Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд зөвлөлдлөө
“Мянганы хөгжлийн зорилт - Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” сэдэвт хүүхдийн ерөний мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо.
Мөн энэхүү зөвлөгөөн нь "Түншлэлийг бэхжүүлэх" хүрээний томоохон хэмжээний уулзалт болж буйгаараа онцлогтой.
Уг зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны зорилт, тулгамдсан асуудал, цаашдын чиглэлээ хэлэлцэж, туршлага солилцов.
Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд үг хэлж, амжилт хүслээ. Тэрээр хэлэхдээ, “Бид жил бүр хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн уулзлат зөвлөгөөнийг зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд илүү онцлогтой болж байна. Учир нь 2014 он бол “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”. Өнгөрсөн онд 79371 эх төрж, 79780 нярай мэндэлсэн нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байлаа.
Төрөлт 6,9 хувиар өсөж, хүн амын өсөлтийн хамгийн оргил үе болсон. Үүний зэрэгцээ бид хүн амын нийт нас баралтыг 5,9 хувиар бууруулж чадсан. Эх, нярайн эндэгдлээ ч тогтвортойгоор буурууллаа. НҮБ-аас Монгол улс хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн 2015 оны зорилтыг хангасан гэж тэмдэглэсэн нь та бидний том амжилт боллоо. Гэхдээ бид энэ амжилтандаа ханахгүйгээр Ази Номхон далайн хөрш орнуудын түвшинд хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байна” хэмээн онцлов.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал тавьсан илтгэлдээ хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох дархлаажуулалт, хүүхдийн өвчний цогц менежментийг эрчимжүүлж, сэргээх, хөхөөр хооллох, зөв зохистой хоол тэжээл өгөх зэрэг асуудлууд чухал болохыг дурьдаад аймаг, сум, дүүрэг бүрт жигд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг захилаа. Цаашид хүүхдийн нас баралтыг бууруулах боломж байгаа. Гэрийн болон хоног болоогүй нас баралт гарах нь эх, хүүхдийн хяналт, үйлчилгээний хүртээмж чанаргүй байгааг илтгэдэг гэдгийг ч салбарын сайд сануулав.
Манай улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдгээс 30 орчим хувь нь 5 хүртэлх насны, 40 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байдаг байна. Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал сайжирч, урьдчилан сэргийлэх боломжтой өвчний шалтгаант нас баралт жил бүр буурч байгаа боловч аймаг бүрт харилцан адилгүй байгаа юм.