Г.Баасан: Монголын өргөн уудам нутгийг хүнээр дүүргэх ёстой
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2014.03.07

Г.Баасан: Монголын өргөн уудам нутгийг хүнээр дүүргэх ёстой

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Энэ өдрийг цөөнгүй улсад баяр болгон тэмдэглэдэг ч түүнээс олон оронд эмэгтэй хүний эрхийн төлөө тэмцэл өрнүүлдэг.

Харин манайх бол баярлаж өнгөрүүлдэг орнуудын нэг. Тиймээс энэ өдөр юу хийх, эмэгтэй хүний ямар эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа талаар Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Таны бодлоор эмэгтэй хүний эрхийг яаж хамгаалах ёстой юм бэ. Манай нийгэмд эмэгтэйчүүдийн ямар эрх хамгийн ихээр зөрчигдөж байна?

-Манай улсад эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр зөрчсөн явдал бол 1992 онд Ардчилсан нийгэмд шилжихдээ нөхөн олговрын тэтгэвэр гэж дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжүүдийн насыг нь харгалзахгүй тэтгэвэрт гаргасан явдал. 30, 40-тэй ид хийж бүтээх насны ээжүүдийг тэтгэвэрт гаргасан. Дөрвөн хүүхэд гаргасны төлөө тэтгэвэрт гаргасан нь сүүлийн хэдэн жил байгаагүйгээр эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлсэн үйл явдал болсон.

-Тэгвэл таны бодлоор хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд төрийн дэмжлэг хэрэгтэй юу эсвэл?

-Мэдээж хэрэгтэй. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн, ялангуяа эрэгтэй хүүхэд төрүүлсэн хүнийг төрөөс харж үзэх ёстой. Гурван хүүхэд төрүүлсэн эмэгтэйд сайхан нэр өгдөг шиг тав, долоо, есөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг ч гэсэн алдаршуулах хэрэгтэй. Тэгж байж эмэгтэй хүн Монгол Улсын хүн амыг өсгөх ариун нандин үйлстээ сэтгэл зүрх гаргаж, өөрөөрөө бахархаж амьдрах боломж бий болно.

-Олуулаа болох санаачилгыг дэмжиж хүүхэд төрүүлсэн ээжүүдэд мөнгө өгөх тухай ярьж байгаа. Үүнийг эмэгтэйчүүдийн эрхэнд        халдсан явдал гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Эмэгтэй хүний хэдэн хүүхэд төрүүлэхийг хэн ч заах эрхгүй. Эмэгтэй хүн хэдэн хүүхэдтэй болохоо өөрөө шийдэх эрхтэй. Хүн төрсөн бол хүнс нэмэгдэнэ гэсэн үг байдгийн адилаар нэг хүүхэд төрүүлсэн ч бай олон хүүхэд гаргасан ч бай Монгол Улсын ирээдүйг бэлдэж өгснийх нь төлөө Монголын төр талархлаа илэрхийлж, урамшуулах ёстой.

Яагаад гэвэл эмэгтэй хүн юугаар ч дутагдахгүй байж гэмээнэ хүүхэд эрүүл саруул өснө. Гэтэл тараг авмаар байдаг, хувцас авмаар байдаг мөнгөндөө баригдаад байвал хэцүү. Тийм учраас Монголын энэ өргөн уудам нутгийг хүнээр дүүргэхийн тулд хүүхэд төрүүлсэн ээж нарыг ойрын 15 жил илүү их харж үзээсэй гэж хүсдэг.