Г.Шийлэгдамба: Яамдуудыг нэгтгэж нэг байшинд оруулах нь засгийн газрын ажил биш
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.03.13

Г.Шийлэгдамба: Яамдуудыг нэгтгэж нэг байшинд оруулах нь засгийн газрын ажил биш

МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын алдаатай, оновчгүй үйл ажиллагаанаас үүдэн эдийн засаг хүнд байдалд орлоо гэж дүгнэх хүмүүс олон байна. Хамтарсан Засгийн газрыг байгуулалцсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

-МАХН өнөөгийн нийгэм эдийн засагт учирч байгаа нөхцөл байдлын талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг. Улс төрийн намын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө тодорхой асуудлыг баримттай болон үндэслэлтэйгээр авч үзэх ёстой.

Энэ ч утгаараа бид УИХ, Засгийн газарт манай намыг төлөөлж ажиллаж байгаа хүмүүстэйгээ энэ асуудлаар тодорхой яриа хийсэн. Сангийн сайд Ч.Улаан саяхан намын гишүүдтэй уулзаж, дээрх асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр эдийн засгийн хүндрэлийг шийдэхийн тулд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байгаа гэж ойлгосон. Валютын үнийн өсөлт богино хугацаанд зөвхөн Засгийн газраас шалтгаалаад шийдчих асуудал бол биш.

Эдийн засгийг тойрон хүрээлж байгаа олон нөхцөл байдалтай холбоотой. Энэ бол өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан гэрээ хэлэлцээртэй холбоотой. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдэх нь зөв. Шаардлагатай гэвэл УИХ- ын чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Хэрвээ эдийн засгийн хүнд байдал үүсвэл улс төрийн хариуцлага тооцохоос гадна, УИХ- д суудалтай болон Засгийн газрыг хамтран байгуулсан улс төрийн намуудын хамтын хариуцлага байх ёстой юм. Улстөржсөн байдлаас бус улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө чиглэсэн нэг бодлого дээр зангидах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Гэхдээ энэ мэт асуудалд “Шударга ёс” эвсэл шийдвэр гаргах хэмжээнд оролцож чадаж байна уу?

-Хамтарсан бол хамтарсан шүү дээ. Энд эргэлзэх асуудал байхгүй.

-Хамтарсан бол хамтарсан шүү дээ. Энд эргэлзэх асуудал байхгүй. Хамтарсан Засгийн газарт бид хэдэн сайдтай билээ, оролцоо маань ямар харьцаатай байгаа вэ гэж авч үзвэл өөр хэрэг. Засгийн газарт “Шударга ёс” эсвэл дөрвөн сайдтай. Олонхоороо шийдвэр гаргах Засгийн газарт Ардчилсан намын байр суурь давамгайлж байгаа нь үнэн. Нөгөө талаас хариуцлага үүрэхгүй асуудал гэж үзэж болохгүй.

Яагаад гэвэл тодорхой салбарууд дээр “Шударга ёс” эвслийн сайд нар хариуцдагаа үүрээд ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх байр суурь манай намын хувьд олон янз. Гэхдээ бид хувь хүмүүсийн байр суурийг нэг талд нь авч үзнэ. Зарчмын байр сууриа яаж тодорхойлж байна гэдэг нь өөр асуудал. Засгийн газарт МАХН болон “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр тусгагдсан. Хамтарсан бол хамтарсан эрх ашиг гэж байх ёстой биз дээ.

-Бас хамтарсан хариуцлага гэж байх ёстой?

-Тийм. Ардчилсан намтай Засгийн газар байгуулсан хамтын ажиллагааны үр дүнд миний хөндсөн хоёр асуудал дээр тодорхой хариуцлагатай ажиллаж чадаж байна уу гэвэл учир дутагдалтай. Үүний цаана Засгийн газар гэхээс илүүтэйгээр улс төрийн намуудын хамтын ажиллагааны асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурь түлхүү явагдаж байна. Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ эрх зүйн орчны хувьд ихээхэн голчлох үүрэг хүлээх ёстой юм. УИХ өөрөө Засгийн газрын үйл ажиллагааны өмнөөс хариуцлага хүлээх ёстой асуудлууд бий.

