Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв
"Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг хүлээн авах үндэсний уулзал
2014.03.26

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв

Төрийн ордонд өнөөдөр болж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг  бодит болгоё" Инчеоны стратегийг хүлээн авах үндэсний уулзалтад оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонсголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээЭрхэм хүндэт иргэд, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо, 

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг нь бодит болгоё" Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авч хэрэгжүүлэх ёслолын арга хэмжээ, уулзалтад хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын зочид төлөөлөгчид Та бүхний түмэн амгаланг айлтгаж чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн хамтын нийгэмлэгээс 1993-2002 оныг "Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 10 жил", 2003-2012 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүрэн оролцоог хангасан, ая тухтай, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх жилүүд болгож үйл ажиллагааны “Бивакогийн мянганы хөтөлбөр”-ийг тус тус баталсан билээ. Монгол Улс дээрх хөтөлбөрүүдэд тулгуурлан өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой хөгжлийн асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа түншлэл” сэдэвт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх завшаан тохиосон билээ. Хүмүүний хөгжлийн бэрхшээлийг онцгой асуудал хэмээн үзэж, тэдгээр иргэдийн эрх ашиг, хөгжил, оролцооны асуудлыг дэлхий нийтээрээ анхааран хэлэлцдэг болж байгаа нь туйлын сайшаалтай хэрэг.                                                            

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улсад ёслол төгөлдөр хүлээн авч, хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Монгол Улс чухамхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийг бий болгох, тэдгээр иргэд бусдын адил хөгжлийн үр шимийг хүртдэг төдийгүй түүнийг бүтээгч, туурвигч байх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Манай Засгийн газраас энэ талаар олон ажил хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олимпийн наадам, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн иргэнд насан туршид нь сар бүр олгох урамшууллыг бий болгосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс дэлхийн паралимпын наадмын алтан медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан сайхан үйл явдал тохиосон билээ. Өнгөрсөн онд манай оронд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар хараагүй иргэд саналаа өгөх боломжоор хангагдсаныг дурдахад таатай байна.

Монголчууд бид өндөр настан, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ер нь ядарч яваа нэгэндээ тусалж, энэрч хайрлаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашиг, хөгжил, хамгааллын асуудлыг авч үзэхдээ нэн тэргүүнд тэдэнд ээлтэй, таатай орчныг бүх түвшинд бий болгохыг чухалчлах хэрэгтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь мэдээлэлтэй болж, оролцоо нь илүү  өргөжих аваас сайн үйлс улам дэлгэрнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ асуудал дээр нэгдмэл нэг санаатай байгаа нь мэдээж. Бид ижил зорилготой хүмүүс. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхан байдлыг цогцлоон бүтээхийн төлөөх хамтын ажиллагааг бүх талаар идэвхжүүлж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр хуран цуглаад буй Та бүхний ажил үйлс өөдрөг, зорилго бүтэмжтэй байх болтугай.

Та бүхэндээ амжилт хүсье” гэжээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН  ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот, Төрийн ордон

2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр