С.Бүрэнбат: Төрийн үйлчилгээ, боловсролын асуудлыг нэн тэргүүнд шийднэ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат
2013.11.12

С.Бүрэнбат: Төрийн үйлчилгээ, боловсролын асуудлыг нэн тэргүүнд шийднэ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Содын Бүрэнбаттай ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийнхан намрын ургац хураалт хэмээх их ажлынхаа ард гарлаа. Энэ жил ургац хэр арвин байсан бэ?

-Өнөө жилийн хувьд Сэлэнгийнхэн маань нэлээд хүнд нөхцөлд тариагаа тарьж, хураан авлаа. Сүүлийн дөрвөн жилийн хувьд цаг агаар нэн таатай байсан ч энэ жил дулааны хангамж дутсан. Үр тарианы ургацад нөлөөлсөн өөр нэг шалтгаан нь хур бороо байв. Наймдугаар сарын эхний хагасаас бороо тасралтгүй орсон нь үр тарианы болцод сөргөөр нөлөөлсөн.

Энэ мэтчилэн байгалийн сөрөг хүчин зүйлээс шалтгаалан тариа хураалт хойшлохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Тиймээс төлөвлөж байснаас га тутмаас хоёр центр ургац дутуу авлаа. Га-гаас дунджаар 15 центр нийтдээ 210 мянган тонн үр тариа хурааж авна хэмээн тооцоолж байсан юм. Ургац хураалт дууссаны дараа нийт дүнгээр 183 мянган тонн үр тариа хурааж авсан. Гэхдээ энэ нь муу үзүүлэлт биш.

-Таны хувьд Сэлэнгэ аймгаа цаашид хэрхэн хөгжүүлэх бодолтой байна вэ. Төрийн албаны ажилтнуудаа аваад 17 сумаар явж төрийн үйлчилгээ үзүүлсэн гээд байгаа. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Өмнөх Засаг дарга нар маань нээлттэй хаалганы арга хэмжээг маш сайхан явуулж байсан. Миний хувьд үүнийг нь өргөжүүлж, шинэчлэх, хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтөд анхааран ажиллаж эхэлсэн. Төрийн дунд шатны албан тушаалтан тэр дундаа нэгж дээр ажиллаж буй ажилтнуудыг хурдтай, чадвартай, өрсөлдөөнтэй болгох зүй ёсны шаардлага тулгарч байна. Тэгэхгүй бол Засгийн газар, аймгийн Засаг даргын тамгын газраас олон ажлууд хийгдэж байгаа ч айлд очихдоо тал нь хүрч байх жишээтэй.

Хэвлэл мэдээлэл иргэдэд төдийлөн хүрэхгүй байгаа тул хэн хэвлэл мэдээлэлд ойр байгаа болон хэн албан тушаалтанд ойр байдаг тэр хүмүүс нь төрийн хүртээмжийг хүртэж байгаа нь нууц биш. Тиймээс үүнийг газар дээр нь үүрэг болгож хүмүүст хүрэх арга хэмжээг авч эхэлсэн. Иргэний оролцоо үүн дээр л чухал байдаг. Иргэд төр засаг юу хийж байгааг мэдрэх хэрэгтэй. Аймгийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 13-ны хооронд 17 сум, зургаан тосгонд төрийн үйлчилгээг хүргэж, үзүүлээд ирлээ.

Сумдаар явсан багийн 40 гаруй хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хамтарсан баг тухайн суманд үзлэг, оношлогоо, зөвлөмж өгч ажилласан. Төрийн албаныхан сумдад тулгамдаад буй асуудлуудыг аймгийн төв оролгүй шийдээд явах ямар асуудлууд байгааг газар дээр нь шийдэх маягаар ажилласан нь үр дүнтэй болсон.

-Таны хувьд багийн бүрэлдэхүүнд орж хамт явсан уу?

Га-гаас дунджаар 15 центр нийтдээ 210 мянган тонн үр тариа хурааж авна хэмээн тооцоолж байсан юм.

-Тэгэлгүй яах вэ. Эмнэлгийнхэн үзлэгээ хийж, төрийн албаныхан үйлчилгээгээ үзүүлж байхад миний бие иргэдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож цаашид хэрхэх талаар ярилцаж байлаа. Энэ үед гадуур судалгааны баг ажиллаж аймгийн үйл ажиллагаа болон хөдөлмөр халамж, газрын харилцаа, улсын бүртгэл гээд бүхий л субьект болгоноор санал авсан.

Сүүлд нь саналуудыг нэгтгэн нутгийн иргэд, сумын Засаг даргын аппаратынхныг байлцуулан асуудлуудыг шийдэж яваад ирлээ. Энэ нь захиргаадах арга хэлбэр биш бөгөөд бие биенээ ойлголцох хэлбэр рүү шилжих явж байсан гэж ойлгож болно. Төрд ийм харилцаа байх нь зүйтэй гэж санагдсан.

-Иргэдээс ямар санал түлхүү гарч байв?

-Иргэд маань зовлон жаргал ярьж хувийн зүйл хүсэхээсээ илүү та нар энэ ажлыг хийж хэрэгжүүлээч. Энэ ажил дээр ингэж удаад байна. Гарц нь ийм байж болох уу гээд аймгаа хөгжүүлэх талын үнэтэй саналуудаа хэлж байсан юм. Оновчтой санаануудыг нь ойрын хугацаанд манай баг төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байгаа.

-Мэдээж төрийн энэ үйлчилгээнд иргэд сэтгэл ханамжтай байсан биз. Ядаж л аймгийн төв орох зардал, цаг хугацаагаа хэмнээд...

-Энэ ажлыг УИХ-ын гишүүн, өмнөх аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зохион байгуулж байсан. Түүнийг нь цаг үетэй нь нийлүүлэн өөр хэлбэрт оруулснаар үргэлжлүүлсэн. Уг арга хэмжээ тав дахь жилдээ Сэлэнгэ аймгийг хамарч чадсан томоохон ажил болсон. Бидний хийж буй энэ ажил нүсэр зохион байгуулалттай явагдсан тул тухайн сумынхаа иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ өдөрт нь үзүүлээд шөнө нь дараагийн сум руу гарч байлаа.

Хүмүүсийн хоол унд, орон байр, машины түлшнээс эхлээд орон нутгийн төсөв дээр тодорхой хөрөнгө тавиулж явдаг. Уг нь энэ сэтгэл ханамжаас илүү хүмүүст хэрэгтэй үйлчилгээ. Суманд яваад очихоор харамсалтай нь иргэд хангалттай цуглахгүй асуудал тулгарч байв. Сэлэнгэ аймаг 103 мянган иргэнтэй. Үүнээс 24 мянган иргэнтэй нүүр тулж үйлчилгээ үзүүлсэн. Цаашид арга хэмжээгээ өргөжүүлэх болно.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Сэлэнгэ аймгийн хувьд ирэх оны төсвөө хэрхэн харж байна вэ. Хийж бүтээхээр төлөвлөсөн зүйлсийн төсөв танагдав уу?

-Сэлэнгэ аймагт орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Одоо гудамж, зам, бага үнэтэй орон сууц гэх мэт иргэдийн ойрын хэрэгцээг хангасан бүтээн байгуулалтууд хэрэгтэй. Бид эдгээр ажлуудыг эхлүүлээд явж байгаа. Аймгийн төвийг Алтанбулагтай нийлүүлж боомт хэлбэрээр хөгжүүлэх анхны гарааг тавилаа. Алтанбулаг, Сүхбаатар хотуудыг бохирын шугамаар холбосон тул цаашид хөгжих боломжтой тул орон сууцны хороолол бариад эхэлсэн.

Залуус хороолол, Мөрөөдөл хотхонуудын барилгын ажил явагдаж байгаа ч тодорхой хэмжээний саад тулгарсан. Эдгээрт дулааны станцаас газар доогуур инженерийн шугам сүлжээг барих шаардлагатай. Өнгөрөгч зургадугаар сард Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллахад бид газар дээр нь бүтээн байгуулалтыг үзүүлж дэмжлэг авахаар болсон.

Ирэх оны төсөвт үүнийг суугаасай гэж хүсч байна. Бүх сумдад амины орон сууц барих талаар иргэдээс судалгаа ав хэмээн сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон. Хамгийн наад захын жишээ гэхэд аймгийн төвийн орон сууцнуудын дундах орчинг сайжруулж авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, зүлэгжүүлэлт, явган хүний зам хийхээр төлөвлөөд байна.

-Аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс тариаланчдынхаа техникийг сайжруулах тал дээр арга хэмжээ авч байна уу?

-Газар тариалангийн үйл ажиллагаа шинэ шатанд ирчихлээ. Тариалангийн үйлдвэрлэл бойжуулах инкубатортай болох хэрэгтэй. Хүмүүс тариа тарих ажлыг их амархан мэт бодоод байгаа. Энэ сарын 16-ны өдөр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хаалт болно. Арга хэмжээний үеэр тариаланчидтайгаа уулзана. Уг уулзалтаар дөрвөн асуудлыг ярилцах юм. Үүнийг хамгийн эхэнд боловсон хүчний асуудал тулгарч байгаа.

Одоо бол газар тариаланд сэтгэлтэй хүмүүс ажиллаж байгаа юм. Угтаа өндөр мэргэжлийн механикжуулагч мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Үүнд анхаарах төрийн бодлого алга. МСҮТ-д сурч буй оюутнууд төгсөөд өндөр цалинтай уул уурхайн ажил руу явах бодолтой болж. Газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихгүй бол болохгүй нь. Өөр нэг шалтгаан нь улаан буудайны үнийн асуудал. Үнээс шалтгаалан Монгол Улсад газар тариалан байх уу, үгүй юу гэдгийг шийдэх хэмжээнд хүрчихлээ.

Өнөө жил буудайн үнийг сул тавьж өгсөнгүй 320 мянгад нь барьчихлаа. Үүгээрээ Засгийн газрыг буруутгах гэсэнгүй. Гэтэл үр тарианы хажууд сэлгээний ургамал буюу тосны ургамлыг манайхан тариалах болсон. Тосны ургамлыг газар дээрээс нь 800 мянгаар худалдаж авч байгаа. Бид эх орноо гурил, будаагаар хангая гэсэн чин хүсэл байвч мөнгөтэй байж л энэ бүгдийг хийнэ. Тэгэхээр ирэх жил хэд нь улаан буудай, хэд нь тосны ургамал тарих вэ.

Улаан буудайн 320 мянга дээр Засгийн газрын 100 мянган төгрөг нэмэгддэг. Гэтэл улаан буудай тарьж, хураах зардал нь 300 мянга болчих дог. Тариаланчид 100 мянган төгрөгөөр нь амь зогоож байна шүү дээ. Ажилчдынхаа цалинг нэмэх, тариалангийнхаа газарт бордоо хийхээс эхлээд тэдэнд мөнгө хэрэгтэй. Газар тариаланг хөгжүүлье гэвэл үр тарианы үнийг гурилын үйлдвэрүүд, аж ахуй нэгж хоёрынх нь дунд өгөх хэрэгтэй. Засгийн газар газар тариаланг дэмжих гэж байгаа бол хөрсний үржил шимийг дээшлүүлсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж боддог.

Гуравдугаар технологийн асуудал зайлшгүй хүнд байна. Бид дуртай газраасаа үр авчирч тариалж байгаа. Сэлэнгийн бүс нутаг гурван янзын хөрстэй. Тиймээс газар тариалангийнх нь бүсэд таарсан сортын үрийг гаргах хэрэгтэй. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллаж буй эрдэмтдийг анхаарч дэмжих нь зүй ёсны асуудал болсон. Дөрөвдүгээрт техникийн асуудал тулгамдсан хэвээр байгаа. Манайхан ОХУ-ын Нива, СК 5, Санфа гэх мэт Орос, Хятад, Канад, Америкийн олон төрлийн техникээр ажлаа явуулж байна. Цаашид яг аль техникээр нь ажлаа хийх юм бэ.

Энэ олон төрлийн техникээр ажлаа хийж байхад эвдрэл гарлаа гэхэд сервис үйлчилгээ, сэлбэг нь ховор байдаг. Тиймээс газар тариалангийн холбоодууд, томоохон компаниуд харилцан ярилцаж байгаад нэг загварыг нь сонговол сервис үйлчилгээ хийхэд хялбар сэлбэг нь ядаж хямд байх болно. Манай компанийн захирлууд биднээс иймэрхүү зүйлийг л хүсэж байгаа болохоос Засгийн газар дарга цэргүүдээс ийм зүйл гуйгаад өг гэж хэлдэггүй.

-Аймгийн хэмжээнд боловсролын салбарыг нэн тэргүүнд тавьж байгаа гэв үү?

-Өмнө нь эдийн засгийн хүчээр ажил хийж байсан бол одоо оюуны хүчээр ажил хийх шаардлага тулгарч байгаа юм. Улс орон хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь хүний хөгжилтэй шууд холбоотой. Хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нь анхаарал тавьж халуун дулаан орчинд байлгаагүйгээс болж өөртөө итгэлгүй хүүхдүүд их болсон. Өөртөө итгэлгүй хүн өөрийгөө танилцуулж, цааш нь хэлэх гэсэн санаагаа хэлж чаддаггүй.

Энэ хүмүүс зах зээл дээр гарахаараа өөртөө итгэлгүй бусдаас хараат нэгэн болдог. Тиймээс аймгийн хэмжээнд үүнийг халах тал дээр анхаарч эхэлсэн. Тухайн хүүхдэд өөрийгөө илэрхийлж чадах ямар боломж байна. Тэр бүгдийг нь нээж өгөх тал дээр ажиллана. Боловсролын салбарт бид хөрөнгө гаргана. Ямартай ч эхний  ээлжинд сургуулиудад автобус авч өгөхөөр боллоо.

Автобустайгаа ойр сумынхаа сургуулийн хүүхдүүдтэй уулзаж тэнд явагдаж буй сургалт, урлаг, спортын арга хэмжээнд оролцох ёстой. Хүүхдүүдэд урам дэм хэрэгтэй. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 1234 багш  ажиллаж байна. Өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас тодорхой хөрөнгө гаргаж Багш хөгжлийн институттэй хамтран бүх багш нарыг хамруулсан гурван өдрийн сургалтыг зохион байгуулсан.

Сургалтын агуулга нь өөртөө итгэлтэй хүүхдүүдийг хэрхэн бэлтгэх, тэдний авьяасыг нээх тухай байсан. Цаашид гадаад айлчлалд боловсролын салбараас заавал төлөөлөгч авч явж байхаар болсон. Юм үзэж нүд тайлаад бусад багш нартаа хэрхэн ажиллаж болох талаар ярилцаж биднийг ингэж ажиллах хэрэгтэй  хэмээн шаардах ёстой. Биднийг шаардвал цаашид дэмжээд л ажиллана.