Г.Шийлэгдамба: МАН, МАХН хамтран ажиллах боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд байж магадгүй юм
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.02.14

Г.Шийлэгдамба: МАН, МАХН хамтран ажиллах боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд байж магадгүй юм

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай намынхан Со­лонгос явж дар­гатайгаа золгоод ирэв үү. Бие нь ямар байна вэ?

-Манай намын нөхөд сар шинийн баяр тохио­сон учраас Н.Энхбаяр даргатай очиж золгосон. Манай намын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй нийт 20 гаруй хүн очлоо. Монгол үндэсний баяр маань учраас уламжлалт дэг жаягийн дагуу Сөүл хотын нэгэн дүүрэгт зол­голтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Н.Энх­баяр даргын би­еийн бай­дал гайгүй. Гэх­дээ эмчил­гээ нь дуу­саагүй л байна.

-Эмнэлэгт хэвтэж бай­гаа юм уу?

-Эмнэлэгт  хэвтээгүй. Гэхдээ байнга эмчийн хя­налтанд байж,  өдөр бол­гон эмнэлэгт үзүүлдэг. Үүний хажуугаар Н.Энх­баяр дарга Солонгос ул­сын буддын сүмд байнга очиж бясалгал хийж бай­гаа. Мөн бурхны гүн ухаа­ны  Доржзовд буюу оч­роор огтлогч гэдэг судрыг ор­чуулж, эхний хэсгийг нь бэлэн болгосон байна лээ. Бидэнд энэ суд­рынхаа утга агуулгыг ярьж танил­цуулсан. Тун сонирхолтой байлаа.

-Танай намын дарга хэзээ Монголд ирэх бол?

-Эх орондоо очих нь түүний туйлын хүсэл байх нь мэдээж. Гэвч эрүүл мэнд нь түүнд нутагтаа харих боломж олгохгүй байна шүү дээ. Н.Энх­баяр дар­гын сар шинийн өмнө Мон­голд ирнэ гэдэг мэдээ бол ташаа байсан. Цагаан сарын өмнө түү­нийг нутаг­таа  хүрээд ирэх болов уу гэсэн хү­лээлт ард түмэнд байсан учраас тийм яриа гар­гасан байх гэж ойлгож байна. Гэхдээ Н.Энхбаяр даргыг Монголдоо  хэ­дийд ирэхийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Эд эсийн хүнд хямралд ор­сон хүн тийм амар эмч­лэгдээд ирэхгүй байх л даа.

-Танай намын дарга Н.Энхбаяр намынхан­тайгаа юу ярьсан бэ?

-Бид үдшийн бүрий хүр­тэл өнөөгийн улс орны цаг үеийн нөх­цөл байд­лын талаар хан­галттай ярилцсан. Намын­хаа цааш­дын үйл ажил­лагааны талаар,  2016 он ойртож байгаа тухай, улс төрийн дараа дараагийн алхмуудын талаар сана­лаа солил­цож, тодорхой үүрэг чиг­лэл авсан. Н.Энх­баяр дарга бол  улс төрийн намууд учраа ололцох ёстой. Улс орны эрх аш­гийн төлөө зөв зүйл дээр нэгдэх хэрэгтэй.  Буруу зүйл дээр шүүмж­лэлээрээ нэгдэж,  хариуц­лагаа ухамсарлаад явах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байна лээ. Мөн улс төрийн намууд хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой. Тэгж байж иргэдээс хүндэтгэл хүлээнэ. 2012 оны сонгуульд намууд ам­ласнаа биелүүлж, сонгуу­лиас хойш юу хийснээ дүгнэж цэгнэх цаг болсон гэдгийг хэлсэн. Ялангуяа манай намаас УИХ, Зас­гийн газарт ажиллаж бай­гаа хүмүүс хариуцлагатай санаачилгатай байхыг зөв­лөсөн.  Буруу зүйлийг хараад дуугүй сууж бо­лохгүй. Зөв зүйтэй асуудал дээр байр сууриа илэр­хийлэх ёстой гэх мэтээр санал бодлоо илэрхийл­сэн.

-УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа намын гишүүддээ шүүмж­лэл­тэй хандсан гэж ойлгож болох уу?

-Засгийн газарт сай­шаалтай зүйлүүд байгааг үгүйсгэхгүй.  Тийм бол сайшаах хэрэгтэй. Гэвч зарим шийдвэрийнх нь хэрэгжилт  удаан, ард түмний сэтгэлд хүрэхгүй, амьдралд нь нөлөөлөхгүй зүйлүүд байна шүү дээ. Үүнд нь шүүмжлэлтэй хан­дах хэрэгтэйг л хэлсэн. Манай намаас УИХ-д сон­гогдсон гишүүд туйлын хариуцлагатай идэвхтэй байхыг хэлсэн. Манай нам өнгөрсөн сонгуульд таван хувьсгал хийнэ гэсэн мө­рийн хөтөлбөр боловс­руул­сан. Энэ мөрийн хө­төлбөр нь ард түмнээс дэмжлэг авч өдий зэрэгтэй яваа. Тиймээс энэхүү мө­рийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхийн төлөө улс орны нийтлэг эрх ашгийн үүд­нээс УИХ-д суугаа манай намын гишүүд хуулийн төслүүд өргөн барьдаг. Гэвч үүнийг нь хэлэлц­дэггүй, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасдаг асуу­дал байна. Энэ нь манай намынхны онцгой ан­хаар­лыг татаж байна. Тиймээс АН-ын бүлэгт асуудлыг тавих ёстой. Яагаад Зас­гийн газарт хамтарч ажил­лаж байгаа намынхаа гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд хүндэтгэл­гүй ханддаг юм гэх мэтийн шүүмжлэлтэй зүйлүүд бий. Үүнийг ч Н.Энхбаяр дарга хэлсэн. Гэхдээ хэвлэлүү­дээр бичигдээд байгаа шиг МАХН  Засгийн газраас гараад явчих тухай асуу­дал яригдаагүй. "Шударга ёс" эвсэл энэ төр засгийг тогтвортой байлгахын тө­лөө өнөөдрийг хүртэл яв­сан. Гэхдээ өөрсдөө Зас­гийн газарт байхын төлөө зүтгэнэ гэдэг утгаараа биш л дээ. МАХН-ын эрхэм зорилго бол олон мянган гишүүн, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах л юм.

-Жишээ нь танай на­мын гишүүдийн өргөн барьсан ямар хуулийн төслүүдийг дарчихсан юм бэ?

-УИХ-д суугаа манай намын гишүүд өөрсдөө байр сууриа илэрхийлж байгаа. О.Баасанхүү, З.Баян­сэлэнгэ, Л.Цог на­рын гишүүд өөрсдөө хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр ярьсан. Намдаа энэ талаар санал бодлоо хэл­сэн байгаа. Тийм учраас улс төрийн намын хувьд АН-тай хамтарч ажиллаж байгаа харьцаагаа эргэж харах хэрэгтэй болжээ.  Ер нь эргээд харахад хэлсэн амандаа хүрдэггүй. Улс төрийн соёлоо баримтал­даггүй зүйлүүд АН-д ажиг­лагдаж байгаа. Тиймээс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруу­лах шаардлагатай байна.

-Хамтарч засаг барьж байж  МАХН-д ялгавар­тай хандаад байна гэж үү?

-Эдгээр асуудлуудыг намрын чуулган эхлэхээр манай "Шударга ёс" эвс­лийн бүлгийнхэн ярих байлгүй. 

-УИХ-ын чуулган нам­рын чуулганаар  хэлэл­цэх асуудлын дараал­лаа баталж чадалгүй завсарласан.  Энэ үеэр МАХН, МАН-тай нэг талд зогсчихсон. Энэ нь танай хоёр нам сүжрээд эхэлс­нийг харуулаад байна уу гэж бодог­дохоор байсан...

