Г.Батдэлгэр: Газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай
ХААИС-ын Хүндэт доктор, МУ-ын зөвлөх инженер, ХААИС-ын инноваци,технологи дамжуулах төвийн зөвлөх Г.Батдэлгэртэй газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар сэдвийн хүрээнд ярилцлаа.
- Газар тариалангийн салбар сүүлийн жилүүдэд ямар шатанд байна вэ?
Манай улсад газар тариалангийн салбарыг хөгжүүлэх 10-20 жилийн урт хугацааны хөтөлбөр байхгүй. Засгийн газар өөрчлөгдөх төдийд үргэлжлэхгүй хэдхэн жилийн хөтөлбөр баталдаг нь хамгийн утгагүй. Мөн техник, технологийн шинэчлэлийг нутагшуулах бодлого байхгүй орхигдсон гэж болно. Засгийн газрын бодлого хэмээх хөтөлбөр ярианаас хэтрэхгүй байна.
Газар тариалангийн салбарт яамнаас улаан буудайг “стратегийн бүтээгдэхүүн” хэмээн нэрлэн урамшуулал өгдөг атлаа, нэгж га талбайн хөдөлмөр зарцуулалт үлэмж их хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай ганц ч үг ган хийдэггүй. Өнгөрсөн парламентэд их хурлын цөөнгүй гишүүд улаан буудайн үйлдвэрлэгч байсны хувьд лооби нөлөөлсөн байх. Тэгээд л буудайг (халамжлах) болсон.
Шинэ техник технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх санаачлага гаргахад ямар ч урамшуулал, дэмжлэг аж ахуйн нэгжид байхгүй. Шинэ техник, технологи, үр, бордоо ашигласан, ашиглаагүйн ялгаа үгүй, төрөөс дэмжлэг алга. Манайд ургацын чанараас хамаарахгүй урамшуулал олгож байгаа хэрнээ газар тариаланд инновацийн бүтээгдэхүүнийг дэмжих ямар ч хөшүүрэг үгүй.
Эл байдал үйлдвэрлэл явуулахад түлхэц болохгүй, өнөө маргаашийг аргацаасан байдалтайгаар үйлдвэрлэл явуулахад хүргэж байгаа. Тухайлбал, нарийн боовны гол түүхий эд хатуу улаан буудайг тариалдаггүй, ургацын хугацааг түргэсгэдэг байгалийн гаралтай бодис хэрэглэх сонирхолгүй тариаланчдын “идэвхгүй" хүрээ тэлсээр...
Иймд шинэ техник технологи оруулж ирэх, нэн эрэлт хэрэгцээтэй хөдөө аж ахуйн таримлын нэр төрөл, сортыг олшруулах, нутагшуулах зэрэгт төрийн дэмжлэг хэрэгтэй юм. Миний бодлоор тн улаан буудай тутмын урамшуулал 100 мянган төгрөг өгдөгийг болих хэрэгтэй гэж үздэг. Энэ мөнгө ихэнхдээ л компанийн дарга нарын халаасанд “шууд" орж байна.
Мөнгөний оронд нь үр, бордоо, гербицид эсвэл техник худалдан авахад нь тодорхой хувийн хөнгөлт өгнө гэсэн заалт илүү дээр санагдана. Эс хийвээс тэр урамшуулал хөдөө аж ахуйн салбарт наалдахгүй байна. Бэлэн мөнгөний урамшууллаас үүдэн эрх бүхий хүмүүс луйвар хийж, орон шорондоо тулж байсныг тариаланчид мартаагүй. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, ногооны аж ахуй өндөр хөгжсөн Япон зэрэг олон орон энэ салбартаа дотаци өгдөг. ХАА нь олон хүнийг ажлын байраар хангадаг, эрсдэл их, цаг наргүй ажилладаг зэргээс үүдэн дотациар хөгжүүлэх шалтгаан болдог.
- Тулгамдаж буй асуудлууд юу байна?
Техник, технологийн шинэчлэлд дорвитой алсыг харсан төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Техник, технологийн шинэчлэлд дорвитой алсыг харсан төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ямар төрөл, сортын таримал ургамал хэдийн хэмжээгээр тарих, ямар үзүүлэлттэй бүтээгдэхүүн хураах, улс худалдаж авахаар бол ямар стандартад нийцүүлэн авах, үүний тулд ямар техник ашиглавал зохистойг тариаланчдад ойлгуулах ёстой.
