БНСУ-ын ГХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
БНСУ-ын ГХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2014.03.25

БНСУ-ын ГХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-ын ГХЯ-ны Соёлын харилцааны товчооны захирал Ким Дун Ги-г өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд өөрийнх нь 2 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-д хоорондын олон нийтийн дипломат харилцааны асуудлаарх зөвлөлдөх  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд  талархал илэрхийлээд хоёр орны соёлын харилцаа, хоёр ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилго бүхий энэхүү зөвлөлдөх уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай хоёр орон эртний уламжлалт найрсаг харилцаатай хэдий ч иргэд хоорондын харилцаа санаанд хүрсэн түвшинд хөгжихгүй байгааг тэмдэглээд хоёр тал энэ асуудалд анхаарлаа хандуулахын чухлыг тэмдэглэлэв. БНСУ-д монголын иргэд олноор ажиллаж амьдарч буй бөгөөд манай иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, олон нийтийн байгууллагын зүгээс явуулдаг Монгол Улс, БНСУ-ыг харилцан сурталчлан таниулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байхыг хүслээ.

Ноён Ким Дун Ги хоёр орны хоорондын олон нийтийн дипломат харилцааг идэвхижүүлэх, хоёр ард түмний хооронд харилцан ойлголцол, хоёр орны талаарх мэдлэгийг дээшлүүлж зөв ойлголт өгөх  үүднээс олон хөтөлбөр, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулаад Монгол Улсын ГХЯ энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.