Г.Баярсайхан: Бүх насаараа УИХ-ын гишүүн явах юм шиг байж болохгүй...
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар С.Эрдэнэ нарын нэр бүхий долоон гишүүний санаачилсан “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.
Тус хуулийг хуралдаанд оролцсон УИХ-ын нийт гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр үндсэн болон туслах байнгын хороодод хуулийн төслийг шилжүүлсэн юм.
-Та бүгдийн санаачилсан “Хамтын тэтгвэрийн тухай хуулийн төсөл” УИХ-ын хуралдаанд оролцогч нийт гишүүдийн олонхийн саналаар цаашид хэлэлцэгдэхээр дэмжлэг авлаа. Үүнээс яриагаа эхлэе?
-АН ард иргэдэд эрх чөлөөг өгсөн. Үг хэлэх эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөө, улс төрийн нам, хөдөлгөөн байгуулах эрх чөлөө, төрийн дээд эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөллөө илгээх чөлөөт сонгуулийн эрх чөлөө зэргийг өгч чадсан нам юм. Тиймээс АН-ын зүгээс монголын ард түмэндээ цаашид өгч чадах олон сайхан зүйлийн нэг бол “Хамтын тэтгэврийн тухай хууль” юм гэж онцлон хэлмээр байна. Учир нь “Хамтын тэтгэврийн тухай хууль” дахин хэлэхэд та бидэнд олгогдсон эрх чөлөөнүүдэд эн зэрэгцэж очих хэмжээний том хууль юм. Ер нь тэтгвэрийн даатгалын санд хуримтлагдаж байгаа мөнгө ард иргэдийн, тухайн хувь хүний өмч. Тухайн хувь хүн өмчөө гэр бүлийнхээ хүнтэйгээ хамт эзэмшээд явах эрхтэй.
-“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх явцад багагүй маргаан, шүүмжлэл өрнөсөн. Зарим улс төрчид популизм руугаа буцаж байна, халамжийн хууль нэгээр нэмэгдэх нь хэмээн дургүйцэж байсан?
-Аливаа сонгууль болохоор улс төрийн намууд популизм маягийн улс төр их хийдэг. Энэ байдлаа цаашид улс төрийн хүчнүүд зогсооё гэж тохиролцсон. Гэхдээ улс орны зайлшгүй шаардлагатай зүйл дээр популизм байхыг үгүйсгэх аргагүй. Тэр ч утгаараа хүмүүнлэг талаасаа бодсон ч “бурхан болооч”-ийн амьд сэрүүндээ авч байсан тэтгэврийн тодорхой хувь хэмжээг эхнэр, нөхөр нь үргэлжлүүлэн хүртэх эрхтэй. Энэхүү хууль нь ардчилсан чиг баримжаатай, чөлөөт сонгуультай, эрх чөлөөтэй улс орнуудад хэдийн хэрэгжээд үр дүнгээ өгчихсөн.
Харин хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогыг би дэмжихгүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай нийгмийн зорилтот бүлгийнхэнд хандсан бодлогоо орхиж болохгүй. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэй, өвчин зовлонд нэрвэгдсэн иргэд гэх мэт нийгмийн гадуур орхиж болохгүй иргэдээ бид мартаж болохгүй юм.
-Хөгжлийн бодлогод нийцсэн хууль биш, ард түмэнд таалагдах гэсэн хууль хэд ихээр хэлэлцэгдэн, батлагдах боллоо гэх шүүмжлэгчид багаггүй байх шиг байна?
Бидэнд ард түмэнд таалагдах гэсэн популизм маягийн хууль нэг ч байхгүй.
-Бидэнд ард түмэнд таалагдах гэсэн популизм маягийн хууль нэг ч байхгүй. Тухайлбал, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн хувьд алтны татвар бууруулсан нь эдийн засгийн либерал бодлогыг дэмжсэн хэрэг юм. Бүгдэд нь өндөр татвар оноочихоор хулгай, нууц байдалд шилжээд байна. Энэ байдлыг ил тод болгох л гэж энэхүү хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Хууль хэрэгжснээр монголын алт монголдоо үлддэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл монголын эдийн засагт үржил шимээ өгөхүйц хууль болсон гэж би ойлгож байгаа. Хэрэв хулгайн байдлаар алтыг гадагш гаргах гэж оролдох юм бол эрүүгийн хариуцлагад татахаар заасан.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эрх баригчид өөрт таалагдсан хуулиа хэлэлцээд, МАН-аас өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй байна” хэмээн хатуухан үг шидээд амжсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Нэгэнт шалгалтад бүдрээд унасан юм бол сөрөг хүчин шиг байж чадах хэрэгтэй. Юм болгонд намайг гадуурхлаа, бидний хуулийг хэлэлцсэнгүй гээд яриад байх нь зохисгүй л дээ. Хуулийн төсөл бүхэн өөрийн гэсэн дэгийн дагуу эрэмбэ дарааллаараа орж ирэн хэлэлцэгдэж байна. МАН өөрсдийгөө үндэсний хэмжээний нам гээд ярих их дуртай. Тийм л юм бол бас чиг зангарагтай байх хэрэгтэй. Юм болгон дээр гонгиноод байж болохгүй л дээ.
“Хамтын тэтгэврийн тухай хууль” нь өөрөө засгийн газрын саналыг авахгүйгээр ороод ирсэн нь МАН-ын хувьд улс төр хийх сайхан өгөөш болсон гэх яриа байна?
