"Гурван сая иргэнтэй ярьснаас 400 мянган өрхийн тэргүүнтэй тулж ажилласан нь дээр"
Эрчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2014.03.19

"Гурван сая иргэнтэй ярьснаас 400 мянган өрхийн тэргүүнтэй тулж ажилласан нь дээр"

УИХ-ын гишүүн Г.Уянга, Р.Бурмаа, С.Одонтуяа, П.Эрдэнэчимэг нар эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг төлөөлөн цэргийн баярыг тохиолдуулан өчигдөр эрчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон яамны мэргэжилтнүүд, улсын төв эмнэлгүүд, Жендерийн үндэсний хороо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Батлан хамгаалах яам, хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрийн бус байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр эрчүүдийн эрүүл мэнд болон нийгмийн асуудал цаашлаад улс орны хөгжил дэх эрчүүдийн байр суурийн талаар эмэгтэй гишүүд илтгэл тавилаа. Тухайлбал, УИХ- ын гишүүн Г.Уянга эрчүүдийн асуудлыг гэр бүлтэй нь холбож ярилаа. Тэрээр хэлэхдээ “Гэр бүлийн асуудлыг төр шийдэж чаддаггүй. Тиймээс тэд олон улсын байгууллага эсвэл сүм хийдүүдийг л зорьдог. Өөрөөр хэлбэл, сүм хийдүүд төрөөс илүү хүчтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр Монголд 400 мянга гаруй гэр бүл бий гэсэн мэдээлэл байна. Гэтэл шүүхээр шийдвэрлүүлж байгаа дөрвөн хэрэг тутмын нэг нь гэр бүлийн маргаан байдаг. Түүний 78 хувь нь гэр бүлээ цуцлуулдаг. Гэр бүлийн уламжлалт ойлголт манайд ингэж алдагдсан. Тэгвэл одоо яах ёстой вэ. Гэр бүлийн үнэт зүйлийг хадгалахад эрчүүдийг түшиглэсэн цогц бодлоготой болъё. Улсын тусгаар тогтнолын баталгаа үнэндээ гуравдагч хөрш ч биш, Монгол эрчүүд юм. Гэр бүлийг анхдагч нэгж болгон товойлгомоор байна.

Нэг иргэн биш нэг гэр бүлийг дэмждэг бодлоготой бол асуудлыг шийдэхэд илүү хялбар болно. Гурван сая иргэнтэй ярихаас илүү 400 мянган өрхийн тэргүүнтэй тулж ажиллавал Монголын төрд ч хялбар” гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой илтгэл тавьсан юм. Олон улсын судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн дөнгөж 25 хувь нь дунджаар 75 насалдаг бол эмэгтэйчүүдийн 50-иас дээш хувь нь энэ насанд хүрдэг байна. Мөн зүрх судасны өвчин, хавдар, цус харвалт, уушиг гэх мэт богино хугацаанд үхэлд хүргэдэг арван өвчнөөр эрчүүд түлхүү өвчилдөг гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн онцоллоо.