Н.Удвал: Би эмнэлэг бариулдаг эрүүл мэндийн сайд биш
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.03.05

Н.Удвал: Би эмнэлэг бариулдаг эрүүл мэндийн сайд биш

Эрүүл мэндийн сайд Н. Удвалыг “Ярилцах танхим "-даа урьж, ярилцлаа.

- Иргэд Таны тэргүүлж буй салбарын “Дампуурлыг зарлах цаг болсон” гэцгээх нь их боллоо. Харин Та сайн дүн тавьж байгаа бололтой юм. Иймд “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн” болсон энэ өдөр өөрийн тань үгийг олонд хүргэхийг чухалчилж, “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Иргэдийн тавьсан дүн Таны дүн хоёр яагаад зөрөөд байгааг тодруулах гэж тэр шүү дээ?

-Сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа хүн амын цэвэр өсөлт оргилдоо хүрсэн жил нь 2013 он байлаа. Үүнд эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл их байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үгүйсгэх шаардлагагүй. Яаж ч маргаад, няцаагаад энэ үр дүнг үгүйсгэж чадахгүй.

Үгүйсгэж болохгүй гэж үзээд байгаа хүчин зүйлээ тодруулахгүй юу?

-Бид бүхэн 2012 оноос эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн зорилтыг тодорхойлж, тэр хүрээндээ ажилласан. Үүнийг олон нийтэд хүргэнэ гэдэг амар биш. Ойлгох нь ойлгоно. Ойлгохгүй хэсэг ч бий. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс. 60 хувь нь шалтгаалдаг. Бусад 25 орчим хувийг нь боловсрол, дэд бүтэц, орон нутгийн удирдлага гэх мэт хүчин зүйл бүрдүүлдэг.

Харин үлдсэн 10-15 хувь нь л эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас шалтгаалдаг бол таван хувь нь тухайн хүний удамшил, төрөлхийн хүчин зүйлтэй холбоотой. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Бусад улс ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзэж салбарынхаа бодлогыг тодорхойлдог. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эрүүл мэндийн салбарын тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлдог дээрх 10-15 хувьд анхаарлаа хандуулж ажилласан. Үр дүнд ч хүрсэн.

 -Манайд “Шинэ сайд-Шинэ бодлого” гэсэн зарчим хэрэгждэг. Гэтэл иргэдэд урт удаан хугацаанд тогтвортой хэрэгжих эрүүл мэндийн зөв бодлого юу юунаас илүү хэрэгтэй. Тэгвэл Таны өмнөх сайдуудаасаа ялгарах, өөртөө зөв гэж үзэж байгаа, магадгүй урт удаан хугацаанд үр дүнтэйгээр хэрэгжих боломжтой гэх энэ бодлогын давуу тал нь юу вэ?

Удамшлын болон төрөлхийн хүчин зүйлийг яаж удирдан чиглүүлснээр хүн амын эрүүл мэндийг сайжруулах вэ гэдгийг чухалчилж байна.

-Би энэ салбарыг мэднэ. Сайн мэдэх учраас түр хугацаанд хэрэгжих цаг хугацааны шалгуурт гээгдэж үлдэх хялбар зорилго, зорилтыг дэвшүүлж ажиллах бодолгүй байна. Наад зах нь эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудыг яаж шинэчлэх вэ. Иргэдийн зан үйл, амьдралын хэвшлийг яаж шинэчилбэл болох юм. Бусад салбарын оролцоог яаж сайжруулах вэ. Удамшлын болон төрөлхийн хүчин зүйлийг яаж удирдан чиглүүлснээр хүн амын эрүүл мэндийг сайжруулах вэ гэдгийг чухалчилж байна. Надад хангалттай хэмжээний шинжлэх ухааны мэдлэг, онол суртахуун, туршлага байна. Үүнийгээ бүрэн дүүрэн ашиглахыг чухалчилж байна.

-Уучлаарай, иргэдэд ерөнхий зорилтоос илүү нэг ч болов эмнэлэг барих нь бодит ажил болж харагдана. Мөн нэг эмнэлгийн аппаратыг шинэчлэх нь төр иргэнээ мартаагүй юм байна гэдэг итгэлийг төрүүлнэ шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд манайхан эмнэлэг шүтсэн, эмнэлэг дагасан тогтолцоонд хэт автсан байна. Энэ бол хөгжлийн гаж чиглэл. Чиглэл нь гажуудчихсан байсан байна. Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын 79 гаруй хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд явдаг. Дөнгөж 13 хувь нь өвчнөөс урьдчилсан сэргийлэх, нийгмийн арга хэмжээнд, долоон хувь нь удирдлагын зардалд зарцуулагддаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Иргэдийн зан үйлийг өөрчлөх шаардлагатай байна.

Олон эмнэлэг барьж, олон тоног төхөөрөмж суурилуулснаар хүн амынхаа өвчлөлийг бууруулсан улс дэлхийд байхгүй. Монгол Улсад 2013 оны байдлаар 10 мянган хүнд 92 ор оногдож байна. Дэлхий дээр ийм улс байхгүй. Эмнэлгийн орны тоогоороо манайх дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Гэтэл эмнэлгийн үйлчилгээ өндөр хөгжсөн Европын орнуудад гэхэд 10 мянган хүнд 60 ор оногдож байх жишээтэй. Ийм бодит үзүүлэлт байсаар байхад бид эмнэлэг шүтэж амьдарч болохгүй.

-Гэхдээ би гэхэд иргэн хүнийхээ хувьд Түлэнхийн эмнэлгийг хурдан бариасай гэж хүсдэг. Ор байхгүй шалаар хэвтэж байгаа өвчтөнүүдийг хараад “Эмнэлэг барих хэрэгтэй” гэдэг бодолдоо улам бүр итгэдэг. Гол нь энэ бол нэг хүний бодол биш. Бүхэл бүтэн нийгмийн захиалга шүү дээ. Ийм байхад таныг хариуцлагагүй үг хэллээ гэсэн шүүмжлэл өрнөж мэдэх юм?

-Би Түлэнхийн эмнэлэг барьснаар түлэнхийтэй тэмцэнэ гэж боддог сайд биш. Үнэнээ л хэлье. Би эмнэлэг бариулдаг Эрүүл мэндийн сайд биш. Харин түлэнхийгээс урьдчилан сэргийлэх замаар түлэнхийтэй тэмцэнэ гэж боддог. Гэр орондоо хүүхдээ харж байж халуун тогоонд хүүхдээ унагаачихаж байгаа эцэг эхийг зөвтгөж “Эмнэлэг барих хэрэгтэй” гэж би хэлэхгүй. Хэзээ ч хэлэхгүй. Мэдээж түлэгдсэн иргэнд үйлчилгээ үзүүлнэ. Энэ чиглэлийн эмч нар Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд бий.

Гол нь хандлага чухал. 32 тэрбум төгрөгөөр. түлэнхийн эмнэлэг барьсан нь дээр үү, гурван тэрбум төгрөгөөр түлэгдэлтийн эсрэг заавар, зөвлөгөө явуулж эцэг эхчүүдийг болгоомжтой, хариуцлагатай болгосон нь зөв үү. Аль нь илүү өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ байна. Би мэргэжлийн хүний хувьд ийм байр суурьтай байдаг. Бид нар эрүүл мэндийн салбарыг зөвхөн үрдэг, зардаг салбар гэж харж, ойлгож болохгүй.

Энэ салбар зардал багатай үр ашиг сайтай, зөв удирдлага зохион байгуулалттай байх ёстой Удирдах ажилтны зөвлөгөөн дээр гэсэн үргүй зардал гаргахгүй байх, хэрэггүй шаардлагагүй эмчилгээ хийж, үр ашиггүй эмнэлэгт хэвтэхгүй байх, илүү шинжилгээ өгүүлэхгүй байх, илүү эм бичихгүй байх талаар ярилцаж, өөрчлөлт оруулахаар ярьж байна.

-Зорилгыг гань сэтгэхүйн шинэчлэл гэдэг талаас нь харвал ойлгож болох юм. Гэтэл иргэд ойлгох уу. Дахиад л асуухад Монголд эмнэлэг дутагдалтай байгаа нь үнэн шүү дээ. Тэгээд ч хувь улстөрчийнхөө хувьд иргэдийн энэ хүсэл сонирхлын эсрэг хөдөлнө гэдэг нь карьер хөөж буй Танд хохиролтой биш гэж үү?

Харин ч би энэ ажлыг хийхгүй бол улстөрчийнхөө хувьд хулчгар бөгөөд увайгүй улс төр хийдэг хүн болж үлдэнэ.

