэгтэйчүүд, эрчүүд, хөвгүүд гээд хүн бүр ямар ч айдас, ялгаварлан гадуурхалтгүйгээр бэлгийн харьцаа, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, холбогдох эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, хайх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь зөрчигдсөн тохиолдолд энэ талаар мэдэгдэх байгууллага, шударга ёсыг шаардах боломжтой байх, охид хөвгүүдэд энэ чиглэлээр чанартай боловсрол олгох асуудлыг хөндөн тавьж байгаа.
-Яг одоо Монгол Улсад хамгийн их тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг та бүхэн юу гэж харж байна. Тэр чиглэлээр танай байгууллагаас юу хийж байна вэ?
-Би өмнө нь дурьдсан. Шударгаар шүүлгэх эрх зөрчигдөх нь ердийн үзэгдэл болсон гэж. Дараагийн нэг асуудал нь ял завшуулах явдал. Хяналтын тогтолцоог багтаасан, гомдол гаргах болоод иргэн эрхээ хамгаалах тогтолцоог хуульчилсан бүрэн төгс хууль ховор байна. Мөн хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, тэдний ажиллах эрх зүйн орчин баталгаажуулсан хууль тогтоомж учир дутагдалтай байгаа зэрэг нь ял завшуулах боломжийг бүрдүүлж байна. Өөр нэг тулгамдаж буй хүний эрхийн асуудал нь албадан нүүлгэх эрсдэл юм. Зохих ёсны эрх зүйн хамгаалалтгүйгээр хөгжлийн төлөвлөгөө нэрийн дор газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх явц эрчтэй явж байна.
-Энэ тал дээр танай байгууллагаас ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна?
-Манай байгууллагаас тухайлбал албадан нүүлгэхтэй холбоотой асуудлаар гэхэд л “Үүргээ мэд” гэсэн гарын авлагыг төрийн албан хаагч, улстөрч, орон нутгийн захиргааны ажилтнууд, иргэдийн шаардлага хангасан орон байртай байх эрхийг эдлүүлэхээр төрийн өмнөөс ажиллаж буй хүмүүст зориулан гаргасан. Түрүүчээс нь тарааж эхлээд байна. Энэ гарын авлагын дагуу эхний ээлжийн сургалтыг Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажилтнуудын дунд явуулаад байна. Мөн иргэдэд зориулан “Та энд амьдардаг. Энэ бол таны гэр орон” гэсэн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хянах баримт бичиг гарган тарааж байна. Бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.amnesty.mn хаягаар орж үзэх боломжтой.
-Ярилцлагын төгсгөлд өөр нэмж хэлэх зүйл юу байна?
-Эцэст нь хэлэхэд хүний эрхийн боловсролыг хүн бүрт олгож чадсанаар хүний эрхийн зөрчлийг багасгаж чадна. Саяхан олон улсын хүний эрхийн өдрөөр манайх МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийслэлийн боловсролын газар, ХЭҮК-той хамтран “Хүний эрхийг боловсролын тогтолцоонд” онол практикийн бага хурал хийсэн. Эндээс манай улсад хүний эрхийн боловсрол олгодог тогтолцоо бий болоогүй, энэ чиглэлээр үндэсний хөтөлбөргүй байгаа нь харагдсан нь хамгийн эмгэнэлтэй явдал. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тууштай тэмцэх зорилгоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж иргэний танхимаар хэлэлцүүлэхээ мэдэгдэж байсан. Эрхээ мэддэг, шаардаж чаддаг, эрхээ хамгаалж чаддаг хүн авлига өгөхгүй нь мэдээж. Тиймээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зэрэгцээ Хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийг санаачлан хэлэлцүүлээсэй гэж хүсч байна.