ҮХААЯ-ны удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцав
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2013.10.07

ҮХААЯ-ны удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, А.Бакей, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд, удирдлагуудтай уулзаж, тус яамнаас хийж хэрэгжүүлж буй цаг үеийн ажлын явц байдалтай танилцлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга, гишүүд ургац хураалтын явц, төмс хүнсний ногооны борлуулалт, шатахууны үнэ хангамж, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонссон юм.

Ургац хураалтын явц үр тарианы тарималд 57.8 хувь, төмснийх 83.5 хувь, хүнсний ногооных 94.7 хувьтай явагдаж байгаа төдийгүй ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус өссөн дүнтэй тариалангийн бүс нутгуудад шатахууны хангамж хэвийн байгаа аж.

Түүнчлэн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн гар дээр ирэх гурилын үнийг хэт өсөхгүй байх боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах 1 тонн хүнсний улаанбуудайн үнийг 320.0 мянган төгрөгөөр тогтоож, 100 км-ын доторх буудайн тээврийн зардлыг тариалангийн сан хариуцахаар шийдвэрлэж, үүн дээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 100.0 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Мөн 2013-2014 оны өвөл, хаврыг хохирол багатай давах, цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай Засгийн газрын 210, 266 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хадлан, тариагаа цаг хугацаанд нь бүрэн хураан авах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын гаргасан албан даалгаварыг орон нутагт хүргүүлсэн талаар тус яамны дэд сайд Ц.Туваан мэдээллээ.

Цаашид эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бий болгох асуудлыг Байнгын хороо дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.