-Юу гэж дээ. Харин ч би энэ ажлыг хийхгүй бол улстөрчийнхөө хувьд хулчгар бөгөөд увайгүй улс төр хийдэг хүн болж үлдэнэ. Энэ ажлыг хийж байж л эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж чадна. Тухайлбал энэ онд гэхэд бид Монгол Улсын иргэн бүрт цусны даралтын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ зорилгыг бүх нийтээр бичиг үсэгт тайлагдах гэдэгтэй адилтгаж болно. Хүн бүр цусны даралтаа мэддэг байх нь тухайн хүний эрүүл мэндээ хамгаалах хамгийн анхдагч бөгөөд хамгийн том хүчин зүйл байж чадна.

“Миний цусны даралт 120:80. Хэрэв 135:90 болоод ирвэл чих шуугина, толгой эргэнэ” гэж мэддэг болно. Тэр даруйдаа өөрөө өөртөө анхан шатны тусламж үзүүлдэг болох ёстой. Бүр болохгүй бол эмч рүү хандана. Ингэж гэмээнэ монголчууд гэртээ цус харвадаггүй ард түмэн болно. Үр дүнд нь зүрх судасны өвчлөлийг гуравны нэг хувиар бууруулна. Энэ их амархан. Бага мөнгө орно. Цусны даралт ихэссэн хүнийг эмчлэх амархан уу, цус харваад ухаангүй болчихсон хүнийг эмчлэх нь хялбар уу.

Ингээд тайлбарлахаар ард түмэн зуун хувь гараа өргөөд дэмжинэ. Үүний тулд сум суурингийн бүх эмнэлгийг цусны даралтын суурин аппаратаар хангана. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван аймаг, хоёр дүүргийн өрх, сумын эмнэлгийг хангана. Олон хүн үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллага, олон хүн ажилладаг үйлдвэрийн газрыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ төрлийн аппарат тавь гэдэг хүсэлт хүргүүлсэн.

Би ямар ч байсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ард иргэдийг “Сайн байна уу, та” гэдэг шиг “Миний цусны даралт тэд” гэж шууд хэлж чаддаг цусны даралтын боловсролтой болгоно. Ингэснээр иргэд цус харвахгүй, зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй болно. Үүнийг харин улс төрийн хүсэл сонирхлоор иргэдэд сайтар ойлгуулж, таниулах нь л чухал. Иргэдтэйгээ нэг хэлээр ярьж чадсан тохиолдолдхэрэгжүүлэхэд бэрх биш.

-Иргэдтэй нэг хэлээр ярина гэдгээ тодруулахгүй юу?

-Тэдний хүсэл сонирхлын дагуу ажиллана гэсэн үг. Тэгж байж минийзорилго ажил болж чадна.

-Гэхдээ сайдад үгээ хүргэнэ гэдэг ард олонд тийм ч хялбар зам биш шүү дээ?

-Манайд харин ч эсрэгээрээ. Манай яам долоо хоног бүрийн баасан гарагт Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд үндэсний хэмжээний эх, хүүхдийн эрүүл мэндийн шуурхай зөвлөгөөн хийж байна. Энэ зөвлөгөөнд сумдаас ч оролцдог. Долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр төрөлт, төрөхийн хүндрэлтэй холбоотой бүх мэдээллийг би өөр дээрээ авч үзэж байгаа.

Энэ бас их үр дүнтэй юм. 2014 оны эхний хоёр сард гарсан эх, хүүхдийн эндэгдэл 2013 оны мөн үеийнхээс 29 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурсан. Тэгэхээр үр дүн гарч байгаа биз дээ.

-Та дээр “Эрүүл мэндийн салбар заавал зарж, үрдэг байж болохгүй" гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Сүүлийн таван жилийн дотор манай салбарт жилдээ 1,5-2,5 тэрбум  төгрөгийн өр хуримтлагддаг байсан байна. Өнгөрсөн онд бид дотооддоо төсвийн зохицуулалт хийснээр 10- 13 дахин өрийн хэмжээг бууруулж чадлаа.

-Яаж?

-Хүсэл сонирхол байвал зохицуулж болдог юм байна. Үр ашигтай ашиглах зохицуулалт хийхийн тулд Сангийн сайдаар дөрвөн удаагийн тушаал гаргуулсан. Ингэснээр найман тэрбум төгрөгийн өрийг төллөө. Хоёр дахь нь 11-11 утсыг ажиллуулж эхэлсэн 2013 оны эхний хоёрд манай салбартай холбоотой 600 гаруй гомдол ирж байсан. Харин оны сүүлчээр сард 200 , орчим гомдол ирдэг болсон.

