Э.Бат-Үүл дарга элэг шилжүүлэн суулгуулах хүүд таван сая төгрөг хандивлалаа
Монгол Улсад анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран хийхээр бэлтгэж байна.
Дөрвөн настай хүү Төмөрчулууны Дэлгэрсайханы мэс заслын өртөг нь 70 сая төгрөг болох бөгөөд аав, ээж ах, дүүс нь энэ мөнгийг цуглуулж байгаа юм. Мэс заслыг энэ сарын 22-нд хийхээр төлөвлөсөн ба аав нь хүүдээ донор болох гэнэ.
Элэгний хатуурал оноштой хүүгийн эмчилгээнд зориулж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Засаг даргын нөөц сангаас таван сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. Энэ мэс заслыг манайхан БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран хийх юм. Солонгос эмч нар энэ ирэх пүрэв гаригт манай улсад ирнэ.
Монголд анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн бөгөөд монгол, солонгос эмч нар хамтарч 11 хүнд энэ нарийн түвэгтэй мэс заслыг хийгээд байгаа юм.