Гэтэл УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа бүлгүүдийн байр суурь цөөнхийг төлөөлж байгаа бүлгүүдийн асуудлыг шийдэхийн     төлөө байна уу гэдгийг харах хэрэгтэй. Зарим тохиолдолд цөөнхийн байр суурь үүсээд байгаа  нөхцөл байдлыг улам дэврээх шинжтэй байна. Энэ хүнд байдал Монголын ард түмний нуруун дээр тэр хэмжээний ачаа болж бууна гэдгийг ойлгох хэрэгтэй. Удахгүй хаврын чуулган хуралдана. Чуулганаар гарцаагүй шийдэх ёстой асуудлууд бий. Хэлэлцэх ёстой асуудлуудаа олонхын бүлэг дэмжих нь зөв. Хэрэв Ардчилсан нам 2016 оны сонгуульд өөрсдөд нь ашигтай асуудлыг шийдэхийн төлөө улайрвал “Шударга ёс эсвэл” цөөнхийн бүлэгтэй хамтарч эсрэг байр суурин дээр асуудлыг тавих хэрэгтэй гэж бодож байна.

-Ер нь эдийн засгийг ингэж хүндрүүлсний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Салбар хариуцсан сайд уу, эсвэл Засгийн газар бүхлээрээ юу?

-Хэн ажлаа хийж байна, тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Ажлаа хийгээд явсан хүмүүсийн араас асуудал яриад байх нь утгагүй. Магадгүй өнөөгийн

Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр дараагийн Засгийн газрын    үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэдгийг хэлж болно. Түүнээс биш хариуцлагаас холдуулах талаас нь хэлээгүй. Энэ Засгийн газар өмнөх Засгийн газрын өрийг төлж байна. Гэхдээ олонхын бүлэг Засгийн газартаа дулдуйдаж, хууль бус аливаа асуудлыг батлахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөдөө хэт бардсан байдлаар төрийн ажлыг хиймээргүй байна. Мөн ард түмний сонголтоор цөөнх болсон сөрөг хүчин  Засгийн газрын ажилд саад болох хэрэггүй. Улстөржсөн энэ байдал төр засгийн ажилд л саад болно.

-Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Шударга ёс” эвслийн бүлгийн санал хэр туссан юм бэ. Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ тал хувийг туулчихаад байна шүү дээ. Одоо үр дүн нэхэх цаг болсон байх?

Хэрэв Ардчилсан нам 2016 оны сонгуульд өөрсдөд нь ашигтай асуудлыг шийдэхийн төлөө улайрвал “Шударга ёс эсвэл” цөөнхийн бүлэгтэй хамтарч эсрэг байр суурин дээр асуудлыг тавих хэрэгтэй гэж бодож байна.

-Бүх зүйл бүрэн тусгагдсан гэж ойлгож болохгүй. Бид Засгийн газарт хангалттай харьцаатай хамтарч ажиллаж байгаа нам биш шүү дээ. Энэ утгаараа мөрийн хөтөлбөрт туссан зүйлүүд хангалттай биш. Бид Засгийн газарт хэд хэдэн асуудлаар шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, ашигт малтмал, уул уурхайн асуудал. Оюутолгойн гэрээг үр дүн муутай болсон гэдгийг мэдэж байж, засах арга хэмжээ авахгүй байна. Томоохон компанит ажлыг эхлүүлж байгаа ч байгаа онодоггүй.

-Тухайлбал?

-Төрийн бүх яамдууд нийлээд нэг том байшин дотор сууна гэдгийг манай намын гишүүд эрс шүүмжилж байна. Яамдуудыг нэгтгэж нэг байшинд оруулах нь Засгийн газрын хийх ажил биш. Ингэлээ гээд ажил сайжрах уу. Түүнээс илүү онц ноцтой асуудлууд зөндөө байна шүү дээ. Нийгэмд эргэлзээ төрсөн ажлууд Засгийн газарт ямар хэрэгтэй юм. Дараагийн нэг жишээ бол Засгийн газар барилга байшинтай холбоотой ажлуудыг хийгээд байх нь хэр зөв бэ.