Энэ нь эрүүл мэндийн салбарын өөрчлөлт иргэдэд таалагдаж байгаагийн илрэл. Өнгөрсөн жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан Монголд ирсэн. Тэр хүн манай үйл ажиллагаатай танилцаад “Бодлого чиглэл чинь зөв байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх чадавх байна уу, үгүй юу. Үүндээ маш сайн анхаараарай” гэж зөвлөж байсан.

-Та шинэчлэлийн Засгийн газрын “давхар дээлгүй” хоёр сайдын нэг. Зөвхөн хэсэг бүлэг УИХ-ын гишүүд гэлтгүй иргэд ч “Ерөнхий сайдаас бусад нь давхар албатай байж болохгүй” гэж байна. Танд УИХ-ын гишүүний сэтэргүй сайдын давуу тал хэр мэдрэгдэх юм?  

-Хоёр талтай. Давуу тал нь салбарынхаа үйл ажиллагааг дагнах явдал. Бас сул тал ч байна. Наад зах нь УИХ-аар салбарынхаа талаар бодлогын баримт бичгийг батлуулах болоход эрх мэдэл дутах, салбарынхаа санхүүг нэмэгдүүлэхэд хүч дутах зүйл бий. Гэхдээ ингэлээ гээд манай салбарт доголдсон зүйл байхгүй л дээ.

-МАХН-ын зарим гишүүн “Засагт багтсан сайдууд намаасаа “урвалаа”. Намын даалгавар биелүүлсэнгүй” гэх мэтээр шүүмжилж байгаа харагддаг?

-Гурван намын гишүүд хамтраад Засгийн газар байгуулаад ажиллаж байхад хэн хэнийх нь бүх зорилт гүйцэтгэх засаглалын хөтөлбөрт багтах боломжгүй. Аль болох нэг, нэгнийхээ бусдаасаа ялгарах зөв зүйтэй зорилтыг нэгтгэж байж л хөтөлбөрөө боловсруулдаг. Бид энэ л жишгээр ажиллаж байгаа. Үүнийг шүүмжлэх эрх нь бүх хүнд нээлттэй.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамтарч ажиллах хэр байна. Гүйцэтгэх засаглалын гал тогоонд тэр сайн удирдагч байж чаддаг уу. Хөндлөнгөөс нь харах,  хамтарч ажиллах хоёрын хооронд бодит ялгаа харагдаж л байгаа байх?

-Тэр үнэхээр ажилсаг хүн юм билээ. Төрөлхийн ажилсаг шүү. Удмынх юм шиг байна билээ. Ажилсаг хүн байдаг. Гэхдээ улстөрчид дунд түүн шиг ажилсаг хүн бас их ховор байдаг юм. Ихэнх улстөрч эрчүүд асуудалд бүдүүн хойрго ханддаг. Тэгэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөр шүү. Хамтарч ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нь бол хэлнэ дээ.

-Тантай     ярилцчихаад Н.Энхбаяр даргын талаар асуухгүй өнгөрнө гэдэг утгагүй хэрэг. Тэр хүний тухай байсхийгээд л “Сөүлээс Засгийн газраар тоглох даалгавар өгсөн гэнэ. Удахгүй ирж Монголын улс төрийг бужигнуулахаар бэлтгэж байгаа сурагтай. Очиж золгосон хүмүүстээ энэ чиглэлийн үүрэг өгчээ” гээд л бичих юм. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Би зориудаар ингэж бичиж, улс төр хийдэг хэсэг бүлэг хүн байна уу гэж бодож байгаа. Хараад “За нөгөө худал юмаа бичиж эхэлж дээ” гэж боддог. Би очиж уулзсан. Гэхдээ “чөлөө” аваад хүрээд ирсэн. Энд ажилтай байсан болохоор удах боломжгүй байсан. “Намын ажил яаж байна. Их хуралдаа хэрхэн бэлтгэж байна” гэх мэт намын гал тогооны зүйлээ л ярьдаг юм.

-Зургийг нь харахад бие хаа нь эдгэж, илааршиж байгаа юм уу даа гэх бодол төрүүлэхээр байсан?

-Нэг үеэ бодоход харьцангуй дээрдсэн. Гэхдээ тодруулах, нягтлах зүйл байгаа юм билээ.

-Хэдийгээр Монголд ирэх бол?

-Их хуралдаа оролцоно. Намын дарга байж байж л хурал хийнэ шүү дээ.

