Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгоно
Эрүүл мэндийн яам
2014.03.17

Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгоно

Маргааш буюу гуравдугаар сарын 18-ны өдрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэхээр санаалчлага гаргажээ.

Энэ тухайгаа яг одоо ЭМЯ-ны сургалтын танхимд сэтгүүлчдэд мэдээлж байгаа юм. Хэдийгээр цэргийн баяр нэртэй боловч эрчүүдэд тулгамдсан асуудлыг хөндөн гаргадаг энэ өдрийг эрчүүдийн баярын өдөр хэмээн тэмдэглэх нь бий. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв л гэхэд өнгөрсөн долоо хоногт эмнэлгийнхээ эрэгтэй эмч ажилтнууд болон эмэгтэй ажилтнуудынхаа нөхрүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

 Энэ мэт сайхан санаачлага нэг өдрөөр хязгаарлагдахгүй нь. Учир нь Эрүүл мэндийн яамнаас зөвхөн нэг өдрийг эрчүүдийн эрүүл мэндэд хандуулаад зогсохгүй жилийн турш анхаардаг болох үүднээс “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” стратегийг боловсруулж эхлээд байна.

Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.91 байгаа нь эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр дутуу байгаа юм. Дундаж наслалтын хувьд хүйсийн ялгаа аль ч улс оронд байдаг ба энэ зөрүү дунджаар дөрөв байдаг бол манай улсын хувьд үүнээс 2.5 дахин их байгаа нь анхаарал татаж байгаа ажээ. 

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг тусгайлан авч үзэж хөтөлбөр, стратеги, удирдамж боловсруулан хэрэгжүүлж буй улс орнууд цөөнгүй байдаг. Тухайлбал Европын холбооны улсууд эрчүүд, хөвгүүдийн эрүүл мэндийн талаарх Венийн тунхаглалыг 2005 онд батлан хэрэгжүүлсэн бол Ирланд, Англи, Австрали, Канад, Норвеги, АНУ, Шотланд, Швейцарь зэрэг 11 оронд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар баримтлах бие даасан бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлдэг  ажээ. Тиймээс манай улс ч өөрийн гэсэн стратеги боловсруулж эхэлсэн бөгөөд холбогдох алба, мэргэжилтнүүдийн саналыг авч байгаа юм.