Төрийн өндөр албан тушаалтнууд хоорондоо барилга байшин булаацалдаад байгаа ч юм шиг. Эмнэлэг хэрэгтэй, хэрэггүй гээд л. Сүхбаатарын талбайн нэрийг нь өөрчилсөн. Үүнийг ард түмнээсээ асуухгүйгээр шууд шийдсэн. Аймгийн төвийн нэрийг өөр нэрээр солилоо. Ингэж нэр хөөцөлдсөн хүмүүсийн анхаарлыг гол асуудлаас хөндийрүүлэх гэсэн утоп шинж чанартай ажлууд Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

Хийхийн төлөө ажиллаж байгаа хичээл зүтгэлийг нь үнэлж байна. Гэхдээ зарим ажлууд нь ямар ч шаардлагагүй байна. Ардчилсан намын олонхоор байгуулсан Засгийн газар учир тус намтай давхар ярих ёстой. Хэтэрхий улстөржсөн, нэр төр хөөцөлдсөн арга барил хэрэггүй.

-Хууль зүйн шинэтгэлийн хүрээнд гаргаж буй хуулиуд энэ салбарынхны дунд зөрчил үүсгэнэ. Та хөндлөнгөөс хараад ямар дүгнэлт өгч байна.

-Хуулийн шинэчлэлийн асуудал хүмүүсийн дотор эрс тэс байр суурийг бий болгож байна. Хууль зүйн сайдын санаачлан батлуулж байгаа хуулийн шинэчлэл гээд аваад үзэхэд прокурорын байгууллага нь эсрэг байр суурьтай байх жишээтэй. Цагдаагийн байгууллага нь ч гэсэн адил. Онолын чиглэлийн эрдэмтэд нь мөн л сөрөг байр суурьтай байдаг. Аливаа хуулийг шинэчилж болно.

Олон хүмүүсийн байр суурь нэгтгэх тусам хууль илүү бодитой болж, хуулиас гарах үр дагавар нь ард түмэндээ хүрнэ. Ийм хууль хэрэгтэй байна гэдгийг ард түмэнд ойлгуулж мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсох ёстой. Гэтэл энэ ажлаа араас нь хийх гээд байгаагийн учрыг ойлгохгүй юм. Тэр нь сөрөг ойлголтыг төрүүлэх гээд байна. Дараагийн нэг асуудал бол улс төрийн намуудын хууль. Энэ хуулийг яагаад батлахгүй удаашраад байгаа юм. Үүнийг дор нь шийдэх ёстой. Хэдхэн л асуудал байгаа шүү дээ.

Гишүүнчлэл, санхүү, өмч хөрөнгийн асуудал яаж шийдэх юм. УИХ-ын гишүүн болохын тулд намдаа мөнгө өгдөг. Дараа нь тэр хүмүүсийг мөнгө ол гэж шахаж, гэмт хэрэгтэн болгодог. Авлига хээл хахуулийн уг үндэс нь олон жил төр барьж байгаа намуудад байгаа. Энэ өвчнөөсөө хурдан салах хэрэгтэй. Ганцхан нам үүнийг хэлээд, энэ өвчнөөсөө саллаа гээд өөрчлөлт үзүүлэхгүй. Бусад намууд нь үүнийг хийхгүй бол буцаад л халдварлана.

Нэг дор бүгдээрээ энэ өвчнөөсөө салахын тулд уг хуулийг батлах ёстой. Намууд өөрт хэрэгтэй зүйлээ хийдэг. Ард түмэнд хэрэгтэй зүйлийг хийдэггүй. Ард түмнээсээ хамааралтай төр засаг байх байсан чинь төр засгаасаа хамааралтай ард түмнийг байлгахыг шаардаад байна. Хөл толгой нь солигдсон, хөгжлийг хойш нь татсан ийм дүр зураг одоо байна шүү дээ.

-Засгийн газар зөвхөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэх шүүмжлэлийг танай гишүүд хэлдэг. Та үүнд юу хэлэх үү?

-Хамтарсан Засгийн газар байгуулахад байгуулсан гэрээнд аль аль улс төрийн намуудын дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг тусгасан. Энэ гэрээг мартчих цаг хугацаа өнгөрөөгүй байна. Гэтэл олонх мартах битгий хэл бодитойгоор ийм байдал руу чиглүүлж байна. Энэ нь намуудын хоорондын харилцаанд ан цав суулгасан байдал үүсгэнэ.