С.Бямбацогт: Иргэдийнхээ оролцоотой хувьцаат компани байгуулах хэрэгтэй
2010.12.23

С.Бямбацогт: Иргэдийнхээ оролцоотой хувьцаат компани байгуулах хэрэгтэй

Сонгуулийн амлалтаа биелүүлэхээр хоёр нам зүтгэсээр.Ирэх онд иргэн бүр сард 21 мянган төгрөг хүртэнэ. Гэхдээ үүнийг бөөнөөр ч авч болох аж. Чухам хэрхэн, ямар бичиг баримт 21бүрдүүлж авах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа

-Баталсан төсөв алдагдал өндөр учир инфляци үүсэх магадлалтай гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэвч үзээгүй?

-Ирэх оны төсвийн алдагдал 9.8 хувь байхаар баталсан. Урсгал зардал нь 60 орчим хувиар өсөж, зарлага ДНБ-ий 52 хувьд хүрсэн юм. Гэхдээ хөрөнгө оруулалт зардал бага. Ер нь, зүй тогтол нь алдагдалгүй төсөв гаргах ёстой юм. Гэвч чадахгүй байгаа нь харамсалтай. Урсгал зардал бус хөрөнгө оруулалт л өсвөл хөгжил дэвшилд хүрнэ. Тиймээс дээрх үзүүлэлт нь тийм ч сайн зүйл биш гэж үзэж байгаа. Ерөнхийдөө төсвийн бодлогынхоо хүрээнд эрэлтийг дэмжиж, мөнгөний бодлогоор нийлүүлэлтийг буюу хөрөнгө оруулалтаа дэмжих хэрэгтэй. Гэтэл банкны хүү өндөр болохоор хөрөнгө оруулалтаа дэмжсэн бодлого явуулахгүй байна. Энэ асуудал дээр л голчлон анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө мөнгөний болон төсвийн бодлого хоёроо уялдуулах шаардлагатай гэсэн үг.

-Мөн дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулга, судалгааны тайлангаа өгсөн. Гэхдээ парламент огт анхаарал хандуулаагүй. Түүнийгавчхэлэлцэх шаардлагагүй байв уу?

-Яах вэ, нэг талаасаа хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь ард түмнийхээ өмнө өгсөн амлалтаа биелүүлэх. Нөгөө талдаа төсвөө алдагдал багатай батлах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн юм. Ямар ч гэсэн нэгэнт амласан болохоор түүнийгээ биелүүлэх шаардлагатай учир ирэх онд иргэн бүртээ cap болгон 21 мянган төгрөг олгохоор боллоо. Ирэх жилд нэг хүн 252 мянган төгрөг авна. Үүнийгээ хэрхэн зарцуулах хувь хүний хэрэг л дээ. Гэхдээ үр ашигтай зарцуулахыг хүсвэл бөөнөөр нь авч болно.

-Юу гэсэн үг вэ?

-Иргэд өгч буй зүйлийг хоол унд хувцас болгон үрэн таран хийлгүй, ах дүү, хамаатан садангаараа болон найз нөхдийн хүрээнд хамтран энэхүү мөнгөө өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн. Нэг үгээр хэлбэл, бөөнөөр нь авахыг хүсэгчид ямар нэгэн төсөл боловсруулсан байх ёстой. Энэ нь, ажлын байр бий болгон жижиг дунд бизнес эрхлэх боломж. Магадгүй бүтэхгүй зүйл гэж бодож байгаа байх. Ямар ч зүйл багаас эхэлдэг. Эхлээд жилд 100 мянган төгрөгийн ашиг, түүнээс ч бага, бүр байхгүй ч байж болно. Ирээдүйд бизнес нь өргөжиж, сая саяын ашиг авах боломж бий. Ер нь, ийм зам сонговол илүү оновчтой болов уу гэж боддог. Ингэвэл иргэд маань өөрийн гэсэн орлоготой болж, дутагдах гачигдах зүйлгүй, төрөөс халамж хүртэх хугацаагаа хүлээн суухгүй.

-Гэхдээ хүн болгонд ийм боломж байхгүй. Тухайн мөнгөөр хоногийн хоолоо тээж буй айл өрх бий?

-Мэдээж хэрэг ийм өрх байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ боломжтой хэсэг нь ажлын байр болгон бизнес эрхэлбэл эргээд дотоодын эдийн засагт, хувь хүмүүст хэрэгтэй. Аль болох амьжиргаагаа өөд татах зүйл хийвэл  илүү оновчтой.

-Аливаа зүйлд эрсдэл гэж бий. Хэрэв бөөнөөр нь авсан тохиолдолд төсөвт дарамт үүснэ. Бас төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгө авчхаад минийх л юм чинь гээд үрэн таран хийвэл яах вэ?

-Засгийн газар маань энэ асуудал дээр анхаарч Төсвийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайн бүс нутагт, хотод ямар бүтээгдэхүүний үйлдвэр хэрэгтэй байна, ашиг нь хэд байх тухай төслийг иргэдтэй хамтран бэлтгээд танай сум, аймагт ийм үйлдвэр хэрэгтэй юм байна, хөрөнгө мөнгө нь ийм хэмжээтэй гэх мэтчилэн өгөх нь зүйтэй болов уу. Төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй бол хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын тусламж авах зэрэг арга хэмжээ авна. Ерөнхийдөө иргэдийнхээ оролцоотой хувьцаат компани байгуулах л асуудал. Өөрийн хөрөнгөө оруулсан хүмүүс хамгийн түрүүнд ажлын байртай болох юм. Харин оруулсан хөрөнгөний хэмжээнээс шалтгаалж ямар ажилд томилогдох нь өөр. Ийм л зарчим баримтлах талаар яриад байгаа хэрэг. Ямар ч хүн өөрийнхөө өмч дээр ажиллаж байгаа болохоор маш сайн ажиллана. Сарын цалин авч, цаашлаад ашигтай байвал ногдол ашиг ч хүртэх юм. Хэрэв энэ хэрэгжвэл ажилгүйдэл буурч өрхийн орлого өснө. Өнөөдөр өгч буйг нь идээд, уугаад дуусгачихвал жилийн дараа амьдрал өнөөх л хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлийг чамлахгүйгээр ажил хэрэг болгохыг зорих нь чухал. Энэ тал дээр төр нь ч чиглэл өгч, ард иргэд маань дэмжих нь оновчтой.

-Нэгэнт ийм бодолтой байгаа бол700 гаруй тэрбум төгрөгөө бэлэн хэлбэрээр тараахгүйгээр томоохон үйлдвэрүүд барьж болохгүй юу?

-Яах вэ, саяны ярьж буй л асуудал шүү дээ. Боломжгүй нэг нь хоол хүнсээ залгуулан авлаа гэхэд тал хувь нь буюу 350 тэрбумаар үйлдвэрлэл эрхэлж болно.

Үйлдвэржилтийг дэмжих зорилгоор 60 тэрбум төгрөг зарахад тодорхой үр дүн гарч ажлын байр бий болсон. Иймд 60 биш 350 тэрбумаар жижиг дунд үйлдвэр бий болговол түүнээс ч илүү үр дүн авчрах болов уу. Маш том дэвшил гарна гэж боддог.

Амлалтаа болих хэрэгтэй гэж зарим хэсэг нь үздэг. Иргэд ч мөн адил ярьсаар байгаа?

-Ам алдвал барьж болдог агт алдвал барьж болдоггүй гэдэг. Тухайн үед намууд хариуцлагатайгаар улс төрийн амлалтаа өгсөн болохоор буцах боломжгүй. Гэхдээ зүгээр л цацаад үр дүнгүй үрэн таран хийвэл ямар ч ашиггүй амлалт болно. Төр, иргэн хоёр аль болох ашигтай хувилбарыг сонгох л хэрэгтэй байна. Иргэд нь хөдөлмөрлөх сэтгэхүйтэй, төр нь зүгээр суусанд нь халамж хүртээгээд байх нь буруу. Цаашид намууд нь амлаад л, ард түмнээ залхуурал руу түлхээд байвал хөгжихгүй.

-Ирэх сонгуульд бэлэн мөнгөний амлалт байх болов уу?

-Сонгуулийн хууль яригдаж байна. Шинэчилж, өөрчилж буй хуульд хоёр нам бэлэн болон бэлэн бус мөнгөний амлалтын асуудлыг байхгүй болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр ард иргэд нь ч, төр засаг нь ч хариуцлагатай ажиллах болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.