-Ямар өнцгөөс харж дүгнэлт хийж байгаа вэ гэдэг нь харьцангуй ойл­голт. Хүн бүр янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Гэхдээ МАН, МАХН-ын зорилго нь нэг нам болох биш шүү дээ. Өнөөдөр тийм боломж ч харагдахгүй байна. Харин улс эх орны төлөө зөв зүйтэй зүйл дээр хамтарч ажиллах л гарц бидний хувьд бий. Буруу зүйл дээр  шүүмжлэлээ нэгтгэх нь зүй ёсны асуудал байх. Нэгэнт л  Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаас хойш дүүрсэн хэрэг гээд ямар ч зүйл дээр нүдээ аниад сууж болохгүй биз дээ, бид.  Намрын чуул­ганаар хэлэлцэх асуудлын дараалал болохгүй байна гэдэг байр суурь дээр ма­най хоёр нам нэгдсэн нь тохиолдлын зүйл байсан шүү дээ. Түүнээс биш ард нь ямар нэгэн яриа тохи­роо байхгүй. МАН, МАХН хоёр хамтран ажиллах олон боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд түлхүү байж магадгүй юм.

-Тэгэхээр МАХН за­сагт АН-тай, УИХ-д МАН-тай хамтрах нь гэж ойлгох нь ээ?

-МАХН бол УИХ-д суу­далтай учраас аль ч улс төрийн хүчинтэй хамтран ажиллаж болно. Зөвхөн  АН-тай Засгийн газарт, УИХ-д МАН-тай хамтарна гэж туйлширч болохгүй. Гэхдээ МАН бол цөөнх, МАХН  олонхийг хамтран бүрдүүлж байгаа нам уч­раас хамтын ажиллагаа­ны хувьд онцлог бий л дээ.

-Танай нам сөрөг хүчинтэй УИХ-д хамт­раад байвал Засгийн газрынхаа ажлыг чагт­лаад байх юм биш үү?

-Яагаад бүх зүйл дээр МАН-тай хамтарна гэж ойлгоод байгаа юм бэ. Засгийн газрын зөв зүйтэй ажлыг нь дэмжинэ. Үнэ­хээр шүүмжлэлтэй хандах зүйлүүд дээр өөр байр суурьтай байна л гэсэн үг. 

-УИХ-ын гишүүн сай­дын албыг давхар ха­шихгүй гэдэг утгатай хуулийн төсөл орж ир­сэн ч эцэслэн баталж чадсангүй. Танай на­мын­хан ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын байр суурийг илэрхийлэх боломжгүй л дээ. Нам нэгдсэн байр суурьтай болоогүй байна. "Шударга ёс" эвслийн бүлэг дээр ч тодорхой байр суурь гаргаагүй байх. Гэх­дээ энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж, шийдэх ёстой. Зөвхөн Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж бо­лохгүй гэвэл сөрөг зүйлүүд ч гарч ирнэ. Одоогийн байдлаараа явлаа ч сөрөг тал бий.  Тэр бүхний тэнц­вэрийг  олж, зохистой харь­цааг нь хангах ёстой. Энэ нь УИХ-ын шийдэх ёстой асуудал. 

-Танай намаас УИХ-ын гишүүн бөгөөд сай­дын албатай хоёр хүн бий. Хэрэв энэ хууль одооноос хэрэгжээд эхэлбэл дараагийн эмх­лэгдэх Засгийн газарт МАХН-аас хэн хэн орох бол гэсэн таамгууд яваад байна.  Н.Энхбаяр нь Шадар сайд болбол Г.Шийлэгдамба, Ц.Ша­рав­дорж нарын нэр ч сайдын албан тушаал дээр  сонсогдож байх шиг байсан...

-Тэр мэдээллийг үзээ­гүй юм байна. Унших шаардлага ч байхгүй. Тийм зүйл үүсэх эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Тодорхойгүй зүйлдээ ач холбогдол өгөх нь утгагүй. УИХ-д суудалтай намууд хэлэлцээд өнөө­гийн байгаа төр засгаа тогтвортой байлгах чиг­лэлд шийдвэр гаргах болов уу гэдэгт итгэлтэй байна. 