-Та нэгэн үе “Олигархиудтай хариуцлага тооцно. Энэ хүмүүсийг засгаас буулгана” гэх мэт эсэргүүцлийг өрнүүлж байсан. Тэгвэл өнөөдөр тэр бүх шүүмжлэл тань руу тодорхой хэмжээнд чиглэх болж. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд л “Би бол Н.Энхбаяр л гэсэн үг” гэх утга бүхий мэдэгдлийг удаа дараа хийлээ. Энэ хоёрын хооронд тодорхой нэг холбоос байж болох юм?

-Намыг хагалах, хооронд нь эвдрэлцүүлэх, нэгийг нь нэгнийх нь эсрэг чиглүүлэх гэх мэт технологи байдаг. Ийм зорилго тодорхой нэг улс төрийн хүчнээс ирж байгаа учраас намд ийм проццес болж байгаа гэж би дотроо дүгнэдэг. Мөн хувь улстөрчийн төлөвшил нөлөөлж байна уу гэж харж байна. Улстөрч хүний үг хэдийгээр нэг хүний үг ч гэлээ намын төлөөлөл гэдэг утгаараа намтай холбож ойлгогдох нь бий. Иймд хариуцлагатай байх ёстой. Улс төрийн мэдэгдэл хийх, ярилцлага өгөхдөө ч бодолтой байх ёстой. Би тэднийг суралцаж байна гэж бодож байгаа. Хүн алдаж байж сургамж авдаг, төлөвшдөг. Тийм шатандаа яваа байх.

-Таны ширээн дээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеийн зураг байна. Та тэр үеийг нэхэн дурсч, өөрийнхөө алдаа оноог дэнслэх юмуу?

-Завгүй байна. Гэхдээ бас бодно оо. Эмэгтэй хүнийхээ хувьд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаж, тэр их хүчний өөдөөс өрсөлдөнө гэдэг зориг байсан. Намын маань хувьд ч ийм шийдвэр гаргах нь хамтын зориг байсан. Энэ утгаараа би эмэгтэйчүүдийнхээ цаашдын улс төрийн карьерт шат өгсөх эхлэлийг нь тавьж өгч дээ гэж боддог юм.

-Таныг өнөөдрийг хүртэл “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэл, сонирхлоор МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах зорилготой нэр дэвшсэн” гэж хардах нь бий?

-Яах вэ дээ. Ярьдаг хэдэн сэдэв байдаг даа. Түүнийг ярьдаг хэсэг хүн ч байдаг юм. Тэр хүмүүсийн өвчин хөдлөхөөр тэгж яриад байх шиг байгаа юм. Түүнээс бус надад Ардчилсан намтай ярилцсан тохироо гэж байхгүй. Би өөрөө өөрийгөө зориг гаргасан гэж хүндэтгэдэг.

-Н.Энхбаяраас айх айдас нь өөрөө МАХН-аас эмээх шалтгаан гэдэгтэй маргах аргагүй. Тиймээс ч цаашид Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эргэн ирлээ гэхэд түүний хөтлөх, МАХН- ын хэрэгжүүлэх улс төрийн өрнөлийг та яаж харж байна?

-МАХН-ын хувь заяа шударга ёсны төлөө, асар их бэрхшээлийг давж, тэмцэл дунд байгуулагдсан нам. Энэ намаас асар их зүйлийг хүлээж байгаа учраас иргэд УИХ- ын 2012 оны сонгуульд итгэл хүлээлгэж санал өгсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ намын хувь заяа шударга ёс гэдэг үнэт зүйлээ хадгалж чадах уу, үгүй юу гэдгээс шууд хамаарна. Хадгалахын төлөө нам ажиллах ёстой.

Үүнийгээ харуулахын төлөө ажиллах ёстой. Хэрэв энэ үнэт зүйлээ үгүй хийчихвэл бусад улс төрийн хүчнээс ялгарах содон тэмдгээ устгаж байгаатай адил зүйл болно. Би энэ байр суурин дээрээ хатуу байдаг. Н.Энхбаяр дарга эргэж ирлээ гэхэд энэ л зарчмынхаа дагуу ажиллана байх.

-Н.Энхбаярын хувь заяа гэдэг МАХН, МАХН-ын хувь заяа гэдэг Н.Энхбаярын эрх ашиг гэвэл үнэнд нийцэх үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Н.Энхбаяр дарга бол туршлагатай, бидэнд түшиг болох улстөрч. Улс төрийг тодорхойлох лидер үү гэвэл лидер. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Иймд хувь заяа гэхээс илүүтэй Н.Энхбаяр даргын үйл ажиллагаа, МАХН-ын цаашдын бодлого улс төрийг тодорхойлно гэдэгтэй маргах хэрэггүй болов уу.

