Хүүхдийн эрхийн асуудлаарх хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
2014.03.03

Хүүхдийн эрхийн асуудлаарх хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга А.Дашдэлэг болон ХЭҮК-ын гадаад харилцаа, хүүхдийн эрхийн асуудал хариуцсан референтүүд Хүүхдийн төлөө Үндэсний Газрын дарга И.Нарантуяа, ХТҮГ-ын хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нартай хүүхдийн эрхийн асуудлаар уулзлаа.

Хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, "Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах,   хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага  хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран ажиллах Санамж бичгийг 2012 онд байгуулсан юм. 

Гурван жилийн хугацаатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд ХЭҮК, ХТҮГ хамтран хүний эрхийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн чиглэлээрх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ онд хийх ажлын төлөвлөгөөг ярилцаж, Хүүхдийн эрхийн асуудлаарх Азийн III чуулганыг Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол улс хүүхдийн эрх зөрчигдсөн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд гомдол гаргах эрх олгож буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гуравдугаар протоколд 2013 оны 10 дугаар сард нэгдэн орсон юм.