УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.03.06

Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ

Нийслэлээс алслагдсан аймаг суманд амьдарч байгаа иргэдээ дэмжих нь төрийн бодлого байх учиртай. Энэ удаагийн хуульд алслагдсан нутагт бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийг хамруулахаар тооцсон байна.

Алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгуудыг УИХ тогтоодог. Ингэхдээ нийслэлээс алслагдсан байдаг, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, байгаль цаг уурын онцлогийг харгалзахаар заажээ.

Тодруулбал алслагдсан бүс нутагт Баян-өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 91 сум, говийн бүсээс 87 сумыг оруулахаар тусгаад байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

Улаанбаатар хотоос алслагдсан үүнийг дагаад төрийн бодлого ард иргэддээ жигд хүрэхгүй байна. Монгол улсад ард иргэд аятай тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг иргэн бүрт төрөөс жигд хүртээх үүргийнхээ дагуу баруун бүс нутгуудад бүсийн нэмэгдлийн асуудлыг ярих ёстой. Харамсалтай нь Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг УИХ-д 2011 онд өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй.

Чуулганы завсарлагаанаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төслийг шинэчлэн өргөн барихад бэлдэж байна. үүнд аж ахуй нэгжийг татварын ялгаатай болгох санал байгаа. Баялаг бүтээгчид маань хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, алслагдсан сумд үйл ажиллагаа явуулж байгаагаас хамааран орлогын зах зээлийг багтаамжийн ялгаа гардаг. Үүнтэй холбоотой татварын уян хатан бодлого хэрэгжүүлэх саналтай байгаа.

Бүсийн нэмэгдлийн тухай хууль батлагдсан нөхцөлд алслагдсан, болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийн нэмэгдэл олгох, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно.