Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга улс төрд орж, Шадар сайд болох гээд байгаа зүйл байхгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.02.24

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга улс төрд орж, Шадар сайд болох гээд байгаа зүйл байхгүй

МАХН-ын төлөөлөл Солонгос улсын зорин намын даргаа эргээд ирсэн.Сөүл хотын нэгэн дүүрэгт зохион байгуулагдсан уг золголтод 200 гаруй хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх, цаашлаад УИХ, улс төрийн үйл явдлын талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхантайгаа өөрийн байр сууриа солилцжээ. Энэ асуудлаар  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа.

-МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүд Солонгос улсад очиж намын дарга Н.Энхбаяртай уулзаад ирсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Сар шинийн баяртай холбогдуулан намын даргад золгох зорилгоор дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй МАХН-ын удирдлагууд, 20 гаруй хүн яваад ирлээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна  намын гишүүд, нарийн бичгийн дарга нар, дэмжигчид явсан. Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй сайжирсан. Гэхдээ эмчилгээ нь үргэлжилж байна. Бид золгохоос гадна улс орны  цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, намынхаа цаашдын үйл ажиллагааны чиглэлээр санал солилцож, зарим асуудлыг зөвлөх шаардлагатай  байсан.

-Их, бага чуулганаар яригдах гол сэдэв юу вэ?

-Намын Их чуулганаар тодорхой асуудлыг ярилцдаг. Өмнөххурлаас хойш хэрэгжүүлсэн намын дотоод амьдралын хүрээнд болсон үйл ажиллагааг илтгэл хэлбэрээр тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмж сонсоно. Түүнчлэн өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө. Улс орны эрх ашигт хамаатай гэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргана.

-Шударга ёсны таван хувьсгал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Энэ тал дээр МАХН ямар байр суурьтай байна вэ?

МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн таван хувьсгал зэрэг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байна.

-МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн таван хувьсгал зэрэг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байна. Энэ бүхнийг үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг түргэсгэх шаардлага гарч байгаа. Үүнийг УИХ дахь гишүүд судалж, санаа бодлоо илэрхийлж байна.Бүрэнэрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачлахад хэлэлцэхгүй байгааг ч мөн шүүмжилсэн. Олонхийг бүрдүүлж байгаа АН-ын бүлэгт хандаж асуудлаа тодорхой илэрхийлж байгаа нь зарчмын асуудал гэж үзэж буй.

МАХН-МҮАН-аас шударга ёсны таван хувьсгал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийг 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг зөвхөн УИХ-ын гишүүд яриад байгаа зүйл биш. МАХН-ын гишүүд, дэмжигчид ч хэлж байгаа. Бид хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байгаа бол нөгөө намын зүгээс энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр хүндэтгэлтэй хандах ёстой. 

Энэ асуудлыг эрчимжүүлэх олон ажил хийнэ. Товчхондоо, УИХ-ын хаврын чуулган эхлэхээр “Шударга ёс” эвслийн зүгээс шаардлагатай улстөрийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ гэж ойлгож болно.

-“Шудрага ёс”аян эхэлчихлээ. Гол зорилго юу вэ?

-Бид энэ аяныг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг. Энэ удаа “Шударга ёс” аяныг МАХН-ын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон бүрэлдэхүүнтэй, бүсчлэн зохион байгуулж байна.Одоогоор чуулган завсарласан байгаа үед МАХН-ын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, өнөөдрийн төр засаг, УИХ-ын үйл ажиллагаанд ард иргэдийн саналыг сонсох чиглэлд зорьсон учир “Шударга ёс” аяныг зохион байгуулах гарцаагүй шаардлага урган гарсан. Энэ нь манай намын их чуулган хуралдахтай холбогдож байгаа.

Ард иргэдийн саналыг сонсож үнэхээр өнөөдрийн бодит амьдралаас түүнээс урган гарч байгаа төр засаг, УИХ-д мэдүүлэх ёстой зайлшгүй зарчмын асуудлыг судлан, удахгүй хуралдах их чуулганаар асуудлыг хэлэлцэн нэн тэргүүний эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргах шаардлагатай. Нөгөө талаас 2014 он гарсан УИХ, засгийн газар хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнах ёстой.Энэ талаасаа манай намаас УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд салбарын ажлаа тайлагнах, хуулийн төслийн талаар ард иргэдээс санал авч сонсох ёстой гэсэн үүднээс “Шударга ёс” аяныг зохион байгуулж байгаа.

-“Шударга ёс” эвсэл Засгаас гарч магадгүй гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах асуудал албан ёсоор огт яригдаагүй. Бид Засаг төрийг тогтвортой ажиллах нь зүйтэй гэж харж ирсэн.

-Н.Энхбаяр дарга эргээд улс төрд орно гэж яригдаж байна. Энэ үнэн үү?

-Хувь хүний шийдвэр. Н.Энхбаяр дарга олон нийтэд мэдээлээд байгаа шиг улс төрд орж, Шадар сайд болох гээд байгаа зүйл байхгүй. МАХН-ын даргын хувьд УИХ, Засгийн газарт байгаа гишүүдээрээ дамжуулан өөрийн бодол санаагаа илэрхийлдэг. Бодол санаа гэдэг нь эцэстээ Монголын ард түмэн төр засгийн шийдвэрээс хождог, УИХ-аар батлагдаж буй хуулиуд ард түмний эрх ашиг руу чиглэдэг байх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

-МАХН-ын зүгээс АН-ын эрх ашиг давамгайлж байна гэж үзэж байна. Ямар учраас шүүмжлэлтэй хандах болсон бэ?

-Хамтарсан Засгийн газрын буюу улс төрийн намын хамтын ажиллагааны цаана ганцхан намын эрх ашиг байж болохгүй. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд харамсалтай нь ганцхан АН-ын эрх ашиг давамгайлах болжээ. Үүнийг бид өөрчлөх ёстой. Үүний тулд бусад улс төрийн намуудтай хамтран ажиллаж байгаа. Бид энэ асуудлыг УИХ-ын гишүүд, бүлгээрээ дамжуулан хаврын чуулганд оруулна.

-Улстөрийн намын тухай хууль анхаарал татаж эхэллээ. Энэ тал дээр МАХН-ын байр суурь ямар байна вэ?

-Албан ёсны байр суурийг ажлын хэсэгт бичгээр хүргүүлнэ. Улс төрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд тодорхой санал боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөл дээр маш олон санал гарч ирж байна. Бусад улс төрийн хүчнүүдээс өгч байгаа саналд өмнө нь хэлэлцэгдэж байгаагүй олон шинэ санаа гарсан. Эхлээд бид үүнийг нам дээрээ ярилцаж байгаад байр сууриа илэрхийлнэ. Гишүүнчлэл, санхүүжилт, улс төрийн намыг бүртгэх гэх мэт маш олон асуудлыг нягтлахаас гадна УИХ-ын гишүүдийн  тоог нэмэх, хоёр парламенттай болгох зэргийг сайтар хэлэлцэх шаардлагатай байгаа.

Ярилцсанд баярлалаа