С.Бямбацогт: Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.03.26

С.Бямбацогт: Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Монголын эдийн засгийн чуулган" өчигдөр "Хөгжлийн бодлого, төлөвлөлт" хэмээх сэдвийг онцолж, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг урьж оролцууллаа.

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ сэдвээр бүлгийн дарга нарт асуулт тавьж, хөгжлийн тулгамдсан асуудлуудаар мэтгэлцээн өрнүүлэв. Хэлэлцүүлгийн эхэнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлагатай байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт судалгаа, баримтад түшиглэн танилцуулав. Тэрээр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан бөгөөд бүх байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байгаа юм.

Түүний танилцуулснаар манай улсад өнөөгийн байдлаар "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-оос эхлээд төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, стратеги, мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл гэх мэт 590 орчим бодлогын баримт бичиг байгаа аж. Эдгээрээс 243 нь дуусах хугацаа нь тодорхой бол 344 хөтөлбөр нь хугацаагүй батлагджээ.

"Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" үндэсний хөтөлбөр нь хамгийн урт хугацаанд буюу 2007-2040 он хүртэл хэрэгжих юм байна. Үүнээс гадна олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй 200 төсөл, хөтөлбөр бий. Харин эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичиг хоорондоо хэр зэрэг уялдаатай вэ, залгамж чанартай байдаг уу, хэрэгжилт нь ямар вэ гэдэг талаас нь үзвэл муу үнэлгээ авахаар байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө. Нэг нам гарч ирэхээрээ өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан бодлогыг үгүйсгэж, царцааж, бүхнийг шинээр эхэлдэг. Ийм байдлаар бүхнийг үгүйсгэж дороо хий эргэсээр байна. Үүний горыг ард түмэн хангалттай амссан.

Улс төрийн намууд нэгдсэн зорилгын төлөө хамтран ажилласан бол улс маань илүү хөгжих байсан. Иймээс улстөржилтөд цэг тавих ёстой. Үүний тулд хөгжлийн бодлогоо боловсронгуй болгоё. Урт, богино хугацааны хөгжлийн бодлогоо улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, ард түмэнтэйгээ ярилцаж зөвшилцөөд тодорхой зорилгоо дэвшүүлье.

Тэрхүү зорилгоо хуульчлаад баталъя. Хуульчлан баталсан бодлогоо засгийн эрхэнд гарсан аль ч улстөрийн нам нь хэрэгжүүлдэг болчихвол тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ. 2014 он энэ асуудлыг шийдсэн он байгаасай гэж хүсч байна" гэлээ.