-УИХ-ын гиш үүн О.Баасанхүү зөвхөн нэр бүхий УИХ-ын гишүүд төдийгүй МАХН-аас сонгогдсон, засагт багтсан гишүүдтэйгээ ч “маргалдаж, мэтгэлцэж” байгаа харагддаг. Та түүнийг нөгөө л суралцаж байгаа, төлөвших шатандаа яваа улстөрч гэдгээр нь харж уучилдаг уу. Та дээр цухас хариулсан. Гэхдээ хариулт дутуу үлдсэн мэт санагдаад байна л даа. Тэгээд ч дараагийн асуултын маань сэдэв нэг байх учраас давтан асуухаар шийдлээ?

-Би бол МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн. Би нэг зарчим баримталдаг. Адгийн хүн хүн ярьдаг, эгэл хүн амьдрал ярьдаг, агуу хүн сэдэв ярьдаг гэсэн зарчим. Би сэдэв ярьдаг агуу улстөрч байж чаддаггүй юм гэхэд амьдрал ярьдаг эгэл улстөрч байх юмсан гэж хичээдэг. Тийм учраас хүн ярих дургүй. Энэ бол өчүүхэн зүйл.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн тухай ч тэр ярихгүй гэж үү?

-Хоёр эрэгтэй хүнтэй өрсөлдсөн ганц эмэгтэй хүн гэдэг утгаараа олон зүйлийн ялгааг олж харж байсан. Тэд хоёулаа маш их мөнгөөр өрсөлдсөн. Хэн хэн нь онгоцоор 21 аймгийг тойрч байхад би машинаар тойрсон. 5-6 сурталчилгааны самбарынхаа мөнгийг би төлж чадалгүй сонгуулийн хугацаа дуусахаас өмнө буулгуулж байхад нөгөө хоёр маань бараг шон бүрт сурталчилгаа нааж байсан. Энэ мэт ярих зүйл олон. Ялгаа их. Ер нь их өөр юм билээ. Жишээ нь би мэтгэлцээнд яг асуултын хариуг олох гэж хичээж байхад өрсөлдөгчид маань хаа, хамаагүй зүйл ярьж байх жишээтэй.

-Хүүхэд эх барьж авдаг тохиолдол байна. Үүнийг сонгуулийн шоу гэж дүгнэх хэсэг байхад эмч хүн, эх хүн гэдгээр тань ойлгохыг хичээгсэд ч олон байх?

-Би явсан газар бүртээ хүүхэд эх барьж авдаг. Баянхонгор аймагт очихдоо тэр хүүхэдтэйгээ хоёр ч удаа уулзсан. Жаахан рахиттай болчихсон байна билээ. Аав, ээжид нь зөвлөгөө өгөөд ирсэн. Энэ бол миний мэргэжлийн ажил. Би шоутой шоугүй, улс төртэй, улс төргүй хүүхэд эх барьж авна. Жилдээ 100 гаруй хүүхэд эх барьж авдаг сумын эмч байсан хүнд үүн шиг сайхан юм гэж байхгүй. Би одоо ч гэсэн эмнэлгээр явж байхдаа “Өвдөж байгаа эх байна уу. Би эх барьж  авья” гэдэг. Би чинь Удвал их олонтой. Аав, ээжүүд нь “Таны нэрийг өгнө” гээд л Удвал гэж нэр өгдөг.

- Ээж болох үеийн сэтгэгдлийг зүйрлэх хэцүү. Г эхдээ л тэр мөчид авсан аз жаргалын мэдрэмж бүх амьдралын хөг байдаг учраас эх баригч эмч нар ямар мэдрэмжид хөтлүүлдэг бол гэж сонирхмоор санагддаг юм?

-Сайхан. Хүний амьдралын сайн сайхан бүхний эхлэлийг тавьж, үр хүүхдийг нь амлуулна гэдэг ховор аз. Би тэр сайхан мэдрэмжээс тийм ч амар холдчих хүн биш шиг байгаа юм. Иймд гайхах хэрэггүй. Би дахиад боломж олдвол хүүхэд эх барьж авна. Тэр бүрт харин шоу гэж бичих үү, дуртайдаа гэж бичнэ үү ёстой бичих хүмүүсийн л мэдэх хэрэг байх даа.

-Ярилцсанд баярлалаа.