Уругвай улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.17

Уругвай улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Мария дел Росарио Портелийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 14-нд хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд Элчин сайд М.Портелийг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Уругвайн харилцааг хоёр орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг хөдөө, аж ахуйн салбарт хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улс Уругвайн хөрш Бразил Улсад ЭСЯ-аа нээх гэж байгааг мэдээлж, ингэснээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байгаагаа уламжиллаа.

Элчин сайд М.Портел талархал илэрхийлж, Монгол Улс хүн амын тоо, хоёр том хөршийн дунд байрлалтай, хөдөө, аж ахуй өндөр хөгжсөн зэргээрээ  Уругвай Улстай их төстэй байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр манай хоёр улс боловсролын салбарт хамтран ажиллах нөөц бололцоо байгааг дурдав.

Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд хоёр улсын иргэдийг визгүй зорчуулах тухай хэлэлцээрийн төслийг гардууллаа.