Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.02.28

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд иргэн бүрийн оролцоо чухал

Эрүүл мэндийн яам энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны удирдлагууд, 21 аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоллхаммер нар оролцлоо.

Олон улсын байгууллага, яам, хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд нэгэн дор цугларч өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, энэ жил хийх ажлаа хамтдаа ярилцаж байгаагаараа энэ удаагийн арга хэмжээ онцлог болж байна. Үүний үр дүнд "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-д хүрэх үр дүнгээ тодорхойлж, салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтыг Эрүүл мэндийн яам дэвшүүлж байна.

Зөвлөгөөний үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У Монгол Улс, тэр дундаа Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг эх, хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах жил болгон зарлаж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснийг таатай хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааг цаашид ч дэмжин, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахаа тэрээр энэ үеэр онцолж байлаа.

Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл, Монгол улсад хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгааг онцлон тэмдэглэв. Энэ нь сайн үзүүлэлт ч гэсэн эрүүл мэндийн үйлчилгээний салбарт хот, хөдөөгийн ялгаа их байгааг тэрээр хэллээ. Судалгаанаас харахад алслагдсан аймагт оршин суудаг голдуу амьдралын төвшин доогуур айлын хүүхдүүд өвчлөлд амархан өртөж байгааг НҮБ-ын ХС-ийн суурин төлөөлөгч илтгэлдээ дурдаж, орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатайг сануулж байв.

Эмч сард 2.7 сая, сувилагч 1.6 сая төгрөгийн ажил хийдэг

Олон сорилт, бэрхшээлийг даван туулж сургамж авсан, алдаа оноотой ч амжилт бүтээлээр арвин жил байлаа” хэмээн дүгнэсэн юм.

 Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, "Хариуцлага, хяналтыг сайжруулах жилийн ололт, эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэл" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр өнгөрсөн жилийн ажлаа “Олон сорилт, бэрхшээлийг даван туулж сургамж авсан, алдаа оноотой ч амжилт бүтээлээр арвин жил байлаа” хэмээн дүгнэсэн юм. Сайд илтгэлийнхээ эхэнд "Эрүүл чийрэг монгол хүн" хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийг тайлагнасан юм.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд ажил хийгджээ. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Мөн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн онд 47 барилга угсралтын ажил хийгдсэнээс 18 барилгыг ашиглалтад оруулаад байна.

Хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ тус бүрийн бодит өртөг тооцох судалгааг хийжээ. Ингэснээр тусламж, үйлчилгээний тариф бодит өртгөөс дунджаар 15-60 хувиар доогуур байна гэсэн дүгнэлтийг нотолгоогоор гаргаж ирсэн аж. Энэ үеэр сонирхолтой баримт ч дурдагдлаа. Тодруулбал, дунджаар нэг эмч сард 2.7 сая, сувилагч 1.6 сая төгрөгийн үнэлэмжтэй ажил хийж байгааг тогтоосон нь эрүүл мэндийн салбарыг тусламж, үйлчилгэээний бодит өртөг, эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн бодит үнэлэмжинд тулгуурлан санхүүжүүлэх боломжийг бүрдүүлжээ.

 Өнөө жил эрүүл мэндийн салбарт эрчимтэй шинэчлэл өрнүүлнэ гэдгээ сайд амлаж байна. Салбарын энэхүү эрчимтэй шинэчлэлийг тус яамныхан нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, төсвийн удирдлага, хөрөнгө оруулалтад хийх шинэчлэл, хоёрдугаарт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэвшилд хийх шинэчлэл, гуравдугаарт, эрүүл мэндийн төлөөх түншлэлд хийх шинэчлэл хэмээн томъёолж байна. Эхний шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт шаардлагатай санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, салбарын үр ашгийг сайжруулах, үргүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын бодлогод шинэчлэл хийх ажээ.

 Эрүүл мэндийн сайдын багцад энэ онд 566.2 тэрбум төгрөгийн төсөв батлагджээ. Үүний 405.5 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 123.4 тэрбум нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 13.3 тэрбум нь үндсэн болон туслах үйлчилгээний бусад орлогоос, 25.0 тэрбум нь гадаадын төслийн зээлээс санхүүжигдэх юм байна. Энэ оны төсвийг 2013 онтой харьцуулбал 102.3 тэрбум төгрөгөөр, үүний дотор улсын төсвийн санхүүжилт 58.6 тэрбумаар, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 38.0 тэрбумаар, үндсэн болон туслах үйлчилгээний бусад орлого 3.3 тэрбумаар, гадаадын төслийн зээлээс 2.4 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэвшилд шинэчлэл хийхийг зорьж буйгаа Эрүүл мэндийн сайд онцоллоо. Урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчний өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, зайлсхийж болох цаг бусын эндэгдлийг бууруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх орчныг бүрдүүлэх нь юуны өмнө чухал байгааг тэрээр хэлж байв.