Төмс л бол төмс, буудай л бол буудай гэсэн ойлголтоос салж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон хаана ч таваарлаг чанараа хадгалах тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх чухал. Өнөөдөр 9 кг/с нэвтрүүлэх чадвартай Лида-1300 комбайныг монголд ашиглавал хэр зохистой, гантай нөхцөлд ямар буудай тарих, усалгаатай тариаланд нутагшсан ийм сортын үр төдий хэмжээний шаардлагатай гэх мэтийн наад захын мэдээллээр тариаланчид цангаж байна.
Үйлдвэрлэл явуулахын тулд хэрэгцээтэй техник, технологийг систем машинтай нь төлөвлөн, тариаланчид яавал бэршээл багатай техникээ худалдан авах менежментийг давхар бодолцох хэрэгтэй. Монголын газар тариаланд ээлжлэн тариалах тогтолцоо нэн чухал. Хүмүүс олон нэр төрлийн таримал тариалж сурахаас гадна, хөрсний үржил шим нөхөгдөх бололцоотой. Ялангуяа буурцагт ургамал, царгас тариалсан аж ахуйн нэгжийг татварын хөнгөлт эдлүүлэх, хөнгөлттэй нөхцөлд хамруулан техник олгох зэргээр урам өгөх нь зүйтэй. Энэ мэт менежмент бидэнд үгүйлэгдэж байна.
- Энэ мэт ажил яагаад хийгдэхгүй тулгамдсан асуудал хэвээр байна вэ?
Үүнд салбарын яамыг л шүүмжилмээр байна. Нэг их хүн загнасан улс байхаас мэргэжилтэн, тариаланчидтай уулзаад, зөвлөлдөөд, салбарын хөгжилд хэрэгтэй гарц олж, ажил хэрэг болгоход хойрго ажилладаг. Зарим компаниуд техник технологи оруулж ирдэг ч тэдгээрийг ажиллуулах боловсон хүчин нэн дутагдалтай, энэ талын сургалт хийгдэхгүй байна. Шинэ техникийн засвар үйлчилгээ байхгүй, ихэнхдээ сул хаягдаж байна.
Мөн тендер будлиантуулж техник оруулсан компаниуд, техникээ шахаж ашгаа хийчихээд л бусад нь падгүй мэт алга болсон. Техник нийлүүлэх тендерийг шалгаруулсан нөхөд ч хариуцлага хүлээдэггүй, өгсөн нөхөд ч мөн адил. Техникийн засварт шаардлагатай сэлбэг, материал, гарын авлага ч байхгүй, тариаланчид хариуцах эзэнгүй техниктэй хоцорсон.
Миний үзэж байгаагаар энэ чиглэлд олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн үгийг сонсож, сургалт зохион байгуулах, хүнээ чадваржуулах, орчин үеийн засварын технологи эзэмшүүлэх зэрэг олон ажил хиймээр байна. Яам мөнгөтэй хүмүүст үйлчилдэгээс туршлагатай, чадвартай мэргэжилтэнээ сонсохгүй байх шиг. Салбарыг төлөөлсөн төрийн түшмэлийн хувиар бус, аль нэг хувийн компаний сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргадаг ”тэдний“ хүмүүс яаманд олшрох төлөвтэй.
Шинэ хүлэмж, зоорины аж ахуйг дэмжинэ гэж яриад байгаа хэрнээ насаараа хүлэмжинд ногоо тарьсан, хүлэмжийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнээ тоодоггүй. Мөнгөгүй хирнээ хүлэмж, зоорины аж ахуйг аваад явчих чадвар, туршлагатай хүмүүст эхлээд санал тавих хэрэгтэй шүү дээ. Бас нэг яригдаж байгаа зүйл бол ирэх дөрвөн жилд гурваас доошгүй засварын газар байгуулна гэсэн заалт засгийн газрын бодлогт байгаа.
