С.Бүрэнбат: Суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхэд  анхаарч ажиллана
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат
2013.11.05

С.Бүрэнбат: Суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт энэ жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар ямар ямар бүтээн байгуулалт өрнүүлээд байна вэ?

-Улс, аймгийн төсвийн 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнүүлж байна. Томоос нь дурдвал, Хушаат сумын нутагт Орхон гол дээр тавьж буй төмөр бетон гүүр тун удахгүй ашиглалтад орно. Хүдэр гол дээр бас төмөр бетон гүүр барьж байгаа. Жавхлант сумыг Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн замтай хатуу хучилттай замаар холболоо.

Мандал, Түшиг сум, тосгодод эрчим хүчний шугамын өргөтгөл хийж байгаа. Томоохон сум, сууринд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж буй учраас эрчим хүчний түгээх сүлжээг нь өргөтгөх шаардлагатай байгаа юм. Хоёр суманд сургууль, гурван суманд цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зун бороо их орсон нь барилга байгууламж барьж дуусгах хугацааг төлөвлөснөөс нь хойшлуулахад нөлөөлсөн.

Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил хэвийн явж байна гэж ойлгож болно. Засгийн газраас Алтанбулагийн хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоход анхаарч хөрөнгө оруулалт хийж байна.

-Сэлэнгэ аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрчимжсэн нь анзаарагдсан. Жишээ нь, Сайхан (Хөтөл) суманд Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж байна. Бас гурилын үйлдвэрийн барилга дуусаж байна лээ.

Сүүлийн үед манай аймагт боловсруулах үйлдвэр баригдаж байгаа нь сайшаалтай.

-Манай аймагт энэ онд барилгад хувийн хөрөнгө оруулалт нэлээд хийлээ. “Цаст өргөө” компани Мандал суманд орон сууцны хороолол барьж байгаа. Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг “Бэдү”, ‘Төгс үндэс” компани аймгийн төвд орон сууцны барилга барьж байна. Сайхан суманд орон сууцны барилга барьж эхэлсэн.

Сүүлийн үед манай аймагт боловсруулах үйлдвэр баригдаж байгаа нь сайшаалтай. Цагааннуур суманд хамгийн сүүлийн үеийн шилдэг технологитой махны үйлдвэрийг “Гацуурт” компани ашиглалтад орууллаа. Та гурилын үйлдвэр бариад дуусаж буйг мэдэж байгаа юм байна. Томоохон хөрөнгө оруулалтаас дурдвал ийм. Үүнээс гадна сумдад хувийн хэвшлийнхэн нутгийн онцлогт нь тохирсон бизнес эхлүүлж байгаа.

-Монголчууд хэрэгцээтэй үр тариа, төмс, хүнсний ногооныхоо 50 хувийг Сэлэнгэ аймгийн  газар нутагт тариалдаг. Танай аймагт тариагаа малд сүйтгүүлэхгүй гэсэн тариаланч, малаа зоргоор нь бэлчээх гэсэн малчин хоёрын талцал, зөрчил даамжирсан гэсэн. Тариаланч, малчдын хороонд үүссэн зөрчлийг хэрхэн зохицуулах вэ?

-Тариаланч, малчин хоёрыг эв зүйтэй зохицон амьдруулах асуудал бол мөнхийн сэдэв. Тариаланчид тариаг нь мал сүйтгэж хохирол учруулсан тухай зовлон ярьсаар олон оныг үдлээ. Энэ асуудлыг шийдвэрлэж болно. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Сэлэнгэ аймагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа цагт тариаланч, малчдын маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх болов уу. Бид малчин, тариаланчдын үйл ажиллагаагаа эрхлэх зохицлыг хангахаар “Хамгаалагдсан тариалан” хөтөлбөр боловсруулаад байгаа.

Энэ хөтөлбөрийг баталснаар малчид, тариаланчдын аж амьдрал, үйлдвэрлэл нь бие биедээ хал балгүй байх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ энэ нь төгс шийдэл биш, Харин Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болговол төгс шийдэл болно.

-Танай аймгийн удирдлагууд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох саналаа Засгийн газарт тавьж байсан. Ямар шалтгаанаар шийдвэрлэхгүй байна вэ?

-Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариа лангийн бүс нутаг болгох хууль санаачлаач гэсэн хүсэл тээ дөрвөн жилийн өмнө Засгийн газарт илгээж байлаа. Малчин, тариаланчид цуглаж хуралдаад хамтарсан шийдвэр гаргаад хүсэлтээ илгээсэн юм шүү. Гэтэл одоо болтол шийдвэрлээгүй л байна. Засгийн газрын болон УИХ-ын гишүүдэд учир байдлыг нь тайлбарлаж явна.

-Сэлэнгэ аймагт 300 гаруй аж ахуйн нэгж газар тариалан эрхэлдэг. Мөн олон уурхай ажиллаж байна. Хэрэв тэднээс хураасан татвараа орон нутагтаа зарцуулдаг бол хамгийн баян аймаг байх юм биш үү.

Манай аймгийн хүн амын 60 хувь нь суурин газарт амьдарч байна.

-Сэлэнгэ аймаг хуримтлуулсан татвараараа аймгийн төсвийг бүрэн санхүүжүүлээд илүү гарснаа улсад өгдөг байлаа. Одоо хэрэгжиж байгаа хуулиар манайх улсаас татаас авдаг аймаг болчихоод байна. Өнөөдөр гол гол татвараа бүгдийг нь төв рүү явуулдаг болсон. Хүн амын орлогын албан татвар, галт зэвсгийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэх мэт ойр зуурын татварыг аймагт төвлөрүүлдэг.

Нөгөө талаараа аймгийн ИТХ-ын шийдвэрлэн зарцуулах Орон нутгийн хөгжлийн санд өмнөхөөсөө их хэмжээний мөнгө төсөвлөдөг болсон. Өмнө нь орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтад 1-2 тэрбум төгрөг төсөвлөдөг, үүнийхээ хүрээнд бүтээн байгуулалт хийдэг байлаа. Бүтээн байгуулалт хийх хөрөнгө ихээр төсөвлөдөг болсон нь сайн хэрэг.

Гэхдээ Сэлэнгэ аймагт арай бага хөрөнгө өгөөд байх шиг санагддаг. Зарим аймгийн Орон нутгийг хөгжүүлэх санд 20-30 тэрбум төгрөг өгч байхад манайд найман тэрбумыг өгөх жишээтэй. Улсын төсвийн орлого нэмэгдэхээр илүү их хөрөнгө өгөх байлгүй дээ.

-УИХ ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж байна. Ямар бүгээн байгуулалт өрнүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулж байгаа вэ?

-Хот суурингуудад дэд бүтэц барих хөрөнгийг улсын төсөвт тусгахыг зорьсон. Манай аймгийн хүн амын 60 хувь нь суурин газарт амьдарч байна. Суурин газрын иргэдийг орон сууцжуулах цаг болсон. Гэтэл орон сууцны барилга барих дэд бүтэц бий болоогүй байна.

Мандал, Сүхбаатар, Сайхан суманд дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, Сүхбаатар сумыг Алтанбулаг хилийн боомттой холбож хөгжүүлнэ. Зураг төслөө хийж буй энэ чиглэлд 5.4 тэрбум төгрөгийн дулаан, бохир, цэвэр усны шугам татна.

Инженерийн шугам сүлжээ байгуулбал 2015 он гэхэд 720 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой. Мөн нийтийн эзэмшлийн зам, гэрэлтүүлэг, зарим нутагт гүүр барих хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.

-Ирэх өвлийн бэлтгэл хэр хангагдав?

-Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн байгаа. Түлшний нөөц бүрдүүлсэн тул ерөнхийдөө санаа зовоох зүйл алга. Манайхан 150 мянган тонн хадлан бэлтгэсэн. Аймгийн баруун таван суманд нийт малын 40 хувь нь өвөлжинө. Иймээс таван сумын нэг болох Сайханд, мөн Сүхбаатарт өвсний нөөц бүрдүүлсэн. Улаан- Овоогийн уурхайтай гэрээ байгуулж, 4-5 сумын төсвийн байгууллагуудад хямд үнээр нүүрс нийлүүлэх гэрээ хийлээ.