ЭМЯ найман зорилт дэвшүүлжээ

 Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд орон нутгийн эмнэлгийн байгууллагууд тодорхой төлөвлөгөө гарган ажиллах юм байна. Эрүүл мэндийн яам зорилтот жилийн хүрээнд найман зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг энэ үеэр төлөөлөгчдөд дуулгалаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулж, өвчнийг эрт илрүүлж, эмчлэхэд анхаарал хандуулах, эхчүүд жирэмслэхээс өмнө үзлэг шинжилгээнд хамрагдах, эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад яамнаас онцгойлон анхаарал хандуулах ажээ.

Үүний үр дүнд долоо хоног бүр орон нутгаас мэдээлэл хүлээн авч, дүн шинжилгээ хийдэг.

Эл ажлын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар тандалт судалгааны төвийг өнгөрсөн сараас ажиллуулж эхэлснийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэллээ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн дөрвөн үзүүлэлт болох эх, нярайн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажгийг бууруулах тандалт судалгааг явуулж байгаа аж. Үүний үр дүнд долоо хоног бүр орон нутгаас мэдээлэл хүлээн авч, дүн шинжилгээ хийдэг.

Түүнчлэн Засгийн газрын санхүүжилтээр нярайн оношлогооны 14 тоног төхөөрөмжийг шинээр эмнэлэгтээ суурилуулсан байна. Ингэснээр төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношилж дараа, дараагийн арга хэмжээг шуурхай авах боломжтой болж байгааг Ш.Энхтөр захирал мэдээллээ. Тандалт судалгааны төвд ирсэн мэдээллээр баруун бүсийн зарим аймагт эхийн эндэгдэл өндөр гарсан байна. Эдгээр аймагт мэргэжлийн баг томилон ажиллуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.

Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн хувьд эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад салбарын баримтлах бодлогоос гадна боловсон хүчин, техник технологийн хүрэлцээ хангамж нэлээд чухал үүрэгтэйг өгүүлж байлаа. Орхон аймгийн хувьд эхийн эндэгдэл хамгийн бага гарсан аймгийн нэг юм. Эх, хүүхдийн эндэгдэлгүй ажиллахад эмч нарын хариуцлага, уйгагүй хөдөлмөрөөс гадна иргэдийн үүрэг оролцоо, хувь нэмэр ч их байсныг Орхон аймгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгч хэлж байлаа.

Харин Өмнөговь аймаг сүүлийн гурван жил эхийн эндэгдэл гаргаагүйг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Д.Энхмандах танилцуулав. Түүний хэлснээр өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий олон шинэ тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр орон нутгийн иргэд тархины мэс засалд орох боломжтой болжээ. Төлөөлөгчид эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд иргэн бүрийн оролцоо чухлыг уулзалтын үеэр сануулж байлаа.

2014 оны бүтээлч 12 ажил

 Эрүүл мэндийн салбарын сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний талаар кино хийжээ. Тэгвэл энэ онд сэтгэлд нийцсэн найман үйлчилгээгээ бататгахын зэрэгцээ 12 бүтээлч ажил хийхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа танилцуулсан юм. Өсвөр үеийн клиникийг байгуулах нь яамны хамгийн том бүтээлч ажил болох аж. Хэрвээ энэ клиник товлосон хугацаандаа байгуулагдвал залуусын орон гэгддэг манай улсад нүдээ олсон хамгийн чухал ажил болох юм. Мөн бүх нийтийг цусны даралтын талаарх мэдлэгтэй болгох, элэгний хорт хавдрыг эрт үед илрүүлэх, өндөр өртөг бүхий тусламж үйлчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болох, дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн нэгж байгуулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байна.

Иргэний хяналтын тогтолцоог эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх, эх орондоо эмчлүүлдэг тогтолцоог бий болгохыг салбарын яам онцгойлон анхаарч, бүтээлч ажлынхаа жагсаалтад багтаажээ. Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний нэгж байгуулах, эх орондоо зүү, тариур үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахаар зорьж байна.

 Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр дээр дурдсан илтгэлүүдээс гадна яамны удирдах ажилтнууд эмнэлгийн тусламжийг хөгжүүлэх, эмийн талаар төрөөс баримтлах бодлого, цахим эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдэл, эмнэлгийн мэргэжилтний алдаа, зөрчилд хийсэн дүн шинжилгээний талаар танилцууллаа.

Мөн "Эрүүл насжилт, настны эрүүл мэнд", "Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах" үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Дараагийн өдөр салбарын эрчимтэй шинэчлэл, хэрэгжүүлэх арга замын талаар ярилцахаас гадна эмнэлгийн орны ашиглалтын өнөөгийн байдал, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачаалал, норм норматив судалгааны дүнг ч танилцуулж, удирдах ажилтнуудын санал бодлыг сонсох ажээ.