Тариалангийн талбай цасанд дарагдсанаас 20 мянган тонн буудайг ашиглах боломжгүй болжээ
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусч байна. Нийт ургац хураалт 96 хувьтай байгаа бөгөөд төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын хураалт бүрэн дууссан бол үлдсэн дөрөв орчим хувийг тосны ургамал, буудайн хураалт эзэлж байгаа юм байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд үлдсэн буудай, тосны ургамлыг хурааж
дуусах ажээ. Улаан буудайн хувьд Увс, Завхан аймгуудад 5-6 га талбайгаас буудай хураан авснаар дуусах аж. Одоогоор 351 тонн буудай, 368 мянган тонн үр тариа, 190 орчим мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 37 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Ургац хураалтын дүн урьдчилсан балансаас бага зэрэг доогуур байгаа харагдаж байна. Энэ нь цаг агаарын байдал сайн байснаас болсон гэдгийг албаныхан хэлж байв. Арван дөрвөн хоногийн дараа эцсийн байдлаар нэгдсэн баланс гарах юм байна.
Ургац хураалтын оргил цаг үе болох ес, аравдугаар сард цаг агаар цочир хүйтэрч, газар тариалангийн бүс нутгаар хоёр ч удаа их хэмжээний цас орсноос болж хаягдал, хорогдол их гарч тариаланчид багагүй хохирол амссан байна. Тухайлбал, нойтон цасанд 45 мянган га-г даруулж, эдгээр талбайгаас хураан авах ёстой байсан ургацын 30 орчим хувийг нь ашиглах боломжгүй болсон аж. Дээрх талбайгаас 70 орчим мянган тонн ургац хураан авах байснаас 40 гаруй мянган тонн буудай хураан авчээ.
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Ургац хураалтын ажил дуусах шатандаа оржээ. Цасанд 45 мянган га талбай дарагдсанаас болж 20 гаруй мянган тонн буудай ашиглах боломжгүй болсон гэлээ. Үүнээс харахад ургацын баланс хэр зэрэг буурах юм шиг байна вэ?
-Ургацын баланс бага хэмжээгээр буурах магад- лалтай байна. Нойтон цасанд талбай дарагдсанаар 30-40 хувийн хорогдол гарч, зун мөндөрт хоёр мянган га талбай цохиулсан. Энэ бүгд ургацын нэгдсэн балансад сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Ер нь энэ жилийн цаг агаарын байдлаас болж ургац хураалт нийт нутагт хойшилсон. Өмнөх жилүүдэд аравдугаар сарын 15 гэхэд ургац хураалт дууссан бай- даг. Энэ жил 25 гэхэд бүрэн дуусах төлөвтэй байна.
-Хураан аваад буй улаан буудайн хэчнээн хувийг нь чийгтэй буудай эзэлж байгаа вэ?
-Ид ажлын үеэр их хэмжээний цас орсон нь ургацын ажилд төдийгүй буудайн үтрэмд хүндрэл учруулж байна. Хувийг нь одоо гаргаагүй байгаа ч нэлээд хэмжээний буудай чийгтэй бууснаас болж нэмэлт зардал гаргаж хатаалгах, сэлгэх ажил их гарч байна. Ямартай ч нийт тал байгаасаа буудайгаа хураан авсан. Одоо үтрэм дээрх ажилд нэлээд цаг хугацаа зарцуулна.
-Үтрэмийн ажиллагаа удаашрах нь үнэ тарифт нөлөөлөх үү?
-Үнэд нөлөөлж болзошгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл улаан буудай, гурилын үнэ өсч байгаа зүйл байхгүй шүү дээ.
-Энэ жилийн улаан буудай хэр цавуулаг сайтай байгаа вэ?
-Цавуулгийн хэмжээ өмнөх жилийнхээс сайн байгаа. Өнгөрсөн жил 18 хувийн цавуулагтай байсан бол энэ жилийн буудай 20 гаруй хувийн цавуулагтай байна.
-Гурилын үйлдвэрүүд одоогийн байдлаар хэчнээн хэмжээний улаан буудай худалдан авсан байгаа вэ?
-Энэ жил гурилын үйлдвэрүүд улаанбуудай эрчимтэй худалдан авч байна. Одоогоор 150 гаруй мянган тонн буудай авсан. Манай улс нийт 240 гаруй мянган тонн улаан- буудайг дотооддоо гурилын зориулалтаар хэрэглэдэг. Хоёр долоо хоногийн дараа дотоодын 70 гаруй гурилын үйлдвэрээс энэ жил хэчнээн мянган тонн буудай авсан талаарх нэгдсэн мэдээлэл нь ирнэ.
-Нэг тонн улаан буудайг хэчнээн төгрөгөөр худалдан авч байгаа юм бэ?
-Гурилын үйлдвэрүүд янз бүрийн үнэтэй авч байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан стандартын шаардлагад нийцсэн хүнсний буудайг 320 мянган төгрөгөөр авч байна. Мөн 100 км дэх тээврийн асуудлыг хариуцаж байгаа. Үү нээс гадна чийгтэй байгаа буудайг хатаах үйлчилгээ үзүүлж, буудайг нь татах ажлыг хийж байна.
-Тариаланчдын урамшууллыг хэзээ олгох вэ?
-Урамшууллын журам бий. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор гурилын үйлдвэрүүд, тариалан эрхлэгчийн санд худалдан авсан буудайн мэдээллийг яаманд ирүүлнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, тариалан эрхлэгчдэд урамшууллыг нь олгоно.