-УИХ-ын Тамгын газ­рын дарга асан Ц.Ша­равдоржийн хамт  Б.Бат-Эрдэнэ гишүүн танай намд орно гэсэн мэдээ­лэл саяхан түгсэн. Гэвч өөрөө үгүйсгэлээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ц.Шаравдорж дарга бол манай туршлагатай парламентч, гавьяат хуульч, улс төрийн хувьд тодорхой байр суурьтай нийгэмд танигдсан нэр хүндтэй хүн. Тиймээс түү­нийг намын гишүүнчлэлээ сэргээгээд ирсэнд баяртай байгаа. Ц.Шаравдорж дар­га гишүүнчлэлээ сэр­гээх үедээ "улс орны сайн сайхны төлөө,  шударга ёсны төлөө МАХН-даа эргэн ирлээ" гэж хэлсэн нь манай намын мянга мян­ган гишүүдийн талархлыг хүлээсэн. Намын гишүүнч­лэлээ сэргээх асуудлаар Ц.Шаравдорж даргатай удаан хугацаанд ярилцаж, санал бодлоо солилцож  байсан учраас түүний  шийд­вэр гэнэтийнх бай­гаа­гүй. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд манай намд элсэх тухай албан ёсоор яригдаагүй. Надтай албан болоод хувийн журмаар харил­цахдаа энэ тухай мэдэг­дээгүй. Гэхдээ Б.Бат-эр­дэнэ гишүүнд МАХН-д надаас өөр хувийн харил­цаатай хүмүүс бий. Тэдэн­тэй чухам ямар байдлаар асуудлыг ярьж байсныг мэдэхгүй юм. Ямар ч бай­сан түүнийг манайд намд элсэх нь гэсэн мэдээлэл гарсны дараа үнэхээр хүрээд ирж магадгүй гэсэн хүлээлт байсан. Гэвч өөрөө үгүйсгэлээ. Чухам юу болсныг хэлж мэдэхгүй юм.       

-Ц.Шаравдорж даргын МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл нэг хэсэг явлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ерөнхий нарийн бичгийн дар­гын асуудлыг Бага чуулганы хурал­даанаар  шийдвэрлэдэг. МАХН-ын Их чуулган тодорхой хугацааны дараа хуралдаж, шинэ Бага чуул­ганаа байгуулна.  Тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга болоод намын удирдлагын асуудлууд яригд­даг. Энэ үеэр хэн ч эдгээр албан тушаалд нэрээ дэвшүүлж, өрсөлдөх боломжтой. Харин Ц.Ша­рав­дорж гишүүнийг манайд орж ирэх үеэр ийм асуудал яриг­даагүй шүү. 

-Ер нь намын удирдлагуудаа солих хугацаа нь болчихсон юм уу?

-Их чуулганаар бага чуулганыг шинээр бүрдүүлсний дараа гар­цаагүй яригдах асуудал мөн л дөө.

-Танд ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа үргэлжлүүлээд хийх сонирхол байгаа биз дээ?

-Манай намын удирдлагын асуу­дал бидэнд тулгамдсан зүйл биш. Намын Их чуулганаар удирд­лагуудын асуудлыг хэлэлцэх ч гэлээ заавал өөрчлөх асуудал яригдах албагүй. Шаардлагатай бол ярина. Шаардлагагүй бол удирдлагууд нь үргэлжлүүлэн  ажиллаад явж болдог.

-Намын Их чуулганаа дөрөв­дүгээр сард хийхээр болсон бил үү?

-Уг нь тэгж төлөвлөж байсан боловч сая Солонгост очиж ярил­цаад хойшлуулсан. Их чуулганаа хэзээ хийх нь тодорхойгүй байна. Хөдөө орон нутгаар явж шударга ёсны аянаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ч Их чуулганд намын дарга өөрөө илтгэл тавьж хэлэл­цүүлдэг ёстой. Гэвч намын даргын эрүүл мэндтэй холбоотойгоор Их чуулганыг түр хойшлууллаа.

-Тэгэхээр танай намын дарга Н.Энхбаяр лав дөрөвдүгээр сар гартал ирэхгүй нь ээ?

-Тэгж ойлгож болох нь.

-Намайг байхгүйд Их чуул­ганаа хийх тов гаргасан байна гэдэг зэмлэл хүртээ юу гэж бо­догд­лоо. Ер нь намын даргаа эзгүйд хуралдахаар Их чуулганаа дөрөвдүгээр сард хийнэ гэж тогтсон байжээ?


-Бид яг дөрөвдүгээр сард хурлаа хийнэ гэсэн тов гаргаагүй шүү дээ. Намын даргаас шүүмжлэл хүртэх тухайд байлгүй яахав. Намын дар­гатай уулзах үеэр инээдэм, нар­гиантай нөхөрсөг ёсны халуун дулаан яриа өрнөдөг. Үүний хажуу­гаар мэдээж шүүмжлэл байна.