Миний хувьд 1992 оноос хойш Англи, Беларус, Итали, Украйн, Япон зэрэг орнуудын трактор засварын ажилд дайчлагдан, олон жил яаманд “зарагдсан” хүн . Хөдөө аж ахуйн салбарт хоёргүй сэтгэлээр л зүтгэсэн дээ. Монголын тариаланчид мэднээ намайг. Хэрэв аль нэг засварын газраа надад хариуцуулах бол гарын шавь нараа цуглуулаад, аваад явж чадна гэж боддог.
Тарианы болц 9 сард гүйцээгүй, ургац хураалт цагтаа хийгдэхгүй байгаа нь бидний урагш муу, бодлогогүй явсаны гор.
Гэтэл мөнгөтэй ямар ч туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүст ХАА-н засвар үйлчилгээг санал болгоод байдаг. Төр үүнд тодорхой хэмжээгээр ач холбогдол өгч биднийг танагтай байгаа дээр ашиглах хэрэгтэй. Засвар үйлчилгээний газар, засварын тогтолцоо байхгүйгээс бид маш их мөнгө дэмий урсгаж, нэг трактороо зассан нэртэй нөгөөгөөр нь сэлбээд л хоног хугацаа өнгөрөөж байгаа. Засвар үйлчилгээний ажилд нано технологи нэвтрүүлэх цаг хэдийн болсон. Бид трибологийн тухай ямар ч ойлголтгүй явдагаа болхи нуудаг.
- Тарианы болц муу, ургац хураалт хойшилсон гэх мэт асуудал гардаг нь юунаас болдог вэ? Яаж шийдэх үү?
Тарианы болц гүйцээгүй, ургац хураалт муу байгаа нь бидний арчаагүй байдал шүү дээ. Манайтай ижил төстэй Сибирт ургацаа програмчилж, эрсдэлээ тооцон ургацаа авч чадаж байна.
Тулгамдаж буй асуудал зөндөө байгаа ч нэн тэргүүнд анхаарах зүйл бол салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдээ огт сонсдоггүй явдал. Тодорхой хэмжээгээр сонслоо гэхэд хэлсэн саналыг ажил хэрэг болгодоггүй. Зүгээр л сонссон дүр л исгэдэг. Тэгээд ургац алдах болохоор байгаль руу буруугаа чихдэг болсон. Тарианы болц 9 сард гүйцээгүй, ургац хураалт цагтаа хийгдэхгүй байгаа нь бидний урагш муу, бодлогогүй явсаны гор. Бид техник технологийн зуунд амьдарч байгаа болохоос дундад зууны үеийнх шиг амиа аргацаасан, байгалийн эрхшээл дор цөхөрсөн хүмүүс биш.
Технологийн дэвшил гарч нано бодис ашиглан тарималын ургалтыг удирдах болсон. Энэ талын судалгааг Ургамал хамгааллын хүрээлэнгийн доктор, профессор Ч. Чулуунжав “Вэв эсийн инергийн бэлдмэл”-ээр сүүлийн 4 жил туршилт, судалгаа хийв. Энэ бэлдмэлийг ашигласан 400 га талбайн улаан буудайг өнгөрсөн 9 сарын 15 гэхэд бүрэн хураасан болно. Чулуунжав гуайн талбайд бусдын адил бороотой л байсан. Гэхдээ болц оройтсонгүй. Мөн хатаах техниктэй өнөө үед нойтон тариа хураах асуудал биш, гэхдээ л хүсэх зүйл бас биш.
Чадваргүй хүн эрсдэлээс айдаг. Эрсдэлийг багасгах гарцыг бодлого тодорхойлогчид үйлдвэрлэлд нэвтрүүлэх цаг хэдийн болсон. Тариагаа цасанд даруулах, мөндөрт цохиулахаас айхаа больсон үед бид амьдарч байгаа. Мөндөрөөс хамгаалахын тулд бууддаг болсон. Хэн хүнгүй есөн сарын эхний 10 хоногт цас ордогийг мэднэ.
Цаснаас өмнө тариа гүйцэд боловсорсон байхаар тооцон, орчин цагийн “know how “-г зөв сонгон хэрэглэх сэтгэл дутаж байна. Юуны өмнө яамны холбогдох нөхөд үүнд бэлэн биш байгаад сэтгэл дундуур явдаг. Гэтэл өөрсдийн буруугаас бид ургацаа оройтуулаад байгаа нь орчин цагийн техник, технологиос хоцрогдсоны шан болой.