РЦНК-тай хамтран ажиллана
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн захирал Е.Г.Михайлов нар
2014.03.19

РЦНК-тай хамтран ажиллана

Монголын Залуучуудын Холбоо Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв буюу РЦНК-тай хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа.

Ёслолын арга хэмжээнд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн захирал Е.Г.Михайлов болон хоёр байгууллагын төлөөлөл оролцов. Талууд энэ үеэр монгол, орос залуучуудын нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг тогтмол явуулах, тэдний сонирхол, хувь хүний хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг зохиох, 2 орны залуучуудын хооронд ойртон нөхөрлөх, соёлын солилцоо явуулах санал санаачлагуудыг эрчимжүүлэхэд цаашид хамтран ажиллахаар болсон юм.

Энэхүү гэрээнд тусгаснаар Монголын нийгэм, улс төр, бизнесийн салбарын шилдэг залуучуудыг ОХУ-тай танилцах аяллын хөтөлбөрт хамруулах, орос хэл, боловсролыг монголын хүүхэд, залуучуудын дунд түгээх зорилгоор улсын хэмжээний олимпиадуудыг Монгол Улсын БШУЯам, МЗХ-ны дэмжлэгтэйгээр нийт улс орны хэмжээнд зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүүхэд, залуучуудыг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах эрх олгоход дэмжлэг үзүүлэх юм байна.

Уулзалтын үеэр Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн захирал Е. Г. Михайлов хэлсэн үгэндээ, Оросын тал олон орны залуучуудыг ойртон нөхөрлөх, бие биенийхээ соёлыг хүндэтгэн харилцан түгээхэд ихээхэн ач холбогдол өгдөг, харин Монгол Оросын ард түмэн өнө эртний уламжлалт найрсаг харилцаатай байдаг нь Монгол-Оросын  харилцаа улам дэлгэрэн хөгжих үндэс суурь сайтай болохыг онцлон тэмдэглэлээ. Хоёр байгууллага хамтын ажиллагаагаа гэрээгээр албан ёсоор баталгаажуулж буй нь хоёр талын хариуцлагыг улам өндөржүүлж, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

йТүүнчлэн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн захиралд хариу талархал илэрхийлэн Монгол-Оросын залуучуудын харилцаанд цаг хугацааны хувьд “царцанги” байдал үүссэн нь залуучуудын буруу биш харин зохион байгуулж манлайлах ёстой байгууллагын үйл ажиллагааны алдаанаас шалтгаалж буй гэдгийг хүлээн зөвшөөрч, МЗХ-ны зүгээс энэхүү алдсан цаг хугацааг нөхөх зорилгоор өөрсдийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэхээ амласан юм.

Монголын Залуучуудын Холбооноос 2014 онд Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ”Ялалтын төлөөх бахархалын гал” залуучуудын экспедицийг хамтран зохион байгуулах, “Байкал-2020” залуучуудын зуны зусланд монгол залуучуудыг хамруулах зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.