Орон нутгийн иргэд хил нэвтрэхэд маргаан үүсвэл тухай бүр мэдэгдэж байхыг сануулав
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.03.07

Орон нутгийн иргэд хил нэвтрэхэд маргаан үүсвэл тухай бүр мэдэгдэж байхыг сануулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нар энэ сарын 5-6-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

УИХ, Засгийн газрын гишүүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Баян-Өлгий аймгийн удирдлагууд орон нутгийнхаа хөгжил, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна аймгийн иргэдийн хувьд анхаарч үзэх асуудлуудыг уламжиллаа.

Тухайлбал, Монгол, БНХАУ-ын хилийн Даян, Улаан-Уулын боомтыг зуны улиралд уртасгасан хугацаанд ажилладаг болгох, Монгол,Оросын хилийн Цагааннуур боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх, тус боомтоор хил орчмын оршин суугчид визийн хөнгөлөлтөөр зорчихтой холбоотой журмыг ОХУ-ын талтай нэг мөр ярьж тохирох зэрэг санал, хүсэлтийг тавьж байлаа.

БНХАУ-тай хиллэдэг Даян-Улаан-Уулын боомтыг зургадугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл байнгын ажиллагаанд оруулах талаарх саналаа ГХЯ ноот бичиг хүргүүлэн, үүний мөрөөр ажиллаж байгааг сайд Л.Болд онцоллоо. Мөн Цагааннуурын боомтоор орон нутгийн иргэд визийн хөнгөлөлт буюу цагаан хуудсаар хил нэвтрэх асуудлаар хоёр талд маргаан үүсэх тохиолдолд ГХЯ-ын Консулын газарт тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлж байхыг сануулсан юм.

Монгол Улс хоёр аймгаар дамжин ОХУ, БНХАУ-тай хиллэдэгийн нэг нь Баян-Өлгий аймаг бөгөөд тус аймагт хил орчмын худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг 500 гаруй айл өрх бий гэсэн судалгаа гарчээ.

Тэд Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй хийсэн уулзалтдаа Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байх, ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж байгаа гадаад харилцааны нэг цонхны бодлогын талаар онцоллоо.