Боловсрол, Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2014.03.05

Боловсрол, Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв

МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог үнийн өсөлт, цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудлаар хуралдуулах саналыг удаа дараа тавьсан.

Дахин санал хүргүүлсний дагуу өчигдөр Хөдөлмөрийн яаманд талууд хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээрийн 2-т заасны дагуу Боловсрол, Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Боловсрол, Эрүүл мэнд, Шинжлэх ухаан, Соёл урлагийн салбарт ажиллагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх асуудлыг энэ долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах арга хэмжээг авч ажиллахаар Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбооны төлөөллүүд тохиролцсоноор хурал түр завсарлаад байна.

Нийгэмд тулгамдаад байгаа хөдөлмөр нийгмийн тулсамдсан бусад асуудлуудыг энэ тав дах өдөр Үндэсний хорооны хурлыг дахин хуралдуулж хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.