"Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт ээлжит цахим хурал боллоо.
Уг цахим хуралд Увс аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон ЭМЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцов. Цахим хурлыг эрүүл мэндийн сайд Н. Удвал удирдан, энэ сарын 7-ны өдрөөс 14-ний хооронд улсын хэмжээнд шинээр төрсөн хүүхэд, хүүхдийн өвчлөлийн байдал, эх болон хүүхдийн нас баралтыг аймаг, хот тус бүрээр танилцуулж, тэдгээрийн тэргүүлэх шалтгааныг гарган, цаашид анхаарч ажиллах чиглэлийг сануулж, үүрэг өглөө.
Тэрээр, энэ жил бид эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахдаа шаардлагатай тоног, төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэлийн хангамжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнийг сургах, хоног болоогүй болон гэрийн нас баралт, гэрийн төрөлтийг бууруулах замаар нэг баг болон ажиллаж байгааг дурдав.
Мөн энэ үеэр аймаг, нийслэлийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн уулзалт, семинарыг УБ хотноо 2-р сарын 12-15 өдрүүдэд зохоин байгуулж, хүүхдийн эсэн мэнд амьдрах талаар хийж буй ажил, хүрсэн амжилт, тохиолдож байгаа бэрхшээл түүнийг шийдэх арга замыг хамтран хэлэлцэж байна.