“УИХ-ын дэгийн тухай хууль”-д тодорхой байдаг шүү д ээ. Аливаа хуулийн төсөлд Засгийн газар 30 хоногийн дотор саналаа өгөх хуулийн заалттай. Хэрэв саналаа өгөөгүй байх юм бол агуулгын хувьд “зөвшөөрч” байна гэж үзэх ёстой. Монгол улсын төрийн механизм өнөөдөр хэвийн ажиллаж байгаа учраас хууль санаачлагчид “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг хуулийн дагуу УИХ-д өргөн барьсан. Ер нь яагаад монгол хүн хань ижлийнхээ гэрээслэн үлдээсэн өмчийг үргэлжлүүлэн хүртээд явж болдоггүй юм.
Нэгэн насныхаа амьдралын зовлон, жаргалыг хамтдаа элээсэн гэр бүлийн гишүүн эхнэр, нөхрийнхөө тэтгэврийг үргэлжлүүлэн хүртэхэд нь хэн дургүйцээд байгаа юм. Аль улс төрийн хүчин Монголын ард түмнийхээ эсрэг яваад байгаа юм. Монгол түмнийхээ “ард” гэдэг нэрийг намынхаа нэрэнд шингээж авсан МАН өнөөдөр яагаад хань ижлийнхээ үлдээсэн буянг эдлэе гэхээр дургүйцээд байгаа юм. Энэ бол ард түмний нам биш, ард түмнийхээ эсрэг явдаг нам юм байна гэж би хувьдаа харж байна. Энэ талаар хэлэлцэгдэж буй хуультай холбогдуулан МАН өөрсдийнхөө албан ёсны байр сууриа цагаан сарын өмнө илэрхийлэх ёстой.
-УИХ-ын гишүүний хувьд энэхүү хуулиас чухам юу хүлээж харж байгаа вэ?
Хэрэв “Хамтын тэтгэврийн тухай хууль” УИХ-аас батлагдах юм бол шударга ёс яллаа гэж харж болно.
-Хэрэв “Хамтын тэтгэврийн тухай хууль” УИХ-аас батлагдах юм бол шударга ёс яллаа гэж харж болно. Учир нь АН ард түмнийхээ өмнө хүмүүнлэг, ардчилсан байж чадаж байгааг түмэн олон өөр өөрийнхөөрөө харж чадна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн монгол гэр бүлийн үнэт зүйлийг бид энэхүү хуулиараа илүү бат бөх болгож байгаа нь өөрөө агуулгын хувьд нэн чухал ач холбогдолтой хууль юм.
-УИХ дахь МАН-ын бүлэг “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл” дээр завсарлага авлаа. УИХ-ын дарга З.Энхболд ажлын таван өдрөөр МАН-ын бүлэгт завсарлага өгчихлөө шүү дээ?
-Харин тийм, завсарлага авч байна лээ. Монголын ард түмэн тодорхой харж байгаа шүү дээ. “Ардын” гэдэг нэрийг нь зээлдэж авчихаад ичих ч үгүй ард түмнийхээ эсрэг яваад байгаа МАН цагаан сарын өмнө өөрсдөө нэг зүйл ярих байлгүй дээ. Хэн нь хэн бэ гэдэг “маск” нь хуулагдлаа шүү дээ. Тэгээд ч тэтгэврийн даатгалын санд сүйдтэй хүндрэл учрахгүй гэж би хувьдаа харж байгаа. Учир нь тухайн хүн амьд байсан бол тэтгэврээ гэр бүлийнхээ гишүүнийхээ хамт аваад л явж байна биздээ.
-Тэтгэврийн хувийг хуулийн төсөл дээр 70 хувь гэсэн. Энэ нь хэр судалгаатай, бодиттой тоо вэ?
-Ер нь 70 хувь байсан ч болохгүй нь юу байгаа юм. Би бүх зүйлийг гэгээтэй сайхнаар, өөдрөгөөр харж байгаа. Өндөр настан ахмадууд маань урт удаан хугацаанд хамт сайхан амьдраасай. Хэн нэг гэр бүлийн гишүүн нь өөд боллоо гэхэд үлдсэн нь хань ижлийнхээ үлдээсэн буян хишгийг нь мөн хүртээд, амьдралдаа нэмэртэй сайхан амьдраасай гэж хүсч харж байна. Монгол Улсын маань эдийн засаг тун удахгүй сайжирч, хүчирхэгжинэ гэдэгт би итгэлтэй байдаг. Өнөөдрийн бэрхшээл бол цаг зуурын саад. Бид үүнийг даваад гарч чадна.
-Удахгүй УИХ-ын ээлжит чуулган завсарлана. Тиймээс та бүгдийн өргөн барьсан “Хамтын тэтгэврийн тухай хууль” ойрын өдрүүдэд амжаад батлагдчих болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Би нэг л зүйлийг хэлмээр байна. Настан буурал, ахмадуудтай холбоотой асуудал яригдаж байгаа энэ үед ахмадын нэрээр улс төр битгий хийгээсэй. УИХ-ын гишүүд бид бүгдээрээ л Монгол Улсын иргэн, ээж, аав, эмээ, өвөөтэй хүмүүс. Бид өөрсдөө нэг л өдөр тэднийхээ нэгэн адил ахмад болно. Бид асуудалд хандахдаа бүхнийг өнөөдрөөр сэтгэж, эсвэл бүх насаараа УИХ-ын гишүүн явах юм шиг байж болохгүй.