МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.01.27

Н.Энхбаяр ахмадууддаа бэлэг явуулжээ

МАХН-ынхан ахмад гишүүдээ хүлээн авч уулзжээ. Удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан намын дарга Н.Энхбаяр жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад гишүүдээ хүлээн авч уулзаж, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.

Энэ удаад МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар төлөөлөл болон ахмад гишүүддээ бэлэг гардуулсан байна.  Уг гарын бэлэгт тавгийн идээ, хүндлэлийн дээд цагаан хадгийг 80-аас дээш насны 25 ахмад гишүүдэд гардуулсан бөгөөд уг арга хэмжээг МАХН-ын дэргэдэх Ахмадын холбоо зохион байгуулсан юм.

Энэ үеэр Д.Тэрбишдагва “МАХН нэрээ дахин сэргээж авсанаас хойш хэд хэдэн сонгуульд амжилттай оролцож, улам өргөжин тэлж байна. Бидний амжилттай явж байгаад ахмад гишүүд та бүхний минь хүч хөдөлмөр, үнэт сургааль юунаас ч илүү хэрэгтэй. Тиймээс та бүхэндээ талархал илэрхийлж намын дарга Н.Энхбаярын гарын бэлгийг гардуулж байна” хэмээн ярьсан юм.

Харин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр “Бид энэ намынхаа төлөө хүчин зүтгэж ирсэн. Одоо ч зүтгэхэд бэлэн байна. Н.Энхбаяр даргынхаа үйл хэрэгт ахмадууд бид аль болох нэмэр тус болж хамтран зүтгэхдээ хэзээд баяртай байна” хэмээн хэлсэн юм.

МАХН сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн бүх дүүрэгт амьдарч байгаа ахмад гишүүддээ гарын бэлэг гардуулах юм байна.