Г.Шийлэгдамба: Засгийн газартай дэд сайдын суудлын талаар ярьсан зүйл алга
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.04.02

Г.Шийлэгдамба: Засгийн газартай дэд сайдын суудлын талаар ярьсан зүйл алга

Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс өчигдөр улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Дэд сайдын албан тушаалаа ашиглан Интерполд захиа бичсэн үндэслэлээр  шүүхээс дээрх ялыг түүнд оноосон юм.  Үүнтэй холбогдуулан  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийж, намын байр сууриа илэрхийлэв.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэлдээ:

6-МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, дэд сайд Ж.Эрдэнэжамъянтай холбоотой шүүх хурал өчигдөр болж, түүнийг улс төрийн албан тушаалыг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ. Манай намын зүгээс шүүхийн шийдвэр, процесс дуусаагүй байгаа. Дараа дараагийн шатанд давж заалдах бололцоо байгаа. “Ж.Эрдэнэжамъян сайд ямар нэг хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хүний хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн гаргасан шийдвэрийг өмгөөлөгч болон өөрийнх зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулаад давж заалдахаар болсон гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6-Танай намын зүгээс Засгийн газартай дараагийн дэд сайдын асуудлаар ярилцсан уу? Хуульзүйн дэд сайдыг танай намаас сонгох уу?

-Асуудал эцэслэгдээгүй байгаа. Тийм учраас одоо хашиж байгаа албан тушаалд нь хэн нэгнийг томилох тухай асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал энэ асуудал яригдахгүй.

6-Ж.Эрдэнэжамъян сайдад Засгийн газраас ямар нэг дарамт үзүүлсэн үү?

-МАХН-ын бага чуулган хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлт бодитой нүүрлэсэн тухай, улс төрийн хэлмэгдүүлэлтэд нэр бүхий хүмүүс өртөж байгаа, Монгол Улс улс төрийн хоригдолтой болсон тухай албан ёсоор гаргаж тавьсан.

Бага чуулганы 210 гишүүн нэгдмэл ойлголтоо баталгаажуулж, мэдэгдэл гаргасан. Ж.Эрдэнэжамъян МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн учир намын бага хурлаас гаргасан шийдвэрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн. Интерполын цахим хаягаар  хэн нэгэн иргэн орж, өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Тиймээс энэ хүн өөрийн байр сууриа илэрхийлсэн.  Үүнийг нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн.

Интерполын зүгээс улаан шугамаас хассаныг Ж.Эрдэнэжамъян гэдэг хүний захидалтай холбоотой асуудал биш гэдгийг удаа дараа тайлбарлаж байсан. Тиймээс Ж.Эрдэнэжамъянд намын зүгээс ямар нэг дарамт үзүүлээгүй. Үүнийг бид хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улс төрийн явуулга үүний цаана байна уу гэж үзэж байна.  

Ж.Эрдэнэжамъянд намын зүгээс ямар нэг дарамт үзүүлээгүй.

Улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Улсад үргэлжээд байна уу,  шүүх, хуулийн байгууллагад дарамт байна уу гэсэн хардлага төрж байгаа. Шүүхийн танхимд байсан хүний хувьд хоёр зүйл дээр эргэлзээ төрсөн. Нэхэмжлэгч нь АТГ-ын хүн байсан нь эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал эрхлэх хугацааг нь хоёр жилээр хаслаа гэдэг шийдвэр гарсан нь улс төрийн хэрэг гэдгийг илэрхийлээд байгаа юм.

6-Хэрвээ давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээвэл яах бол?

-Дараагийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгана гэсэн итгэл үнэмшил бидэнд байгаа. Тийм учраас энэ итгэл үнэмшлийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гарсны дараа Монгол Улс улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдаг багасч байна гэдэг талаас арга хэмжээ авна.

6-УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлахдаа танай намын дарга Н.Энхбаяртай уулзсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын дарга З.Энхболдыг манай намын даргатай уулзсан талаар албан ёсоор мэдэх боломжгүй. Энэ бол хувь хүмүүсийн хооронд болсон уулзалт байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргын хэвлэл мэдээллийн албаныхан энэ талаар байр суурь илэрхийлээгүй.

6-Танай намын дарга эх орондоо ирэх хугацаа дөхсөн болов уу?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг яг төдийд ирнэ гэж хэлэх боломжгүй. Эмчилгээ хийлгэж байгаа. Боломж бүрдвэл хурдан эх орондоо ирээсэй гэж манай намынхан хүсч байна.

6-Нам дотроо эв түнжингүй байна уу гэж  ажиглагдаж байна. Та энэ талаар байр сууриа хэлэхгүй юу?

-Эв түнжингүй байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Манай намд байсан, гарсан зарим нэг хүмүүсийн зүгээс гаргасан яриа. Бид энэ хүмүүсийн араас тайлбар хийгээд байх шаардлагагүй.

6-МАХН Засгийн газраас гарах болов уу? Намрын чуулганаар  УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй гэж гишүүд шүүмжилж, засгаас гарах тухай яриа гарсан.

-МАХН-д өмнө нь ч, өнөөдөр ч Засгийн газрыг тогтворгүй байлгая, Засгийн газраас гарна гэсэн албан ёсны байр суурь огт илэрхийлж байгаагүй. Харин нам хоорондын хамтын ажиллагаанд эргэж харуулах асуудал байна. Олонхийг бүрдүүлэхэд гол хувь нэмэр оруулж байгаа АН Засгийн газрыг бүрдүүлэхэд хамтарч хийсэн гэрээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа.

Үүний нэг жишээ болгож  УИХ-ын намрын чуулганаар “Шударга ёс” эвслийн бүлгийн  гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй байгаа мэт байдлыг дурдсан. Энэ бол хоёр талтай. Нэг нь Засгийн газрын, нөгөө нь УИХ-ын. МАХН-ын зүгээс “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүддээ намрын чуулган дээр албан ёсоор үг хэлэх үүргийг тавьж байгаа. Энэ үеэрээ улс төрийн намуудын хооронд үүссэн асуудлыг хөндөхийг шаардсан зарчмын байр суурь илэрхийлсэн.