Зоонозын өвчин судлалын төвийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчний салбар төвүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Зөвлөлгөөнд ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд зэрэг нийт 45 гаруй мэргэжилтэн оролцов.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус зөвлөлгөөнийг нээж “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний бодлого, чиглэл” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод амжилт хүслээ.
Эрүүл мэндийн сайд илтгэлдээ, “Хүнд дамжин халдварладаг 1,415 бичил биетнийг тоймлон судалсан судалгаагаар 61% нь зоонозын өвчин үүсгэдэг болохыг тогтоожээ . Эдгээр бичил биетний хувьсал өөрчлөлт, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, хүний амьдралын шинэ хэв маяг, дэлхийн хүн амын бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэг нь шинэ болон сэргэж буй халдварт өвчин дэлхий дахинд тархаж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэх гол шалтгаан болж байгааг дэлхий дахиныг хамарсан томуугийн А(Н1N1), А(Н5N1), А(Н7N9) вируст халдвар, дундад Азийн коронавируст халдварууд нотлон харууллаа.
Хүн амын гуравны нэг нь хөдөө сумдад амьдарч, нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхлэн, байгальтай ойр амьдардаг Монгол улсын хувьд мал, амьтнаас хүнд халдварлан хүн амын эрүүл мэнд, цаашилбал улс орны нийгэм эдийн засагт ноцтой үр дагавар, хор хохирол учруулдаг зоонозын өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн асуудал нэн чухал билээ. Хойд, өмнөд хоёр хөрш орнуудад зоонозын өвчлөл тархах эгзэг өндөр, нэн ялангуяа БНХАУ-д сүүлийн жилүүдэд шинэ буюу дахин сэргэж буй халдварууд голомтлон дэгдэж, олон улс орныг хамарсан цар тахал ч дэгдэж байсан удаатай нь манай улсын хувьд зоонозын өвчнийг онцгой анхаарах шаардлагатайг давхар сануулж байна.
Монгол улсын хэмжээнд тарваган тахал өвчний байгалийн идэвхтэй голомт нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзлэн оршиж, 1 хот болон Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгаас бусад 18 аймгийн 159 сум, дүүрэг боом өвчний өвчлөл гарах эрсдэлтэй тайван бус бүс нутагт хамаарч; галзуу өвчний мал, амьтны өвчлөл Говьсүмбэр аймгаас бусад бүх аймаг, 1 хотын 246 сум, дүүрэгт; хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомт нийт аймгийн 66.6% буюу 14 аймгийн 39 суманд тус тус тэмдэглэгдсэн байна.
Ийм ч учраас Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “зоонозын халдварт өвчний эрсдлийг бууруулах, байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул, ослын асуудлыг шийдвэрлэх эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хувь хүн, хамт олон эрүүл мэндээ хамгаалах санаачлагыг дэмжин өрнүүлэх тухай” заасан байдаг.
Зоонозын халдварт өвчнийг хянах асуудлыг дан ганц эрүүл мэндийн салбар шийдвэрлэх боломжгүйг харгалзан ДЭМБ, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк хамтран “Нэг дэлхий-Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг батлан гаргасан билээ.
Улсын хэмжээнд тохиолдож байгаа нийт халдварт өвчний дотор зоонозын шалтгаант халдварт өвчин 1.2%-ийг буюу бага хувийг эзэлж байгаа
Уг баримт бичгийг хэрэгжүүлэхээр Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын (хуучин нэрээр) хамтарсан тушаалаар “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг 2010 оноос байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч, энэ чиглэлээрх мал эмнэлэг, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдлын салбаруудын хамтын ажиллагаа тогтворжиж, тодорхой амжилтад хүрээд байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээн цохон тэмдэглэв.
Улсын хэмжээнд тохиолдож байгаа нийт халдварт өвчний дотор зоонозын шалтгаант халдварт өвчин 1.2%-ийг буюу бага хувийг эзэлж байгаа ч оношилж бүртгэгдэхгүй байгаа зарим зоонозын халдварт өвчин эмнэлзүйн бүдэг, балархай хэлбэрээр тохиолдож байгааг анхаарч, эмнэлзүйн шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээгээр оношлох, баталгаажуулах, тандан судлах, эрт илрүүлэх, мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох бодит шаардлага тулгарч байна.
1982 оноос хойш Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг байгалийн голомтот, зоонозын өвчний чиглэлээр төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, 200 орчим эмч, мэргэжилтнийг мэргэшүүлжээ. Гэвч цаашид байгалийн голомтот халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах давтан сургалтад хамруулах боломж бүрдүүлэх, бусад мэргэжлийн ялангуяа биологч, генетикч, биотехнологич нарыг мэргэшүүлэн сургах хэрэгцээ бий болсоор байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн Үндэсний болон орон нутгийн зоонозын халдварт өвчний салбар төвүүдэд ажиллагсдын тогтвор суурьшилтыг хангахын тулд зарим нарийн мэргэжлийн мэргэжилтний цалингийн сүлжээг өөрчлөх, ажиллаж байх болон өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох мөнгөн урамшуулал, тэтгэмжид хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх цаг болжээ.
Одоогийн байдлаар 13 аймаг, Нийслэлд Зоонозын өвчин судлалын төвүүд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 271 тоот тушаалаар найман аймагт Зоонозын өвчин судлалын төв байгуулах тухай заасан хэдий ч энэ ажил дорвитой хэрэгжиж эхлээгүй байгааг анхаарч эрчимжүүлэх, энэ талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд салбар төвүүдийн санхүүжилт, орон тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах оновчтой санал боловсруулж танилцуулах чиглэлээр мэргэжлийн төв байгууллага дутуу анхаарсан гэдгийг салбарын сайдын дүгнэж, ЭМЯ-ны зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлсон санал санаачлагыг бүрэн дэмжихээ илэрхийллээ.
2007 онд ДЭМБ-ын зөвлөхүүдийн баг манай улсын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний байдалд хийсэн үнэлгээний зөвлөмжид бруцеллёз өвчний тандалт, сэргийлэлтийн асуудлыг БГХӨЭСТ (хуучин нэрээр)-д шилжүүлэх нь зүйтэй гэж заасан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хэрэгжүүлж буй үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны давхардал болон орхигдол байсаар байна.
Зоонозын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг Үндэсний болон орон нутгийн түвшинд бэхжүүлэхэд дараах асуудлууд дээр анхаарал хандуулан хамтран ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлов. Үүнд:
• Нэг дэлхий үзэл баримтлалыг үндэсний түвшинд амжилттай хэрэгжүүлсэн туршлагад суурилан орон нутаг дахь салбар хоорондын хамтыг ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр санаачлагатай ажиллах;
• Төвийн бүтэц үйл ажиллагаа өөрчлөгдөн, хүрээ нь өргөжсөнтэй холбоотой зоонозын өвчний хяналтын чиглэлээр гарсан дүрэм, журам, удирдамжийг хянаж, шинэчлэн батлуулах асуудлыг эцэслэх, тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон, давхардалт, орхигдлыг нэг мөр шийдвэрлэх санал боловсруулах;
• Зоонозын халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн тогтолцоог боловсронгуй болгосноор оношлогддоггүй, мэдээлэгддэггүй болон хайхраагүй зоонозын халдварт өвчнийг хянаж, танддаг болох;
• Төв, салбар албадын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн шийдвэрлүүлэх;
• Чиглэлийн лавлагаа лабораторийн үйл ажиллагаанд гадаад ба дотоод чанарын хяналтын иж бүрэн тогтолцоог нэвтрүүлэх, лабораторийн лавлах тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах, санхүүжилтэд суурилсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд лабораторийн дэд бүтцийг сайжруулах, үндэсний төдийгүй орон нутгийн лабораториудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх;
• Үндэсний болон орон нутгийн лабораторийн биоаюулгүй ажиллагаа, биохамгаалал, биоэрсдэл, хөдөлмөр аюулгүй ажиллагааны нөхцлийг сайжруулж, биологийн эрсдэл өндөртэй эмгэг төрүүлэгч бичил биетний судлагаа, шинжилгээний шаардлага хангасан лаборатортой болох зэрэг асуудлууд багтаж байна.