УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллалаа
2014.03.04

Ахмад настанд чиглэсэн ажлын хэрэгжилт хөдөө орон нутагт сайн байна

Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлууд нь шийдвэрлэгдэж байгаад иргэд ам сайтай байгаа юм. Үүнд сонгогдсон гишүүдийн оролцоо их байгааг онцолж байна. Хүлээгдэж байгаа зарим асуудлын гарцыг олчихвол орон нутагт хөгжил ирэх төлөв байгааг аймаг орон нутгийн иргэд хэлж байна.

Хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлууд товчхондоо дэд бүтэцтэй шууд холбогдолтой гэж хэлж болно. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгын асуудал нь шийдэгдсэн сум манай улсад байхгүй гэхэд болно. энэ бүх асуудалтай холбоотой хөдөө орон нутаг эзгүйрч, хотыг чиглэсэн их нүүдэл үргэлжилсээр байгааг албаныхан хэлдэг. Үе үеийн засгийн газраас энэ тал дээр тодорхой бодлого боловсруулж ажил эхлүүлэн тухай бүртээ ач холбогдол дагуулсан талаар тайлан ирсэн.

Эхлүүлсэн ажлыг үр дүнтэй залгуулах цаашид бодлого зорилтод тулгуурлан орон нутагт тулгамдаад байгаа хүндрэлийг багасгахаар Шинэчлэлийн засгийн газар ажиллаж байгаа гэсэн мэдээ бий. үүний хажуугаар аймаг орон нутгийн итгэлийг хүлээсэн төрий түшээд нөхцөл байдалд тулгуурлан тодорхой ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг нутгийн иргэд тодотгож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид нар Дархадын хотгорын хамгийн алслагдсан сумдаар явлаа. Энд бензин 2200 төгрөг байна. гэтэл Улаанбаатарт 1700 байгаа шүү дээ. Ижилхэн тэтгэвэр, цалин авч байж энд амьдарсныхаа төлөө илүү төлөх ёстой вэ.

Ирж байгаа барааны үнэ яагаад хоёр дахин үнэтэй байна вэ гэх мэт асуудал байна. Үүнийг шийдэх гарц нь бүсийн нэмэгдэл юм. Тиймээс бүсийн нэмэгдэл зөрүүг алслагдсан нутгийн иргэдэд олгох ёстой. Мөн шинэ сум хөтөлбөр алслагдсан нутгаасаа л эхлэх хэрэгтэй байна.

Энэ мэт ажлуудыг шат дараатай хэрэгжүүлснээр эзгүйрээд байгаа хөдөө орон нутаг эзэнтэй болж хотыг чиглэсэн их нүүдэл багасна. Орон нутгийн иргэд тухайн газартаа сурч боловсрон санаа зовох асуудалгүй аж төрөх боломж бүрдэх юм. Иргэд сум хөгжүүлэх том ажил эхэлсэн учир тулгамдсан асуудал удахгүй дуусна гэсэн итгэлээр дүүрэн байна.