Ховдчуудын сар шинийн золголт болно
Монгол түмний уламжлалт баяр хаврын тэргүүн “Цагаан сар” болоход хэдхэн хоног үлдлээ. Азай буурал, ахмад настандаа хүндэл үзүүлж, ирж буй жилээ бэлэг ерөөлөөр угтан, анхан дүүсээ мэдэлцдэг, өв уламжлалаа хадгалан залгамжлуулж ирсэн ганц том баяр гэж хэлж болно. Харин энэ баярыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд биш нутаг усаараа хамтран тэмдэглэж, уулзаж учрах, мэнд усаа мэдэлцэх боломжийг бүрдүүлэх үүднээс “Ховд нутгийн иргэдийн сар шинийн золголт 2011” –ийг зохион байгуулах гэж байна. Нийслэл хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээ 2011 оны 02-р сарын 11-ны 15,00 цагт буюу Шиний наймны билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд болох аж. Монгол Улсдаа хамгийн олон ястан аж төрөн суудаг, олон ястны өлгий нутаг Ховдынхон нутаг ус, нутгийн ахан дүүсээ гэсэн сэтгэлээр нэгдэж чаддаг оюунлаг ард түмэн билээ.